Categories
мэдээ нийгэм

Сарын дундаж цалин нэг сая болж өсжээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцуулав. Өнгөрсөн сарынхтай харьцуулбал нийгмийн салбарт зарим индексүүд өссөн хэлбэртэй гарчээ. Мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын статистакч Ю.Батзоригт, ахлах шинжээч С.Норов нар танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны хоёрдугаар сарын эцэст 36.3 мянга болсны, 24.6 (67.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 (27.8%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 (1.4%) хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 (52.2%) мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 2 сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны IV улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын:

  • 46.7 (7.6%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 34.3 (5.6%) мянга нь 240 001-300 000 төгрөгийн цалинтай,
  • 85.7 (14.0%) мянга нь 300 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 216.4 (35.2%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 121.9 (19.8%) мянга нь 900 001-1300000 төгрөгийн цалинтай,
  • 28.2 (4.6%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 80.6 (13.2%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 6.1 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.4 мянгаар, 1.100.001-1.300.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.2 мянгаар, 1.300.001-1.500.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 9.8 мянгаар нэмэгдсэн байна.

Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.7 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.6 мянгаар, 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 22.0 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.3 мянгаар буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 мянган төгрөгөөр өсчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс өсөхөд:

  • Барилгын салбарт ажиллагчдын цалин 163.1 мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 235.2 мянган төгрөг,
  • Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 247.1 мянган төгрөг,
  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 123.8 мянган төгрөг,
  • Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 240.1 мянган төгрөг,
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 154.4 мянган төгрөг,
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 89.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1744 (17.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 (6.7%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 (6.3%)-аар нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 1 болж, өмнөх оны мөн үеэс 1 (50.0%)-ээр буурлаа. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 8 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 2 сард 6003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 231 (79.7%)-ээр, вирүст хепатитаар өвчлөгчид 20 (28.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 42 (14.7%)-оор өссөн байна.

Улаанбаатар хотод 2018 оны 2 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна.

Монгол Улсын хоёрдугаар сарын Эдийн засгийн мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын статистакч Ю.Батзоригт танилцууллаа.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 7368 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2590 (54.2%)-ээр өсжээ.

Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 1397 (91.5%), залилах гэмт хэрэг 559 (2.4 дахин), дээрмийн гэмт хэрэг 242 (3.7 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 284 (19.6%), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 118 (65.6%), хөрөнгө завших гэмт хэрэг 104 (3.7 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны 2 дугаар сард 3382 болж, өмнөх оны мөн үеэс 1303 (62.7%)-аар өсөж, өмнөх сараас 637 (15.8%)-гоор буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 220 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 57 (20.6%)-гоор буурсан байна.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 13.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 301 (2.1%)-ээр буурч, харин баривчлагдсан хүн 13 (0.9%)-аар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 2 сард 6248 болж, 275 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 2684 (43.0%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний 2 сард 31.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 2.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 34.0 (51.6%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 23.6 (91.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Мөн мөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 2 дугаар сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 135.5 (0.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 (29.0%) их наяд төгрөгөөр өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт 2018 оны 2 дугаар сард өмнөх сараас 135.5 тэрбум төгрөгөөр өсөхөд валютын харилцах 152.4 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч валютын хадгаламж 114.5 тэрбум төгрөг,төгрөгийн харилцах 78.5 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 70.8 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 24.1 тэрбум төгрөгөөр ссөн нь нөлөөллөө.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 2 дугаар сарын эцэст 13.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 170.9 (1.3%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1.2 (9.8%) их наяд төгрөгөөр өсөв.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 2 дугаар сарын эцэст 993.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 56.0 (6.0%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 57.4 (5.5%) тэрбум төгрөгөөр буурлаа.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 2 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 72.5 (6.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 196.0 (18.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 2402.9 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.0 хувь, өмнөх сараас 0.9 хувиар чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 380.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувь, өмнөх сараас 0.8 хувиар суларчээ.

Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 42.28 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар чангарсан байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2018 оны 2 дугаар сард 21116.0 нэгж болж, өмнөх сараас 31.21 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 8993.78 нэгжээр өсөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *