Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид, хуульчдын уулзалт боллоо

Монголын хэвлэлийн хүрээлэн, Ханнс Зайделын сан, “Эрх зүйн боловсрол” академи хамтран сэтгүүлчид, хуульчдын уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны талаар мэдээлэл сонсч, санал солилцох зорилгоор цувралаар зохион байгуулж байгаа уг уулзалтын өнөөдрийн сэдэв Байгууллагын нууцын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудын тодорхой зохицуулалтын талаар байв. Өмнөх хоёр удаагийн уулзалтаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны ерөнхий зохицуулалт, Зөрчлийн тухай хуулийн зарим зохицуулалтын талаар ярилцаж байсан юм.

Өнөөдрийн уулзалтад Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны дарга, доктор Ц.Цогт, тус хорооны хуульч, доктор Д.Сүнжид, тус хорооны гишүүн, хуульч Б.Төрболд нар оролцож сэтгүүлчидтэй ярилцав. Уулзалтын эхэнд хуульч, судлаач Б.Төрболд “Мэдээллийн ил тод байдал ба байгууллагын нууц” сэдвээр илтгэл тавьж, байгууллагын нууцын бүрэн халдашгүй байдлыг олон нийтийн эрх ашгийн үүднээс хязгаарлалт тавьж харах боломж, бололцооны талаар байр сууриа илэрхийлсэн юм. 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тол байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу төрийн байгууллага иргэд олон нийт болон сэтгүүлчдэд өөрсдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нээлттэй гаргаж өгөхийг үүрэгжүүлсэн байдаг. Гэвч олон нийтийн энэ эрхэд төрийн болон албаны нууц гэдэг шалтгаанаар хориг саад тавьдаг байна. Төрийн нууцын тухай хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль болгон шинэчлэн найруулж баталсан бөгөөд уг хуулийн дагуу төрийн байгууллагууд албан байгууллагын нууцад хамаарах мэдээллээ өөрсдөө журам гарган баталдаг. Энэ дагуу байгууллагын нууцын жагсаалтыг гаргахдаа хуулиар хориглоогүй олон мэдээллийг нууцлах боломжийг бүрдүүлдэг дутагдал түгээмэл байгаа ажээ. Түүнчлэн төрийн нууц, албаны нууц гэдэг ойлголтууд ч ямар ялгаатай нь тодорхойгүй байгааг хуульчид онцолж байлаа.

Хуульчид, сэтгүүлчдийн уулзалтаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуулиудын хэрэгжилт болон мэдээлэл авах, мэдэх эрхэд учирч буй бэрхшээлийн талаар ярилцаж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар санал солилцов. Тухайлбал, сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал байгааг уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Сэтгүүлчид, хуульчдын ээлжит уулзалт боллоо

Сэтгүүлчид, хуульчдын ээлжит уулзалт боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *