Categories
мэдээ нийгэм

Ш.Гүрбазар “Монголын үзэгчдийн мэлмийг баясгасан сайхан бүтээл гаргаж чадна, итгэл төгс байна” гэв

МУСГЗ яруу найрагч, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар “Хөх тойрог” нэртэй төсөл хэрэгжүүлж буй талаараа хэвлэлийн хурал хийлээ.

Уг төсөлд хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг садныг уулзуулах, сонирхолтой амьдралын намтартай хүмүүний тухай өгүүлэх юм байна. Дэлхий дахинаа тархан суурьшсан Монголчуудын хувь заяатай холбоотой түүхийг сэргээх, хүний сайхан сэтгэл өөдрөг тэмүүллийн амьд жишиг болсон хүмүүсийг олох юм. Түүнийг дэлхийд алдаршуулах, хүн философи хэмээх бодомжийг илэрхийлэх зэрэг үндсэн агуулгын дор төслийн сэдэв үргэлжлэх аж. Түүхэн гэхээсээ илүүтэй яг энэ цаг үед амьдарч буй хүмүүсийн тухай голчлон өгүүлэхэд энэхүү төслийн гол зорилго орших гэнэ.Энэхүү төслөө сэтгүүл зүйн салбарын отгон телевиз болох TV2 телевизтэй хамтран хэрэгжүүлэх талаараа онцолж байлаа.

МУСГЗ яруу найрагч, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар “Би анхны ууган ТВ-д ажиллаж байсан хүний хувьд хамгийн отгон телевизийг сонгож байна. Бэлгэшээлтэй юм даа. Монголчууд ярьдаг, өөрийн гэсэн оюун, туршлага байвал түүнийгээ шинэ босож байгаа айлын баганаас өргөлцөж ханыг нь дугуйлцаж бүслүүрийг таталцах ёстой гэж. Шинэ зүйлийг эхлүүлж байгаа хүмүүс урам зоригтой, хүсэл эрмэлзэл дүүрэн, итгэл үнэмшилтэй байдаг. Шинийг харж, их зүйлд дурлаж ордог. Тэгвэл үүн дээр миний өчүүхэн туршлага нийлж Монголын үзэгчдийн мэлмийг баясгасан сайхан бүтээл гаргаж чадна, итгэл төгс байна” хэмээн хуучилсан юм.

Иргэний нийтлэлийн нэвтрүүлэг ховорхон энэ цаг үед хүний сэтгэл, мөн чанар тайлагдашгүй нууцыг энэхүү төслөөрөө дамжуулан хүргэхийг зорьж байгаа юм байна. Хүний тухай ялангуяа Монгол хүний тухай өндөр хэмжээнд дуугарах хүсэл тээж явсан нь ийнхүү биелэлээ олох нь гэж байлаа.

Мөн тэрээр хэвлэлийн хурлын төгсгөлд хэлэхдээ “Энэхүү төсөлд түүхийн зөвлөлийн баг, тагнуулын төв газар, улсын бүртгэл мэдээллийн төвийн дэмжигчдийн баг, олон зураглаач, найруулагч, сэтгүүлчид ажиллана. Дөчин жил энэ салбарт ажилласан болохоор итгэл төгс байгаа. Сайхан зүйлийг ард түмэндээ хүргэнэ. Энэ нэвтрүүлгийн гол баатар нь ард түмэн юм. Таны тухай нэвтрүүлэг хийж байгаа учир та бүхэн үзээрэй” гэв.

Г. МӨНХЦАЦРАЛ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *