Хотын дарга захирамж гаргаж сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Гэхдээ ААН, байгууллага, иргэдийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС:
7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:
7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
7.1.2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
7.1.3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;
7.1.4. оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
7.1.5. орон сууцны орц, хонгил;
7.1.6. гудамж, талбай, цэцэрлэг;
7.1.7. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
7.1.8. нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.
7.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газарт дараахь зүйлийг хориглоно:
7.2.1. согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах;
7.2.2. 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.
/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3. Дараахь хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:
7.3.1. тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;
7.3.2. 21 нас хүрээгүй хүн.
/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.5. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.
7.6. Согтууруулах ундааны шошгыг дуурайлган үйлдэх, хууль бусаар хэрэглэх, худалдахыг хориглоно.
7.7. Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн болон шөнийн цэнгээний газрыг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний суурийн давхар /зориудаар тохижуулснаас бусад/-т ажиллуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглох
Хэвлэх
8.1. Сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно.
9 дүгээр зүйл. Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа
9.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй.
9.2. Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:
9.2.1. согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;
9.2.2.энэ хуулийн 7.3.2-т заасан этгээдэд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургах;
9.2.3.согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь өөрийн аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх;
9.2.4.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг, согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, нэрийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;
9.2.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх;
9.2.6.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах.
/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2.7.Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг явуулах.
/Энэ заалтад 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.3. Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг сурталчилгааг ивээн тэтгэж болно.