Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид нэгдэн угаартсан хоёр хүүхдийн дурсгалд зориулан зул өргөнө

Маргааш буюу 10-р сарын 11-ний өдөр сэтгүүлчид нэгдэн угаартаж амиа алдсан долоон хүнд эмгэнэл илэрхийлж 1080 зул өргөх ёслол үйлдэхээр болжээ. Ёслол Сүхбаатарын талбайд 18 цагаас эхэлнэ. Энэ тухай сэтгүүлчдийн төлөөлөгчид өнөөдөр мэдэгдэл хийсэн юм.

Сэтгүүлч О.Батханд: Долоон хүн угаартаж амиа алдчихаад байна. Энэ бүхнийг тогтоох, шалгах хууль хяналтын байгууллага бий. Эдгээр иргэд яг ямар шалтгаанаас болж амиа алдсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодитой мэдээлэл хүргэ. Гэм буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээ. Ард түмнээсээ уучлал гуй гэдэг уриалгыг сэтгүүлч бид гаргаж байна. Мөн бидний хийж буй энэ хэвлэлийн бага хурал ямар нэг нам эвсэл, улс төртэй хамааралгүй.

Сэтгүүлч Цолмон: Би сэтгүүл зүйд ажиллаад 19 жил болж байна. Энэ болж байгаа үйл явдалд сэтгэл өвдөхгүй байх арга алга. Улаанбаатарчууд 10 гаруй жил утаатай тэмцэж байна. Цэвэр агаартай болохын тулд хагас тэрбум ам.доллар зарцуулсан. Бид үүний үр дүнд ард иргэдийнхээ амь насыг алдлаа. Тэр дундаа дөрөв болон хоёр настай хүүхдүүдийн амь насыг алдлаа. Эх хүн эмэгтэй хүн үүний төлөө дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатарт нэг сая 500 орчим мянган хүн амьдарч байгаа. Улсын маань тал хүн агаарын бохирдлоос болоод ургийн гажигтай, хавдартай, эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Монгол хүний амь насаар туг тахихаа больё. Утаанаас салгахын тулд орон сууцжуулах хэрэгтэй гэж бодож байна.

Мөн хүний амь нас хохирчихоод байхад телевиз, радиогоор “Таны гэрт аз жаргалыг авчирна” гээд зарлаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Монгол хүний төлөө үнэн бодит мэдээллийг түгээ. “Таван толгой түлш” ХХК тав, арван сая төгрөгийн гэрээ хийхийг хүссэн ч манай байгууллага зөвшөөрөөгүй. Бид хүний амь насаар гэрээ хийхгүй”гэлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан “Гэр хороолол хөдөөлгөөн”-ий гишүүд утаагүй түлшийг түлэхэд хэцүү, байнга айдас түгшүүртэй, хэзээ угаар гарах бол, хүүхдүүд минь угаартчих вий гэсэн сэтгэлийн дарамттай тайван амар унтаж чадахгүй байна гэлээ.

М.Болор-Оюун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *