Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 10-ны өдөр товлон зарлаж, зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явуулах тогтоол гарсан. Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Сонгуулийн ерөнхий хороо энэхүү нөхөн сонгуулийг явуулах тухай хүсэлт болон товыг 2018 онд УИХ-д хүргүүлж байсан. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэний улмаас хойшлоод байсан юм.
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр буюу 2019.2.11-ний өдөр Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 нам байгаагаас 27-д нь нөхөн сонгуулийн талаарх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулна. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн. Энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийт 17 450 сонгуулийн насны иргэн бүртгэлтэй” гэлээ. Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд аймгийн төв болох Хэрлэн сум, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумд нийт 21 ажлын хэсэг гарч, санал хураалтын ажлыг 500 гаруй хүний тусламжтайгаар явуулах юм байна.