Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мөн саналын дүн мэдээ хоцорсон Баян-Өлгий аймгийн асуудалд ч тайлбар хийв.
Одоогийн байдлаар хоёр дахь шатны саналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан бөгөөд дүүргүүдийн саналын хуудсыг маргааш гэхэд хүргэж дуусгах юм байна. Харин гадаадад байгаа иргэдээс санал хураах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, санал хураах үйл ажиллагааг явуулахад бэлэн болжээ.
Сонгуулийн санал хураалтын дүн мэдээ оройтож ирсэн Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек мэдээллийн үеэр дараахь тайлбарыг хийсэн юм. Тэрээр “Баян-Өлгий аймгийн 21 хэсгээс зургадугаар сарын 26-27-ны мэдээллүүд оройтож ирсэн. Баян-Өлгий аймгийн 89 хэсгийн 42 хэсэгт нь тооллого явуулсан, үлдсэн 47 хэсэгт техникийн тооллого явуулсан. Сонгуулийн дүн мэдээ оройтсон тул зургадугаар сарын 29-ний өдөр оройтож ирсэн хэсгүүдэд албан бичгийн дагуу намуудад бичиг хүргүүлсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй дөрвөн хүнийг ажиглагчаар оруулахаар хариу ирсэн. Харин МАХН-ын хувьд Баян-Өлгийн сонгуулийн хороонд тооллого хийх шаардлагагүй гэж үзэж ажиглагч оролцуулахгүй гэж мэдэгдсэн” гэв.
Оройтож мэдээ ирсэн хэсгүүдийн санал тооллогыг зургадугаар сарын 29-ний 17 цагаас эхэлж 30-ны өдрийн 12 цагт дуусгасан байна. Нийт дүнгээр Баян-Өлгий аймагт 39255 хүн санал өгснөөс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 19332, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 14218, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 5205, огт тэмдэглээгүй 500 саналын хуудас гарсан байна. Мэдээ саатсан 21 хэсгээс 9 нь техникийн тооллогод хамрагдсан аж. Мэдээ оройтсон шалтгаан нь цаг агаар болон, газрын байршлаас шалтгаалсан гэж тайлбарлаж байгаа юм. Мөн дахин санал хураалтын ажилд 7.2 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Харин дахин санал хураалтад сонгогчид хуулиар баталгаажсан эрхээр саналаа өгөх бөгөөд СЕХ-ны зүгээс сонгогчдыг саналаа идэвхтэй өгөхыг уриаллаа.
Б.ОДГЭРЭЛ