Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Л.Болормаа таалал төгсчээ

Сэтгүүлч Лунтангийн Болормаа өчигдөр орой амиа алдлаа. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Цагдаагийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Түүний нас барсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна. Цогцост задлан шинжилгээ хийж байгаа. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв. Харин албан бус эх сурвалжууд гаднын нөлөөтэй амиа алдсан байх магадлалтай гэж үзэж байна.

Сэтгүүлч Л.Болормаа нь эдийн засаг, бизнес, уул уурхайн чиглэлээр томоохон нийтлэл бичдэг, салбартаа мэргэшсэн чадварлаг сэтгүүлч байсан юм. Тэрбээр “The Mongolian Mining Journal”- ийн үүсгэн байгуулагч, эрхлэгчээр ажиллаж байв.

Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад туршлага судалсан байдаг.

Тэрбээр “Өнөөдөр” сонинд 1998 оноос ажиллаж байв. Ингэж ажиллаж байхдаа тус сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг тус тус хашсан. Өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх , барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад хүч бололцоогоо дайчлан ажилласан юм.

2007 онд хэвлүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанаас авсан ярилцлагууд, Афганистанаас хийсэн сурвалжлага зэргээ хэвлүүлж, энэхүү ном нь эхлэн бичигчдийн гарын авлага,сурах бичиг болоод байлаа.

Мөн The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан. Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг Монголын анхны сэтгүүл юм. Дээрх сэтгүүлээс гадна эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлуудыг “Завгүй” компаниараа дамжуулан эрхэлдэг. Сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байв.

“Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *