Categories
мэдээ нийгэм

Сэтгэл зүйч Анна Валентиновна Кирьянова: Муу үйл эзнээ таньдаг

Сэтгэл зүйч Анна Валентиновна Кирьянова Бумерангийн хууль, Үйлийн үрийн эргэх холбоо байдаг эсэх талаар өгүүлэв.


Тэрээр “Бумерангийн хууль, Үйлийн үрийн эргэх холбоо гэж байдаг. Нүглийн нүд хууртдаггүй гэж зарим хүн итгэдэг байхад харин зарим нь энэ бол энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн бодож олсон хариугаа авах, өөрийгөө хуурсан тайтгарал гэж үзэх нь бий. Харин хорон санаатан сэдсэн муу үйлээ гүйцээгээд, санасандаа хүрч сайхан амьдардаг гэж хүмүүс төдийгүй зарим сэтгэл судлаачид ч хэлдэг.

Асуудлын гол нь бумерангийн хуулийг батлахад байгаа юм биш. Би нийгмийн ухааны салбарт сэтгэл зүйн чиглэлээр 26 жил ажиллаж байна. Энэ хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр итгэсэн зүйл бол “муу зүйл муу үр дагавартай байж, түүнийг үйлдсэн хүн нь заавал хүртдэг”. Яг тэр өөрийнх нь хийсэн зүйл биш ч, өөр нэг зовлонтой учирсан байдаг. Нэгэн агуу философичийн хэлсэнчлэн “Хүн зөвхөн өөрийнхөө хийснийг хүртдэг юм биш. Харин хүн яг өөр шигээ л зүйлтэй учирдаг.” Энэ их гүн утгатай үг.

Хүн бүрт өөрөөсөө ч нууж чадахгүй “үнэн” гэж бий. Тэгээд ч нийгэмд хүн дан ганцаараа оршин тогтнодоггүй. Хүн эргэн тойрондоо үйл явдал, цаг хугацаа, орон зайн харилцан хамааралд оршдог. Чухам тиймээс л хэн нэгэнд зориулж ухсан нүхэндээ та өөрөө унадаг юм. 

Алдарт яруу найрагч Есенинд тохиолдсон нэгэн явдлыг өгүүлье. Тэрээр өөрийн найз бүсгүй Маринагийн хамт байр худалдан авчээ. Харин Есенинийг Америк явсан хойно Марина гэрлэж, хүү Криллээ төрүүлж, байрыг хувьдаа эзэмшжээ. Есенин Орост буцаж ирэхэд түүнд амьдрах өөрийн гэсэн булан ч байсангүй. Найзуудынхаараа амьдарч, архинд орж, эцэст нь зочид буудалд амиа хорлосон байдалтай олдсон. Харин үүнээс 15 жилийн дараа Маринагийн хүү Крилл дүүжилж амиа хорлосон байдалтай олдсон юм. Энэ бол хэн нэгний цээрлэл эсвэл нүдэнд үл үзэгдэх дээд тэнгэрээс оноосон шийтгэл аль нь ч биш. Муу зүйл өөрөө өөрийгөө цээрлүүлдэг. Есенин эргэж ирээд Маринагийн хүүг хорлочихсон юм биш, харин Марина өөрийнхөө үүсгэсэн нөхцөл байдлын үр дагавартайгаа дахин таарсан хэрэг. Таны хэн нэгнийг чадсан аргаар өөр нэг нь таныг бас дөнгөчихнө шүү дээ гэсэн үг байдгийг санаарай.

Хорон муу зүйлсийг бүү төлөвлө. Таны хорон төлөвлөгөө тархинд чинь загварчлагдаж, далд ухамсарт үлддэг. Ингэснээр таны далд ухамсар танд өөрт чинь үйлчилж эхэлдэг юм.Хэн нэгнийг илүү үзэх, ажил үйлийг нь бүтэлгүй болгох, ажлаас халуулах нь таны баярлах зүйл биш. Учир нь та өөрөө яг ийм байдалд орно. Энэ нь та өөртэйгээ л нүүр тулж байна гэсэн үг. Тэрнээс нөгөө хүн танаас өшөө аваад байгаа хэрэг биш.

Танд гэж зөвлөхөд та шударга биш байдалд орсон бол тэндээс зүгээр л гар. Өшөө авах гэж эсвэл танд муу зүйл хийсэн хүнийг чадах гэж битгий оролд. Тэр хүн нөхцөл байдлынхаа орооцолдоонд өөрөө л үлдэнэ.  

Харин та өөрийгөө чөлөөлж, гомдол гуниг тээлгүй үргэлжлүүлэн амьдраарай. Нэг л өдөр таныг хорлосон хүн өөр шигээ хүнтэй, ер нь өөртэйгээ таарсан байх болно. Харин тэр үед нь та ч бас баярлах хэрэггүй шүү. Зүгээр л орхи.

Бусдын азгүйтэлд баярлах нь өөртөө азгүйтэлийг загварчилдаг. Өөрийгөө шийтгэх хэрэггүй. Амьдралыг заримдаа хөндлөнгөөс ажиглахад олон зүйлд сургадаг юм шүү. Танд аз жаргал, эв эе, амьдралын сайн сайхныг хүсье” гэсэн юм.

ОРЧУУЛСАН: Д.ЭНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *