Categories
мэдээ цаг-үе

Ш.Сайхансамбуу: Мөнхөд сонгогддог нөхдүүд энэ парламентад шившиг болтлоо суулаа шүү дээ

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

Сүүлийн үед юу хийж байна вэ?

-Бизнесээ л хийж байна даа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулчихлаа.Улс төрийн энэ нөхцөл байдлыг хөндлөнгөөс хараад ямар дүгнэлт хийж суугаа бол?

-Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол энэ байдал үргэлжилсээр л байх биз дээ.Өнөөдрийн Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч нь илүү эрх мэдэлтэй ч юм шиг. Эсвэл УИХ нь засгаа бариад ч байгаа юм шиг. Засгийн газар нь төрөө удирдаад байгаа ч юм шиг. Нөгөө талдаа шүүх эрх мэдэл нь бүхнээс дээгүүр ч юм шиг нэг ийм л дөрвөн толгойтой тогтолцоо үйлчлээд байна шүү дээ. Хэн нь хэнийгээ даргалаад байгаа юм бүү мэд.Энэ нь өөрөө улс төрийн болоод засаглалын хямралыг бий болгоод байх шиг байна. Парламентад сууж байгаа нөхдүүдийг хараад байхад нэг л зүйл илт байна. УИХ-ын гишүүн гэдэг сэтрээ тоохоо байгаад цөм Ерөнхий сайд болох гэж улайрцгаадагболжээ. Үүнээсээ болоод л засаг төрөө огцруулж, улс болж тоглоцгоодог болсон юм уу даа. Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсч байгаа хүн алга. Н.Энхбаярын үед арай л өөр байж. Олонхийг бүрдүүлж байгаа намын гишүүд нь ямар ч удирдлага байхгүй, том толгойтой хүмүүс. Ийм хүмүүс яаж ч төр авч явах билээ. Ийм л дүр зураг харагдаж байна.

Н.Энхбаярын үед нэг хүний дарангуйлал байсан гэж шүүмжилцгээдэг биз дээ?

-Дарангуйлал тогтооно гэсэн үг биш л дээ. АН-ынхныг хараач дээ. Хөл толгойгүй, хэнийхээ ч үгэнд орохоо байлаа. Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газар үнэхээр муу ажилласан нь бас үнэн. Ер нь АН олонхи болж төр, засгийг бүрдүүлэхээсээ эхлээд хууль зөрчөөд эхэлсэн шүү дээ. Нүүрсээ 70 ам.доллараар худалдахаар тохирсон “Чалко”-гийн гэрээг өөрчилснөөр энэ Засгийн газар маш том нүгэл үйлдсэн дээ. Одоо бид нүүрсээ 30 гаруйхан ам.доллараар худалдаад сууж байна. Бондын мөнгийг шал дэмий үрэн таран хийлээ.

Нэг хүнийг нөгөөгөөр солиод ямар нэмэртэй юм бол. АН-ынхан дараагийн Засгийн газрыг огцруулах гэж үзнэ. Ингээд1996-2000 оны гашуун түүх давтагдаж магадгүй болчихлоо. Тэгвэл ард түмэнд л хохиролтой юм болох байх…

-Энэ асуудал дээр харин би өөр бодолтой явдаг хүн. Засгийн газар солигдлоо гээд муудах юм байхгүй л дээ. Гадны улс орнуудад энэ бол хэвийн үзэгдэл байдгийг тэртэй тэргүй хүмүүс мэднэ. Япон яаж байна, сайд нарнь хариуцлага хүлээгээд хоёр, гурваараа огцорч л байдаг. Тэглээ гээд улс нь дампуурч байгаа юм алга. Ажил нь хэвийн үргэлжилдгээрээ явж байна.1996-2000 онд олон Засгийн газар огцрууллаа гээд Монгол Улс дампуурчихаагүй л байна шүү дээ. 1990 оноос хойш Монголын ард түмэн өөрөө өөрсдийгөө зогоож, өдөр хоног өнгөрсөөр л өнөөдөртэй золгосон. Түүнээс биш засаг төр гайхамшигтай туслалцаа үзүүлээд амьдралыг сэв хийтэл өргөчихсөн юм байхгүй биз дээ. Тийм юм чинь засаг солигдож л байг, амьдрал үргэлжилсээр л байна. Ардын нам ч гэсэн С.Баярыг С.Батболдоор солиод явж болжбайсан биз дээ.Үнэхээр явуулж байгаа бодлого нь тааруу байвал тэр хүнийг солиод дараагийнхад нь ажлыг нь шилжүүлэх нь зүйн хэрэг.Адаглаад ажилд ахиц гарна шүү дээ. Гэхдээ өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайд хийчих мэдрэмжтэй хүн харагдахгүй байна.

Харин Засгийн газраас илүү УИХ бужигнаад эхэлбэл аюултай шүү.

Ер нь Монголын бизнесийн орчин өнөөдөр ямар байна вэ. Та нарт яаж мэдрэгдэж байх юм?

-Эдийн засаг хямралтай байна шүү дээ. Ялангуяа нийгмийн дунд болон түүнээс доош давхаргынханд энэ хүндрэлилүүтэй тусч байна. Хөдөө, хотгүй иргэдийн амьдралдордлоо.Мэдээж энэ нь төрийн буруу зохицуулалт, болхи бодлогоос үүдэлтэй. Дээрээс нь валютын ханшийн өсөлтөөс болж хүндрэл үүсч байна. Энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайдтай энэ чигээрээ яваад байвалирэх жил гэхэд бүр ч дордоно.Өнөөдөр өчнөөн хүн эхлүүлсэн бизнесээ зогсоож байна. Бизнес эрхлэх боломж улам л хумигдсаар байх юм. Төрийн дунд шатныхны хүнд сурталбизнес хийхэд ихээхэн төвөг чирэгдэл учруулж байна шүү дээ.

Ялангуяа таны бизнест яаж нөлөөлж байна вэ?

-Манай “Нарантуул”-ын худалдаачид үнэхээр хямралд нэрвэгдэж байна. Зарим нь бараандаа явж чадахгүйд хүрлээ.Юанийн ханш өсчихсөн учраас наймаачид ашиг олохын тулдолж ирсэн барааныхаа үнийг яалт ч үгүй нэмэх шаардлага гарч байна. Гэвч тэр нь ард түмэнд хүндээр тусч байх жишээтэй. Дээрээс нь гүйлгээ муу, худалдан авагч хомсдож байна. Энэ маягаар хүндрэл их байна. Сүүлд сонсох нь ээТаван толгойн зүүн Цанхийн олборлолт түр зогслоо гэж дуулдсан.Тэгвэл Монголын эдийн засгийн байдал улам л дордох нь. Монголын компаниуд дампуурал руу ойртлоо гэсэн үг.

Танд “Нарантуул”-аас өөр бизнес байгаа биз дээ?

-Занар олборлох гээд яваад байна. Энэ талаар уулзаагүй хүн, очоогүй газар алга. Эрдмийн зэрэг хамгаалсан ч болохоор байна.

Занараас шатахуун гаргаж авах гээд байна уу?

-Тийм. Манайхан хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авна гэдэг юм. Тэрийг бодвол арай хямд төсөр юм уу даа.

Ажил ямар шатандаа яваа вэ?

-Техник эдийн засгийн үндэслэлээ хийчихсэн. Хөрөнгө мөнгөө босгож байна. Ирэх хавраас ажлаа эхэлчих санаатай.

Хаанаас занаролборлох гэж байгаа юм бэ?

-Говиос. Ер нь манай занарын нөөц Монголын зүүн өмнөд хэсгээр говь талдаа их байдаг юм. Урт нэртэй хуульд хамаарахгүй гэдгээрээ давуу юм даа. Сүүлийн үеийн Герман, Финландын хуурай аргаар боловсруулахтехнологиуд нэвтэрч байгаа.

Тэр технологиудыг ашиглаж байгаа юм уу?

-Тийм. Байгаль орчинд үзүүлэх хор нөлөө бага юм билээ.Аль болох байгалиа сөнөөчихгүй, тэрүүхэндээ цэвэр цэмцгэр үйлдвэр барьчих санаатай ажиллаж байна. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй яриад юу хийхэв.

Нефть нэрээд эхэлбэл түүн шиг хэрэгтэй юм байхгүй л дээ?

-Тэгэлгүй яахав. Дотоодынхоо шатахууны хэрэгцээг хангах юм сан гэдэг зорилготой л явж байна.

Та цэвэр өөрийнхөө хөрөнгөөр хийж байгаа юу?

-Төр ямар юмаараа мөнгө өгөх юм бэ.

Ямар нэгэн ашигтай юм гараад ирэхээр төр хувь эзэмшинэ гээд эхлэх юм байна шүү дээ?

-Хэрэв тэгвэл шууд дампуурна л даа.

Гэхдээ Оюу толгойгоос Монголын эзэмших хувь их байх ёстой гэдэг хэрнээ өөр дээр нь тулаад ирэхээр өөр юм ярилаа гэх вий дээ, таныг?

-Үндэснийх нь компани юм хийе, улсдаа орлого оруулъя, иргэдээ ажилтай, орлоготой болгоё,эх орноо нефтийн хараат байдлаас гаргая гээд зүтгэж байна шүү дээ. Бид ямар олборлосон бүтээгдэхүүнээ гадагшаа аваад явчих биш.Монголдоо хөрөнгө оруулалт хийх гэж байна. Аль болох Монголдоо наалдацтай ажил хийнэ. Оюу толгой бол өөр асуудал. Би ямар тэдэн шиг гадаадад мөнгөө байршуулна гэх биш.

Өнгөрсөн зун манайд хоёр хөршийн дарга айлчиллаа. Улс орны хөгжилд их тус нэмэр болно гэж ярьцгаагаадбайна. Та ямар бодолтой байгаа вэ?

-Хэзээнийл тэгж хөөрцөглөдөг байсан шүү дээ.Дэлхий Монголыгүнэлж байна, биднийг шагшиж байна даа л гэдэг юм. Гэвч үр дүн ньхаана ч мэдрэгддэг юм, тэгсгээдөнгөрдөг шүү дээ. Өнөөдөр хоёр хөршийн дарга ирлээгэнэ. Ялгаагүй, ямар ч үр дүн алга. Хятадын дарга, Оросын Ерөнхийлөгч их сайхан юм ярилаа гээд хөл нь газар хүрэхгүй байцгаах юм.Гэтэл сая Хятад улс нүүрснийхээ татварыг нэмчихлээ. Манай нүүрс олборлогчид үгээ хэлж байна. Хоёр хөршийн дарга манайд ирсэн нь сайн хэрэг. Үүнийг үгүйсгэхгүй.Гэхдээ яриад, хэлээд байгаа зүйлүүдийг ньажил хэрэг болгохгүй бол ямар хэрэг байх юм. Дипломат яриа хийгээд явсных нь төлөө магнайгаа хагарталбаярлаад байх хэрэг алга. Манайхаар хийн хоолой дамжуулах боломж бий гээд дарга нар гүйгээд байсан.Гэтэл сая УИХ-ын дарга З.Энхболдыг очиход “Уучлаарай манайх бүх асуудлаа шийдчихсэн. Та нар оройтчихлоо” гэсэн байна лээ. Ийм л байна шүү дээ.

-2016 оны сонгууль ойртчихлоо. Таныг дүүгээ Ардын намаас нэр дэвшүүлэхээр сойж байгаа тухай мэдээлэл яваад байх юм?

-Харин хүмүүс тэгж яриад байх юм. Надад мэдсэн юм алга. Манай дүү ч надад хэлээгүй.Бихувьдаа нэр дэвшинэ гэсэн бодолтой сууж байгаа шүү дээ. Гэхдээ Сонгуулийн хууль яаж гарахыг харна л даа. Ер нь бол надад хоёр ч батлах байна. Нэг нь 1989 онд МАХН-аас авсан батлах. Сүүлд манай нам Ардын нам гэдэг нэртэй боллоо шүү гээд нэг батлах өгсөн. Тэр нь байж л байна. Тэгж ярих юм бол 1990 оны Ардчилсан холбооны гишүүн ч гэж явдаг.Тэгэхээр хаанаас ч нэр дэвшиж болох юм байна гэж бодоод байгаа шүү.

Таны оронд дүүг чинь сонгож байгаа юм болов уу?

-Тийм л юм байлгүй. Ер нь УИХ-ын гишүүн болсон ч яалаа болоогүй ч яалаа. Хэрэв УИХ-ын гишүүн болох өвчин тусаад, улайраад зүтгэсэн бол 2012 онд гараад л ирэх байсан шүү дээ. Гэвч тийм сонирхол байгаагүй. Ер нь УИХ гэж олж хишиг тараадаг, өглөгийн газар гэж хүмүүс ойлгоод зүтгээд байдаг юм шиг байна. Бараг гишүүн болохын төлөө эхнэр хүүхдээ ч золиослоход бэлэн байх юм. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай учраас тэр их шуналынхаа хариуг хүртэж, нэг л өдөр тэр хүмүүс зохих ёсны цээрлэлээ хүлээнэ дээ. Иргэдийнхээ төлөө явна гээд тангараг өргөөд туганд мөргөөд байсан хаа байна.МАН, АН-ын алинд нь чүзэл баримтлал гэж алга.Тараана, булаана, дээрэмдэж авна, шоронд хийнэ, цагдана л гэцгээсэн хүмүүс байх юм. Үнэндээ өнөөдөрбизнесийнхэн ямар засаг төр гарна тэдний ая талыг харж ажиллахаас өөр аргагүй ийм цаг үе ирчихсэн байна шүү дээ. Ямар ч төлөвшил алга.Ардчилал байлгүй яахав, гэхдээ хэрээсээ хэтэрвэл хөлд нь ард түмэн л чирэгдэнэ шүү дээ. Үүнийг бодож ажиллаасай.

Танай дүү МАН-аас дэвшвэлта бие даах уу. Эсвэл…

-Манай дүү Ардын намтай юу ярьсан юм бүү мэд. Миний хувьд Ардын намаас үндсэндээ хөөгдөөд удаж байна. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшүүлээгүй. Нийслэлийн намын хорооны дэд дарга байсан чинь хасаад хаячихсан байна лээ. Одоо ер нь нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь ээ.

Юу билээ?

-УИХ-д олон жил шигдээд салж өгдөггүй хэдэн хүн байна аа.Бүгд нэг арга барилтай, хэн нь хэнээсээ ялгагдахгүй нөхдүүд яаж улс орныг хөгжүүлэх юм бэ. Тэд “Ю.Цэдэнбал дарга 44 жил ноёрхсон” гэж дэмий ярьцгаадаг юм. Тэгсэн хэрнээ өөрсдөө өнөөдөр бараг 24 жил энэ төрийн толгойд ээлжгүй сууцгаалаа шүү. Медаль аваагүй, гавьяат болоогүй хүн энэ парламентад цөөхөн. Намайг парламентад байх дөрвөн жилийн хугацаанд наадуул чинь “гавьяат улстөрч” гэдэг цол бий болгоё гэж ярьцгааж байсан гээд л бод.

Хараад байхадаль ч парламентын үедшударга дуугардаг тав зургаахан хүн байдаг юм. Харамсалтай нь хавчиж хяхуулсаар байгаад дараагийн сонгууль гэхэд элс рүү цацсан ус шиг алга болцгоодог л доо. Харин мөнхөд сонгогдож байдаг хэдэн нөхөр бий. Нүдэнд эвэр ургатал сонгогдох юм. Манай Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж багш, Д.Дэмбэрэл, Ц.Нямдоржэнэ тэр болимоор юм. Шившиг болтлоо суулаа шүү дээ. Саарал ордноос гарвал үхчих гээд байгаа юм шиг л байх юм. Хааяа гарч салхилах хэрэгтэй. Ард түмний амьдрал хэцүү байна. Тэр гэр хорооллоор яваад үзээсэй. Гэтэл өөрсдийнх нь талаар шүүмжлэл хэлсэн хүнийг элдэв янзаар элдэвлээд сууж байна. Ийм нөхдүүдАН, МАН гэлтгүй аль алинд нь олон байна.Ард түмэн одоо зөв сонголт хийж, зөв хүмүүсээ гаргах цаг болжээ.Эдийн засаг хүндрээд хямраад ирэхээр ард түмэн “За та нарыг 2016 онддахиж сонгохгүй ээ” гээд цөхрөнгөө барж л байна. Гэвч сонгууль тулаад ирэхээрсурталчилгаанд нь тархиа угаалгаад нөгөө хэдийгээ л сонгочих нь доо.Түүнээс биш шинэ залуу, сийрэг тархитай, шинэ арга барилтай хүмүүст боломж олгомоор юм. Парламентын гишүүд чинь камер харахаараа бие биетэйгээ өстөн дайсан мэт үзэлцэж, өрсөлдөөд байгаа юм шиг жүжиг тоглоно.Камераас далдуур бүгд халаас нэг, найз нөхдүүд болчихдог. Даанч үүнийг ньард түмэн ойлгохгүй юм даа.Парламентад шударга дуугардаг хүмүүс нь цөөдөөд байна. Ж.Батзандангаас эхлээд дуугарсан ганц нэгийг нь намаас хөөнө гээд уналаа.

Үнэхээр шударга учраас дуугараад байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй.Албан тушаалын төлөө шударга царайлдаг ч юм бил үү?

-Магадгүй л юм. Гэхдээ үнэн ч бай,худлаа ч байшүүмжлэл өрнүүлж байх хэрэгтэй. Огт шүүмжлэлгүй байна гэвэл энэ төр чинь юу болох юм бэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *