Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ш.Мөнгөнбаатар: Улсын цол авч чадалгүй үлдэх вий гэсэн айдас надад хэзээ ч төрж байгаагүй

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Шарын Мөнгөнбаатартай ярилцлаа.


-Монгол бөхөд сэтгэлтэй олон ч хүний хүлээлтийг тайлж улсын харцага цол хүртсэн танд баяр хүргэе. М.Өсөхбаяр зааныг давчихаад эргэхэд цэнгэлдэх даяар шуугиад ирж байсан?

-Улсын цолны төлөө олон жил зүтгэлээ. Анх 2003 онд “Аварга” сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Сүхбаатар аймгийн наадамд түрүүлснээс хойш улсын наадамдаа тасралтгүй 14 жил барилдсан байна. Багагүй хугацаанд аймгийн цолтой зодоглосон болохоор ч тэр үү, бөхөд сэтгэлтэй хэн бүхэн “Энэ маань улсын цол авчихаасай” гэсэн бодолтой явдаг байсан л даа. Тэр итгэлийг нь биелүүлж Монгол Улсын харцага гэх эрхэм цолд хүрсэндээ баярлаж явна даа.

-14 жил гэдэг их хугацаа шүү. Олон ч наадмаас нулимстай, сэтгэл дундуур харьсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэлээ ном журмын дагуу хийгээд зүтгээд л байдаг, наадмаар оноолтын даваанд тахим өгнө. Хоёрын даваанд гэхэд л адилхан улсын цолны төлөө зүтгэж байгаа аймгийн арслантай нугарна. Дөрвийн даваанд дээгүүр барилдах тааварт байгаа харцага, заануудтай таарна. Зорилгодоо хүрэлгүй элэг бүсээ тайлаад эргэхэд дотор харанхуйлаад эвгүй байдаг шүү.

-Өнөө жил хоёрын даваанд Н.Баярбаатартай оноолт таарсан. Барилдаан удаашраад шоо шидээд бас л эгзэгтэй барилдаан болсон шүү?

-Хоёрын давааны оноолт хатуу таарсан шүү. Сэлэнгийн Н.Баярбаатар гэж арал, бяртай дүүтэй хүнд барилдаан хийсэн. Шодоход нөгөөхийн маань талаар буугаад барилдаан яаж ч эргэж мэдэхээр байсан шүү. Биеэ суллаж үлдээд л дээр нь туссан даа.

-Гурвын даваанд тантай нэг үед гарч ирсэн хүчтэн Т.Санчир заан тунаанаас гаргаж байгаа харагдсан?

-Хоёрын даваанд хүнд барилдаан хийчихээд амьсгаагаа гүйцэд дараагүй цэнгэлдэхээс гарч байхад Т.Санчир найз маань дайралдаад “Өнөө жил найз нь чамайг тунаанаас гаргаж өгнө өө” гэж хэлчихээд яваад өгсөн. Эрчүүдийн олон жилийн нөхөрлөлийн үнэ цэнэ юм даа. Бид хоёр аймгийн арслангууд байхдаа л Бөхийн өргөөнд зэрэгцэж суучихаад л хоорондоо алдаа оноогоо зөвлөөд гарч барилддаг байсан. Т.Санчир маань намайг улсын цол хүртчихээсэй гэж их харж байсан юм билээ.

-Оноолтын даваанд өвдөг шороодох тун дургүй байсан О.Хангай харцагатай нугарсан. Энэ даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Наадмын өмнө амтай бүхэн л О.Хангай харцагыг түрүү бөхөөр нэрлэж байсан л даа. Бяртай, суурьтай түрүү бөхийн эрэмбэтэй сайхан бөх. Оноолтын даваанд арай ч О.Хангайтай таарна гэж тооцоогүй ээ. Эрэмбэ өндөр харцагуудтай л үзэх болов уу гэж бэлтгэл сургуулилтаа базаасан. Улсын цолтой бөх цөөхөн барилдсан учраас хурц арслангууд доошоо очиж таарсан. Хий гишгэлгүй зогсож байгаад барьц сонгоход нь шийдсэн мордоогоо даалгаад туг тойрсон доо. Сайн харцагатай таарлаа гээд сандарч тэвдээд байлгүй тайван барилдсан.

-Тавын даваанд өөртэй чинь нэг үед гарч ирсэн улсын заан М.Өсөхбаяр амласан. Цол бодож нервтсэн үү, гайгүй юу?

-Бид яг л нэг үед барилдаж гарч ирсэн залуучууд. Би өмнө улсын цолны даваанд босч байсан болохоор барилдаан бодож нервтэх нь гайгүй байсан л даа. Барилдаандаа төвлөрөөд л сайхан үзсэн.Үеийн маань сайхан бөхчүүд намайг дэмждэг, хэлдэг байсан л даа. С.Мөнхбат аварга гэхэд л “Одоо найз минь цол авахгүй бол болохгүй. Чи л үлдчихлээ шүү” гэж хэлж байсан удаатай. Харцага цолны даваанд Дорноговийн А.Цацабшир амласан. 2016 оны наадмын дөрвийн даваанд би өвдөг шороодож байсан болохоор энэ жил алдаагаа давтахгүй даагаа нэхнэ л гэж зорьж байлаа. Надаас гарах ямар бололцоо нөөц байна, тэрийгээ бүгдийг нь шавхаж барилдах зорилготой гарсан. Санасандаа хүртэл сайхан барилдаж туг тойрсон.

-Тав давчихаар сэтгэл хөөрөөд дараагийн даваанд нь барилдаанаа гаргаж чаддаггүй гэж бөхчүүд ярьдаг юм билээ. Таны хувьд?

-Дотроо бол их баярлалгүй яах вэ.Би сэтгэлийн хөөрөл багатай хүн л дээ. Баярласан ч гар, хөлөө өргөөд гүйгээд байхыг боддоггүй л дээ.

-Баяр наадмын бэлтгэлээ Ч.Санжаадамба аваргатай хамт базаасан гэж дуулсан?

Тийм ээ. Наадмын бэлтгэлээ аварга найзтайгаа Баянхангай гээд амралтын газар базаасан. Пүрэвдагва арслан, Бадарч харцага, Амарзаяа начин, Сугаржаргал начин гээд бараг 30-аад залуучууд хамт гарсан л даа. Архангайн голдуу гар хөл чангатай, энэ нь зөөлөн гэх юмгүй сайхан залуучуудтай бэлтгэлд гарсан нь үр ашгаа өгсөн болов уу. Хамт бэлтгэлээ базаасан бөхчүүд наадмаар сайн барилдсан шүү. Ч.Санжаадамба маань үзүүрлэсэн.

-Улсын харцага болоод нутагтаа очих мөн сайхан биз. Гэр бүлийнхэн тань сайхан хүлээж авсан байх?

-Тэгэлгүй яахав. Би чинь дөрвөн ах, хоёр эгчтэй, айлын бага. Аавыг маань Мижиддодгорын Шар, ээжийг минь Дарийн Дэнсмаа гэдэг. Одоо 80 гарсан сайхан буурлууд бий. Манай гэрийнхэн намайг цол авлаа гээд 2-3 хоног л найрласан гэнэ лээ. Би хотоос 19-нд очсон л доо. Явсаар шөнө очтол манайхан гэрийнхээ гадаа хивс дэвсээд машины гэрэл асаачихсан хоёр талаар нь эгнээд зогсчихсон халуун дотно сайхан хүлээж авсан шүү. Би чинь олон ах, эгч нартаа эрхэлж өссөн болохоор өөрийгөө их азтайд тооцдог. Бүх л зүйлд ах эгч нар маань надтай хамт байж тусалж, дэмждэгт үргэлж баярлаж явдаг. Төрж өссөн газраа очоод дүүрэн сайхан амьсгаа авах ч бас сайхан шүү.

-Өндөр настай аав тань хүүгийнхээ том цолонд хүрэхийг үзээд их баярласан байх?

-Манай аав ч дуу цөөтэй хүн л дээ. Очиход нэг их юм яриагүй. Манай нэг эгчийн хүү өвөө, эмээтэйгээ цуг байдаг юм. Тэгээд “Өвөө таныг начин болоход уйлаад байна лээ” гэж хэлнэ лээ. Хүүгээ том цол авахад их л баярлаа байлгүй дээ. Би ч дотроо “Аав, ээж хоёрын минь нас 80 давчихлаа. Мэндэд нь улсын цолонд хүрчихвэл жаахан ч гэсэн баярлах болов уу” гэж бодоод л явдаг байлаа. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг болохоор жаахан ч гэсэн сэтгэлийг нь тэнийлгэх гэсэндээ тэр л дээ.

-Та 2011 онд сар шинийн барилдаанд түрүүлснээр аймгийн цолтнуудад их урам зориг өгсөн гэж олон хүний амнаас сонсож байсан. Бага наадамд түрүүлж байсан үеэ эргээд дурсвал?

-2010 оны сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба аварга цэргийн арслан цолтойдоо, дараа жил нь би түрүүлж байсан түүхтэй. Бид хоёрыг залгаад л О.Хангай, Ж.Чулуунбат гээд аймгийн цолтнууд улсын цолтнуудаасаа бэргэлгүй сайхан барилдаж эхэлсэн дээ. Одоо хоёулаа цолоо ахиулсан байна. Сар шинийн барилдаанд сайн барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ наадмаар сайн барилддаг үзүүлэлт бий. Харин би тэр жил дөрвийн даваанд Сэлэнгийн улсын харцага Б.Одгэрэлийг аймгийн хурц арслан байхад нь хүч үзээд бараагүй.

-Бөхийн замд ямар зорилготой орж байсан бол?

-Ямар ч байсан улсын цол хүртэнэ гээд л битүүхэн боддог байлаа. Би 1998 онд жаахан хүү үндэсний бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотод ирж барилдаж байлаа. Тэр үеэр Монгол бөхийн өргөөний нээлтийн барилдаан болж таардаг юм. Сонирхоод өргөөгөөр ороход бүдүүн бүдүүн гуалин шиг бөхчүүд ноцолдохыг хараад айхавтар сүрдэж байсан минь санаанаас гардаггүй юм. Нэгэнт зорьж ирсэнийх гээд зодоглотол улсын харцага Н.Алтансүхийг хаячихдаг юм байна. Юугаа ч мэдэхгүй хөдөөний хүүхэд их хөөрч билээ. Харин дараагийн даваанд нь XX зууны манлай монгол бөх хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн аманд очиж өвдөглөж байлаа. Радиогоор л нэрийг нь сонсдог хүн өмнө зогсож байхад сонин л мэдрэмж төрдөг юм билээ. Үүнээс урам авч Б.Адьяахүү багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн дээ. Хааяа нэг өргөөнд гарна. 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмаар төрсөн 17 начинтай мөн ч олон барилдсан даа. Анх барилдаж эхэлж байхад аймгийн начин хүн л их том сүртэй харагддаг байлаа шүү дээ. Монгол бөхийн цол гэдэг үнэ цэнэтэй байсан л даа.

-Таны зүүн ташаанд олон хүн өртөж өвдөг шороодсоныг мэдэх юм. Хөмрөө мэхнийхээ талаар ярихгүй юу. Багаасаа л хөмөрдөг байв уу?

-Монгол хүний цусанд нь барилдах авьяас мэдрэмж байдаг. Ерөөсөө барилддаггүй хоёр хүнийг барилдуулахад нэг нь мэх хийдэг шүү дээ. Миний унаган мэх л дээ. Жаахан хүү барилддаг байхдаа л хөмөрдөг байсан. Би эгэл жирийн малчин уяачийн гэрт төрж өссөн. Ах нартайгаа ноцолдоно. Дийлэхгүй бол аавтайгаа хүртэл барилдана. Заавал давж байж л санаа амардаг байж билээ. Миний хувьд хөмрөөд өрсөлдөгчийнхөө доор нь орж байсан тохиолдол цөөхөн шүү. Барилдааны явцад өөрийн мэдэлгүй хөмөрчихдөг.

-Таны барилдааны онцлог юу вэ?

-Хүний хийсэн мэхэнд үлдэцтэй, уян хатан барилдаантай гэх юм уу даа. Хариулт мэх сайн хийнэ.

-Аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд олон түрүүлсэн байх, тоолж үзсэн үү?

-Арван гурав түрүүлж байсан. Дээрээс нь бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж байлаа. Хэд хэдэн удаа их шөвөгт шалгарсан даа.

-Өмнөх жилүүдийн унаануудаа эргээд бодоход ямар алдаа гаргасан байх юм?

-Гол төлөв дөрвийн даваанд л уначихаад байсан л даа. Оноолт ч хатуу таарна. Бэлтгэл таараагүйгээс ч тэр үү, ихэвчлэн барилдаанаа гаргаж чадахгүй унана. 2016 онд Дорнодын Анартай тунаж барилдахад бэлтгэл их сайн байсан. Тэгэхэд барилдаандаа гүйцэд төвлөрч чадаагүйгээс унасан л даа. Мөн 2009 онд гурвын даваанд Сэлэнгийн өндөр Баянмөнх начинтай тунаж унасан, дээшээ барилдахаар байсан ч болоогүй. 2015 онд Оюунболд арсланд унадаг жил бэлтгэл ханасан байсан ч түрүү бөхтэй таараад яаж ч чадаагүй. Энэ гурван жилд аятайхан үзчихээр боломжоо алдсан санагддаг. Болохгүй юм чинь болдоггүй л юм билээ.

-14 жилийн хугацаанд барилдаад доогуур даваанд өвдөг шороодоод байхад “Улсын цолгүй үлдчих вий” гэсэн бодол төрж байсан уу?

-Бэртэл гэмтэл авчихалгүй, бэлтгэлээ сайн хийгээд явахад надад улсын цол хүртэх бүрэн боломж бий гэдгээ мэдэж байсан. Тохироо нь хэзээ бүрдэхийг л хүлээж байсан даа. Улсын цолгүй үлдчих юм биш биз гэж шаналж байсан удаа надад байхгүй. Хүн олон жил барилдаад ирэхээр барилдаан бодож нервтэхээ больчихдог юм билээ. Ямартаа ч улсын харцага гэх эрхэм цолонд хүрлээ. Энэ цолны эзэн байна гэдэг том хариуцлага. Иймээс өндөр амжилт үзүүлэхийн төлөө илүү хөлс гаргана даа. Хүмүүс намайг эрт цол авсан болохоор ч тэр юм уу, их хөгширсөн шиг санаад байдаг. Тийм биш л дээ. Надад өндөр даваанд босч барилдах боломжтой олон наадам бий. Намайг дэмждэг, миний төлөө цайныхаа дээжийг өргөдөг монгол түмнийхээ ач тусыг амжилтаараа л хариулна даа.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *