Өмнөд Солонгосын Куанжү хотын дээд шүүх өнөөдөр /IV.28/ “Севол” гатлага онгоцны хэргийг хэлэлцжээ. Шүүхээс ахмадад оноосон ялыг хүндрүүлж, ерөнхий инженерийнхийг хөнгөрүүлсэн байна. Шүүх хөлгийн ахмад И Жун-Сукийг хүн амины хэрэгт буруутган бүх насаар нь шоронд хорих ял оноолоо. Өмнө нь доод шатны шүүхээс ахмад И Жун-Сукт ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт 36 жил шоронд хорих ял оноосныг хүчингүй болгожээ. Өмнөд Солонгосын прокурорууд өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон шүүх хурлаас ахмад И Жун-Сукт оноосон ялыг эсэргүүцэн Куанжү хотын дээд шүүхэд давж заалдсан аж.
Харин хөлгийн ерөнхий инженерийг хүн амины хэрэгт буруутган 30 жил шоронд хорих ял оноосныг хүчингүй болгож, ялыг хөнгөрүүлжээ. Шүүхээс ерөнхий инженерийг ажил үүрэгтээ хайнга хандсан хэрэгт буруутган 20 жил шоронд хорих ял оноолоо. Мөн хөлгийн багийн 14 гишүүний ялын хугацааг багасгаж, 18 сараас 12 жил болгон бууруулжээ.
476 зорчигчтой “Севол” гатлага онгоцны ослоос ердөө 172 хүн эсэн мэнд аврагдсан юм. Үүнд хөлгийн ахмадын буруу зааварчилгаа, өөр бусад хүчин зүйл нөлөөлжээ. Ослоор амь үрэгдсэн 304 зорчигчийн 250 нь ахлах сургуулийн сурагчид юм.