Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар шинийн баяраар бага насны хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байхыг анхааруулж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл “Томуугийн тархалт нэгдүгээр сарын 3-4-нөөс эхлэн дэгдэлт хэлбэрээр гарч, сүүлийн гурван жилийн дунджаас өндөр хэмжээнд хүрлээ. 11 аймаг, нийслэлийн хэмжээнд дэгдэлт хэлбэрээр гараад байна. Эмнэлэгт хэвтэх, хүндрэх магадлалтай хүүхдийн тоо сүүлийн гурван жилийнхээс мөн адил өндөр боллоо. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр томуугийн тархалтын 40 хувийг А хүрээний H1N1 вирусийн тархалт эзэлж байна. Уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Өвчлөлийн өнөөгийн байдлаас харахад томуугийн тархалт цагаан сарын үеэр бүс нутгийн хэмжээнд биш, улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах магадлалтай байна” гэв. Иймд иргэд сар шинийн баярын үеэр бага насны хүүхдээ айл руу авч явахгүй, бага насны хүүхэдтэй айлд олноороо очихгүй, хүн бүр хариуцлагатай байж хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөв.

А хүрээний H1N1 вирусийн тархалт зөвхөн Монголд биш ОХУ, Хятад, Япон, Австрали зэрэг оронд эрчимтэй тархаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн орны хүрэлцээ хангамж муудаж, 977 орноос өнөөдрийн байдлаар 53.2 хувийн хэтрэлттэй байгаа юм. ЭМЯ-наас орны зохицуулалт хийж байгаа ч хүрэлцээ муу байгааг хэлэв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Хүүхдийн тасагт нэмэлт 40 ор тавьж, Чингэлтэй дүүргийн 10 хорооны иргэдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үйлчилгээг шилжүүлжээ.

“Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд нөөцөө бүрэн ашиглан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. ЭМЯ-наас эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг нийлүүлж байгаа. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж үзүүлж байна. ДЭМБ-аас H1N1 вирусийн эсрэг сонгомол үйлчилгээтэй “Тамифлю” эмийг нийлүүлсэн. Ийм үед эцэг, эхүүд хүүхдийнхээ асаргаа сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарын зөвлөмжийг гэрийн нөхцөлд хэрэгжүүлж хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *