Categories
мэдээ цаг-үе

Ш.Бира: Эрдэнэбүрэнгийн эмнэлэг эх, хүүхдэд ээлтэй улсын анхны сумын эмнэлэг болж байлаа

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынхан Ш.Бира эмчийг андахгүй. Сумандаа төдийгүй аймагтаа ард түмний гавьяат эмч гэж хүндлэгддэг тэрээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэсэн сайн туршлагатангуудын эзэн ажээ. Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр 27 жил ажилласан Ш.Бира эмчийг энэ удаагийн дугаартаа онцолж ярилцлаа.


-Сайн байна уу, та. Таныг баруун хязгаар нутгийн хүн ардын эрүүл энхийн манаанд нэг насаа зориулсан буянтан хэмээн нутгийнхан ихэд хүндэлдэг юм байна. Эрдэнэбүрэн суманд ажиллаж эхэлсэн үеэ дурсан ярилцлагаа эхэлье?

-Би Ховд аймагт 1972 онд Сувилагчийн сургуулийг төгсөөд аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж эхэлсэн юм. Дараа нь тухайн үеийн Анагаахын дундад лаборантын ангийг хоёр жилээр сурч, онц дүнтэйгээр төгсөөд урилгаар Анагаахын их сургуульд элссэн. Тэр үе бол 1982 он. Эмчилгээний ангид зургаан жил сурч төгсчихөөд Эрдэнэбүрэн сумандаа эрхлэгч эмчээр ирж байлаа. Сумын эмнэлэгт 27 жил эрхлэгч эмч хийж, эрүүл мэндийн байгууллагад 35 жил ажиллажээ.

-Таныг ажлаа авч байхад сумын хүн амын эрүүл мэндийн байдал ямар байсан бэ. Ер нь сумын онцлог юу байв?

-Намайг анх очиход нэг жилийн дотор хоёр ч эх эндчихсэн, хүндхэн нөхцөл байдалтай угтсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга маань Эрдэнэбүрэн суманд эх эндэж байсан шүү нөхөр минь, анхаараарай гэсэн. Тиймээс хамгийн түрүүнд эхчүүддээ анхаарал тавьж эхэлсэн. Жирэмсэн эмэгтэйчүүдээ эрт хяналтад авсан. Дунд насны эмэгтэйчүүд хяналтдаа орчихдог. Харин 18-аас доош, 40-өөс дээш насныхан ичиж, зовж байна гээд эмнэлгийн хяналтдаа ордоггүй. Тийм хүмүүстэй сайн тулж ажиллах болсон. Эхчүүдээ амаржихаас нь өмнө амрах байранд заавал авч ирнэ. Жилд 110-аад хүүхдийг эх барьж авдаг. Хөдөөгийн эмнэлэгт эрхлэгч эмч бүх ажлыг хийнэ. Эх баригчаа ч хийнэ, хүүхдээ ч үзнэ. Эх төрөхөд хажууд нь эх баригчтайгаа зогсож байдаг. Хүндрэл гарах үед өөрөө хариуцна. Эхэс гардах шаардлагатай бол гардана. Эрдэнэбүрэн суманд ажиллаж эхэлсэн жилээс манайд эх болон хүүхдийн эндэгдэл гараагүй. Манай аймгийн төв дээр баруун бүсийн эмч нарын зөвлөгөөн болж, би эхийн эндэгдэл гаргаагүй сумын эрхлэгч эмчийн сайн туршлагаа ярьж байв.

-Эрдэнэбүрэн сум хүүхдэд ээлтэй анхны сум болж байсан гэв үү?

-Тийм. Эрүүл мэндийн яамнаас 1995 онд уралдаан зарласан юм. Манай сумын эмнэлэг хүүхдэд ээлтэй улсын анхны эмнэлэг болж яамнаас ирж батламжаа авч байлаа. Түүнээс хойш эмнэлгийнхээ хаягийг “Эрдэнэбүрэн сумын хүүхдэд ээлтэй эмнэлэг” гээд тавьчихсан чинь зөвхөн Эрдэнэбүрэн гэлтгүй Мянгад сумынхан ирж эмчлүүлэхдээ ам сайтай байдаг болсон. Танайхыг хүүхдэд ээлтэй гэхээр ирж эмчлүүлэх сайхан байдаг гэж ярьж байсан удаатай. Бас 0-1, 1-5 насны хүүхдийн эндэгдэл гаргаагүй эмнэлэг болж улсын хэмжээнд эхний гурван байрт жагсдаг. Сумуудын дунд жишиг эмнэлэг болж, бусад сумдын эмч нар ирж туршлага судалдаг байлаа.

-Таныг ажиллаж байх үеийн эмнэлгийн байгууллагын нөхцөл байдал одоогийнхоос өөр байсан нь лавтай. Жишиг эмчилгээ, сувилгааг нэвтрүүлж байв уу?

-Сумынхаа Мөнхтүвшин гээд лабораторийн багштай хамтраад шээс, биохимийн шинжилгээ хийдэг анхны лабораторийг ажиллуулж эхэлсэн. Тэр үед аймагт шинжилгээ хийдэг. Нэг иргэн аймаг очоод ирэх зардал 15000 төгрөг болдог. Иргэдэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан. Харин манай лаборатори ашиглалтад орсноор сумын иргэдэд эмнэлгийн үйлчилгээг улам ойртуулсан.

Анх сувилагчийн ангийг төгсөөд аймгийн Мэс заслын тасагт багагүй хугацаанд ажилласан болохоор сумандаа жижиг хэмжээний мэс ажилбар хийчихнэ, хагалгаанд орсон хүмүүсийн боолтыг сольчихно, оёдол авчихдаг. Түүнээс гадна унаж бэртсэн хүнд хугарал, мөрний үе, эрүү, тохойны үе мултрах зэргээр иргэдэд янз бүрийн гэмтэл учирна. Хүнд хэмжээний ил хугарал биш бол сумандаа эмчилгээг нь хийчихдэг байв.

Одоо бол сумын эмнэлэг маань гурван сайхан залуу эмчтэй болсон. Тэтгэвэрт гарсан ч сумандаа зөвлөх эмч хийж байна. Хүмүүс гэрээр ирж үзүүлэх нь их. Эмнэлэгт дуудаж ч үзүүлнэ. Сумынхан надад үзүүлээд сурчихсан болохоор шөнө, өдөргүй зорьж ирдэг юм. Ялангуяа хугарал, мултрал, мэс заслын оёдол хийх шаардлагатай бол хүрээд л ирнэ.

-Хэчнээн хүүхдийн хүйн ээж болсон бэ?

-4000 гаруй хүүхэд эх барьж авсан байдаг.

-Эх барьж авсан хүүхдүүд тань ирж золгох уу?

-Ирэлгүй яахав. Манай сумын нэг эмэгтэй хоёр охинтой. 40 гараад жирэмсэлсэн юм. Даралт нь 200 хүрээд болдоггүй. Кесерово хагалгаагаар төрүүлэх шаардлагатай гэж үзээд аймгийн төв рүү шилжүүлсэн. Гэтэл амралтын өдөр гэртээ оргож ирээд өвдөж эхэлсэн. Бид аргагүйн эрхэнд сумандаа төрүүлэхээр болсон юм. Үзлэг хийтэл төрөх дөхчихсөн, гэтэл даралт нь 220-той. Даралт бууруулах эм өгөөд төрүүлэх гэтэл хүүхэд нь буруу байрлалтай байж таарсан. Бүр сандарлаа. Аз болж өвдөлт жаахан намдах үед гараараа илж байтал хүүхэд зөв байрлалд ороод хүү төрж билээ. Гараад иртэл нөхөр нь баярлаад уйлж байсан. Тэд баяр ёслол болоход үргэлж ирж золгоно. Бас гурав, дөрөв төрөөд хүүхэд тогтоогүй. Айлаас хүүхэд өргөж авсан эмэгтэй байсан юм. Эмч хүний үүднээс эрүүл саруул хүүхэд төрүүлчих юмсан гэсэн хүсэл их төрнө. Нэг удаа жирэмсэн боллоо гэхэд нь маш сайн хянуулж байгаад төрөх үе дөхөхөд аймгийн төв рүү нүүхийг зөвлөсөн. Тэгээд эсэн мэнд хүү төрж, түүнээс хойш байнга холбоотой байдаг болсон. Зарим айл хүүхдэдээ нэр хайрлаач гэж нэр авах тохиолдол бий.

-Таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?

-Охин маань миний мэргэжлийг өвлөсөн.

-Аав тань нутагтаа нэр хүндтэй лам хүн байсан. Таныг аавынхаа чадвараас өвлөсөн гэж нутгийнхан хэлдэг юм билээ. Аав, ээжийнхээ талаар хууч хөөрвөл…

-Аав маань сумандаа нэр төртэй лам хүн байсан. Их эрт бурхан болсон. Манай нутгийнхан намайг төгсөж ирэхэд аавынх нь туяа туссан байх учиртай гэж хүлээж авч байсан. Харвалт өгөөд долоо хоног ухаангүй байсан хүн ухаан ороход би хажууд нь байсан юм. Намайг хараад “Би таныг байгаа болохоор үхэхгүй гэж баттай бодож байсан” гэж билээ.

Ээж маань ч сайхан хүн байлаа. Дээр үед дуудлагын утас гэж байсангүй. Шөнө орой унтаж байхад хүн өвдвөл ирж хаалга, цонх балбана. Би сэрээд босдог. Ээж маань ч бас сэрээд “Миний охин Ногоон дарь эхийн тарнийг уншаад яваарай” гэж захина. Би ч эмнэлэг хүрэх зуураа амандаа уншаад л явна. Хөдөөний дуудлага ирэхэд “Дулаан гутал, дээлээ өмсөөрэй” гэж их захина. Олон шөнө тэгж дуудлагаар явж, тэр болгонд ээж минь санаа нь чилж хэлж байсныг бодохоор одоо ч нулимс гардаг юм.

Би нутгийнхаа ард түмэнд хайртай. Хайрт аав, ээжийнхээ нутагт очоод амжилттай ажиллаж байснаараа бахархдаг. Мэдээж хүнд зүйл тохиолдож байсан. Сайхан ч зүйл их бий. Ард түмэн маань надад их хайртай. Хамт олон маань сэтгэл нийлж, амжилттай ажиллах гол гүүр болж байсныг онцлох ёстой.

-Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд тонус өгөөд байна гэх нь олон болсон. Таныг эх барих эмчээр ажиллаж байхад эмэгтэйчүүдэд хүндрэл гардаг байсан уу?

-Тонус гэдэг ойлголт миний үед байгаагүй. 2000 оноос энэ тухай ихээр ярих боллоо. Дутуу төрөлт, ургийн хөгжилтэй холбоотой тонус өгдөг. Энэ нь хэрэглэж байгаа хоол ундтай холбоотой. Хөдөөгийн ээжүүд маань тэр үед өвчин шаналал хэлэхээс илүүтэй малаа яах вэ, хүүхдүүдээ яах вэ гэдэг байсан. Тиймээс бид амрах байранд нь бага насны хүүхэдтэй жирэмсэн эхийг хамт байлгаж төрүүлдэг байсан. Эмнэлгээс гарахдаа ээжүүд хоёр хүүхэдтэй буцдаг байв.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд та ямар зөвлөгөө өгдөг вэ. Одоо үед жирэмслэх, хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болоод байна шүү дээ?

-Хамгийн гол нь эмнэлэгт үзүүлэх хугацаандаа очиж бай. Хоол, ундаа сайн ид. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Биеэ сайн анхаар гэж зөвлөдөг. Эмчийн хувьд бол эхчүүдээ тогтмол хяналтад байлгадаг. Дуудлагаар явж байхдаа ойрхон эх байгаа бол очиж үзнэ, эх баригчаа явуулж үзүүлнэ. Намайг төгсөж байхад дуудлага их, 4-5 хоног нойргүй явах үе гарна. Одоо бол олон эмч ажиллаад сайхан болжээ.

-Харин эх баригчид юуг анхаарах ёстой вэ?

-Хүнийг хэзээ жирэмслүүлэх тухайд эх баригч сайн анхаарах ёстой юм. Хорвоод хүн болъё гээд ирж байхад нь аборт хийгээд алчихаж байна. Түүний оронд төрөлтийн зайг нь уртасгах, гэр бүлээ зөв төлөвлөх, эрүүл саруул үр хүүхэдтэй болоход эх баригчийн үүрэг чухал. Аль сард жирэмсэн болох боломжтойг нь хэлэх зэргээр зөвлөх ёстой юм. Усанд зөв оруулахыг зааж өгнө. Түүнээс гадна би хүүхдэд антибиотик өгч, тариа хийхийг чухалчилдаггүй. Дээр үед хүүхэд ханиад хүрлээ гэхэд хар цай чанаад горчиц хийгээд хүүхдээ наснаас нь шалтгаалаад 5-15 минут суулгаад гаргахад ханиад гайгүй болчихдог. Зөгийн балтай ороолт хийх, адууны тосоор ороолт хийхийг иргэддээ зааж өгнө. Ганц нэг архагдуу өвчтэй эхээс төрсөн хүүхэд л тариа хийлгэдэг байсан.

Эх амаржлаа гэхэд эхний 0-5 сарын дотор тогтмол эргэж байх хэрэгтэй. Хүүхэд нь зөв бойжиж байна уу, шарлалт байна уу, хөхөндөө цадаж байна уу гэдгийг анхаарна. Манай сумын эмнэлэг хүүхдэд ээлтэй эмнэлгээр шалгарсан гол хүчин зүйл нь хүүхдийг хөхөөрөө хооллохыг уриалсан явдал юм.

-Зарим эхчүүд хүүхдээ хөхнөөс эрт гаргах тохиолдол байна. Хөхөөр хооллохын ач тусын талаар та зөвлөгөө өгнө үү!

-Хүүхдийг хоёр нас хүртэл хөхүүлэх хэрэгтэй. Х.Баянмөнх аварга зургаан нас хүртлээ хөхөж байсан гэж ярьдаг юм билээ. Хүүхэд хөхөө хөхөх тусам сайн. Зургаан сар болоход нь нэмэлт тэжээл өгч болно. Манай хөдөө чинь төрөл бүрийн нэмэлт тэжээл болон ногоо ховор цаг үе байсан. Сүү, бантан өгч, сүүл хөхүүлж л хүүхдээ өсгөдөг. Уураг сүүл хөхсөн хүүхэд ухаантай болдог гэж ярьдаг даа. Сүүлийг хөхүүлэхэд учир бий. Сүүлний дээд талын хатуу хэсэг нь амархан тасардаг. Харин уураг сүүлтэй хэсгээс нь аваад хөхүүлбэл тасардаггүй, шим нь амтагдаад хүүхдэд таатай байх болно.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *