Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сэрүүлэг

Тагтан дээрх хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ ялгаж байтал охин минь сэрүүлэгтэй цаг олов. Хэрэггүй болоод удсан цаг. Орны минь дэргэдэх тавиур дээрарван жилийн өмнө байж байсан юм. Түүнээс хойш хэзээ ч юм гэрт байлгах шаардлагагүй эд зүйлс дотор орчихоод яваад л байж.

Аавынхаа гэрт байхдаа тэр цагийг би яг охин шигээ олж байв. Ээж маань “Эмээ чинь айл гэр болоход өгч байсан юм. Та нарыг төрүүлснээс хойш сэрүүлэгтэй цагны хэрэг надад гарч байсангүй” гэж хариулж байв. Яагаад гэхэд “Та нарын уйлах дуу хангалттай сэрүүлэг болж байсан болохоор дахин надад сэрүүлэгний хэрэг гарч байгаагүй юм” гэж билээ. Тухайн үед содон сонсогдсон ч ухаж ойлгоогүй л явж. Гэхдээ тэр цаг гоё гялалзсан шар өнгөтэй, бүсгүй хүний уран гоё галбиртай байсан болохоор авч хадгалах хүсэл төрсөн юм. Хожим нөхөр маань цаг засварын хүн дээр очиж янзлуулсан байв. Охиныг төртөл залуухан гэр бүл болсон бидний өдөр хоногийг хэмжих, ажилдаа хоцорохгүй явах нэг шалтаг нь тэр сэрүүлэгтэй цаг байв. Түүнээс хойш яасныг бүү мэд. Ямартай ч хэрэггүй эд зүйлс дунд орчихсон явжээ.

Магадгүй ээжийн минь хэлсэн үг үнэн биз. Би охинтой болсноос хойш надад ээжийн минь адил сэрүүлэгний хэрэг гарч байгаагүй байх. Охиноо тэр цагийг гаргаж ирэхэд л энэ тухай санаж, тэр үгний үнэ цэнийг ухаарав. Энэ хорвоогийн эх хүн бүрт сэрүүлэг шаардлагагүй байдаг биз. Учир нь үргэлж дэргэд нь сэрэмж шаарддаг үртэй учраас тэр байх гэж бодогдном.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *