Categories
мэдээ цаг-үе

Ш.Хаан: Хотынхоо эдийн засгийн тулгуурыг олсон байхад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх боломжтой

Налайх
хотын захирагч Ш.Хаантай ярилцлаа.

-Ямартай
ч Налайх хот анх удаа захирагчтай боллоо. Зарим байгууллага, газруудаа дүүргээс
салгаж хотод харьяалуулах гээд ажил ихтэй явна гэж дуулсан. Ажил нь хэр цэгцэрч
байна вэ?

-Урд нь
Налайхыг хот болгох хэд хэдэн шийдвэр гарч байсан юм билээ. Ийм
шийдвэр гарч байсан ч Налайх маань дүүрэг байсаар байсан. Тэгвэл өнөөдөр хот
болчихлоо. Бид ч гэсэн хотын иргэд болсон. Налайх хотын иргэд хотын үндсэн
дүрмээ өөрсдөө баталж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч
Налайх маань хот болж захирагчаа сонгосон үйл явц нь анх удаагийнх болсон. Одоо
харин цаашдаа ямар бүтэц зохион байгуулалтаар, хэрхэн яаж ажиллах вэ, ажлын
албаа байгуулах гээд л ажил ихтэй л явж байна.

-Дүүргийн
Засаг дарга, хотын дарга хоёрын ажил үүргийн хуваарилалт хэрхэн явагдах вэ.
Налайхын Засаг дарга ямар үүрэгтэй, та ямар үүрэгтэй, ямар асуудлуудыг шийдэх
юм бэ. Дүүргийн төсөв, хотын төсөв гээд тусдаа байх уу. Хотын захирагчийн ажлын
алба ямар үүрэгтэйгээр цаашид ажиллах вэ?

-Хуульд
Засаг дарга, хотын захирагчийн эрх мэдэл, хэм хэмжээг тодорхой тусгаад өгсөн
байгаа. Тиймээс бид хуулийн хүрээнд л ажиллах учиртай. Налайхыг хот шиг хот
болгохын төлөө хамт ажиллах бүх хүмүүстэй ойлголцож, хамтраад ажиллаад явах
ёстой гэж би үзэж байгаа шүү. Налайх хот болж байгааг зарим нэг хүмүүс
ойлгохгүй байгаад байх шиг байна.

-Харин
хаа хаанаа ойлголт тааруу, мэдээлэл хомс байх шиг байна?

-Дүүргийн
засаг дарга, хотын захирагч хоёрын ажил үүргийн хуваарийг давхардуулахгүй байх,
ажлын албаны бүтэц зохион байгуулалт нь ямар байх талаар бид ажиллаж байна.

Төрийн үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга, Налайх хотын
аж ахуй, бүтээн байгуулалт, хөгжлийн ажлыг Хотын захирагч хийнэ. Мэдээж Засаг
дарга, Хотын захирагч хоёрын цаад зорилго бол Налайхын хөгжлийн төлөө. Бид
хамтарч холбоотой ажиллах нь мэдээж ойлгомжтой. Угаасаа Налайх хотын үндсэн
дүрмэндээ дүүргийн Засаг даргатай Хотын захирагч нь хотын нийгэм, эдийн засгийг
хөгжүүлэх төрийн бодлого мөн төрийн ажлыг уялдуулах гээд олон асуудлаар хамтарч
ажиллина гээд заагаад өгчихсөн. Харин төсвийн тухайд Улс, нийслэлд төвлөрүүлдэг
татварын орлогыг Налайх хотдоо авч үлдэн хотын иргэд захиран зарцуулах эрх бий
болж байгаа юм.

-Та
мөрийн хөтөлбөртөө ямар асуудлуудыг шийдэхээр тусгаад байгаа вэ. Ерөнхийдөө
шийдээд явахад хүндрэл гарахаар байна уу?

-Миний
мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл бол ажлын байр болон түүнийг дагасан
ажилгүйдэл. Өнөөдөр Налайхад маань тулгамдаад байгаа асуудлын нэг нь ажилгүйдэл
юм. Шийдээд явахад боломжгүй зүйл гэж байхгүй ээ. Жижиг дунд үйлдвэрийг олноор
бий болгож, үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжинэ. Мөн хөрөнгө
оруулалтыг олноор татаж тэдэнд бизнес хийх таатай орчныг бүрдүүлж өгнө.
Ингэснээр ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл багасна.

-Таны
бүрэн эрх хэдэн он хүртэл үргэлжлэх вэ. Ирэх жил улсын хэмжээнд сонгууль болно.
Дараа нь Нийслэлийн сонгууль болдог. Тэр үед мөн сонгууль явагдах уу. Эсвэл
дөрвөн жилээ дуусгах уу?

-2019 он
хүртэл хотын захирагчийн бүрэн эрх хэрэгжинэ. Энэ хугацаанд би ирээдүйд хийх
ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж ард иргэддээ танилцуулсан байгаа. Тийм ч учраас
Налайхын ард иргэд надад итгэж намайг сонгосон. Хэрэгжих ч боломжтой зүйлүүд
миний мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Би энэ бүх зүйлийг ажил хэрэг
болгож хотынхоо иргэдийн сайн сайхны
төлөө ажиллана. Бидэнд байгаа ажилгүйдлийг багасгах хамгийн ойрын бодитой зүйл
бол уурхай. Олон сая тонн нүүрс байна. Ажиллах боловсон хүчин Налайхад маань
хангалттай бий.

-Налайх
хотын ирээдүйг та хэрхэн хардаг вэ. Цаашид Налайх уурхайг түшиглэж хөгжих үү,
өөр нөөц боломж юу байна вэ?

-Налайх
дүүргийг өнөөдөр Нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш Налайх хот гэдгээр
хүн бүр харах хэрэгтэй. Манай Налайх чинь Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх
хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай орчин үеийн аж үйлдвэржсэн хот
болон хөгжиж дэвших бүрэн боломжтой газар гэдгийг би дээр дурдсан. Хүн бүр нь
ажилтай, орлоготой, бизнесийн таатай орчин нөхцөл нь бүрдсэн, эрүүл саруул
иргэд, эрдэм боловсролтой хүүхэд багачуудаар дүүрэн тийм л бүтээлч, хөгжингүй
хот болно гэж харж байгаа. Мөн Тэрэлж, Горхи гээд Улаанбаатар хотод ойр аялал
жуулчлалын бүс манай Налайхын нутагт хамаардаг. Аялал жуулчлал ч гэсэн Налайхад
хөгжих бүрэн боломжтой. Цаашид хөгжих бүрэн боломжтой салбар гэж харж байгаа.
Налайх хот хөгжих маш олон гарц байна. Гэхдээ эхлээд бид эдийн засгийн асуудлаа
шийдэх хэрэгтэй үүний тулд яах вэ гэвэл Налайх хот маань өөрөө уурхайгаа түшиглэж
байгуулагдсан газар.

Өнөөдөр
ч, цаашид ч бидэнд байгаа эхний боломж бол нүүрсний уурхайгаа ашиглаж эдийн
засгийн сууриа бий болгох асуудал байгаа юм. Налайхын маань хөрсөн доор
хөндөгдөөгүй батлагдсан 50-60 сая тоннын
нөөц бүхий нүүрс бий. Уурхайн инженер хүний хувьд сайн хөрөнгө оруулагч сонгож
тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эхлээд уурхайгаа ашиглаж эхлэх ёстой гэж
үзэж байна. Жилдээ сая тонн нүүрс олборлоод байхад Налайхчууд бид хангалттай
ажил орлоготой, амьдралтай болно. Налайх бол нүүрсээ борлуулах бэлэн зах зээлд
маш ойр, автозам, төмөр замын сүлжээнд холбогдсон газар, хамгийн гол нь айл
бүрээс уурхайчид гараад ирэх хүний нөөц хангалттай бүрдсэн газар. Бид хотынхоо
эдийн засгийн тулгуурыг олсон байхад бусад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх
боломжтой. Хүүхдүүдээ сайн сургуульд сургаж, эмч нартаа сайхан эмнэлэг байгуулж
өгнө, ахмадууддаа амралт сувиллыг нь байгуулаад өгчихнө. Цалин орлоготой газар
шинэ хорооллууд аяндаа босч, банк санхүүгийн зах зээл аандаа бий болдог жамтай.

-Таныг
хүмүүс аль нутгийн хүн бол гэж гайхан хүлээн авч байна. Төрсөн нутаг усныхаа
талаар танилцуулахгүй юу. Өмнө нь та хаана юу хийж байв?

-Манай
аав Шаравхаан гэж гавьяат уурхайчин хүн байсан. Аав маань Ховд аймгийн Булган
сумын хүн л дээ. Тэгээд Налайхын их уурхайд ажиллахаар болж аав анх Налайхад
ирсэн юм билээ. Ингэж л манайх гэдэг өрх айл Налайхтай салшгүй холбоотой болсон
юм. Миний хувьд 1962 онд Налайхад төрсөн.

-Налайхын
унаган хүүхэд гэсэн үг үү?

-Тэгэлгүй
яахав. Би чинь Налайх хотын унаган хүүхэд байхгүй юу. Манай Налайх ай даа мөн ч
сайхан нутаг даа. Энэ нутгаас л миний амьдралын бүхий л гараа эхэлж байсан юм.
Би 1983-1988 онд Украинд уул уурхайн инженер мэргэжлээр сургууль дүүргэж ирсэн.
Тэр цаг хугацааг эс тооцвол Налайхаасаа холдож үзээгүй л хүн. Сургуулиа төгсөж
ирээд шинэхэн уурхайчин уурхайд ажлын гараагаа эхэлж байлаа. 1997 он хүртэл их
уурхай тарах хүртэл уурхайд ажиллаж байсан. Их уурхайг тарсны дараа би “Янтарь”
ХХК байгуулж бизнес эрхэлж байгаад 2012 онд орон нутгийн сонгуулиар дүүргийн
ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож Налайхын ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж
байна. Тийм болохоор унаган нутгийнхаа төлөө чадах бүхнээ хийж ажиллана гэж
боддог шүү.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *