Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Санхүүгийн шинэ технологи Финтек

Автобусанд суухад мөнгөгүй хэмээн хөөгддөг байсан бол одоо мөнгөтэй хэмээн хөөгддөг болсон. Бэлэн мөнгө гаргаж ирээд хөөгдөж байгаа бол өнөөх смарт картгүйнх. Энэ мэтчилэн смарт хэрэглээнд шилжихгүй бол цаашид мөн энд тэнд багтах шингэхгүй болноо л гэсэн үг. Санхүүгийн салбарт гэхэд смарт технологи нэвтэрсээр хамгийн сүүлд гэхэд, гартаа суулгасан чипээр төлбөр тооцоо хийж байна.

Моод дандаа Монголоор дуусна ч гэж юу байхав, бид санхүүгийн шинэ технологи финтекийг нэвтрүүлж ашиглаж эхлээд байна. Тэгвэл финтек гэж чухам юу юм бэ.

Финтек гэдэг бол санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашигласнаар шинэ төрлийн үйлчилгээ бий болгох эсвэл одоо байгаа үйлчилгээг амар, хялбар, түргэн, шуурхай болгоод зогсохгүй түүнээс гарах зардлыг бууруулснаар үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах зорилготой. Давуу тал маш олон гэдгийг салбарынхан хэлж байгаа. Тодруулбал, хамгийн эхэнд үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулна. Та хэрвээ банкинд мөнгө шилжүүлэхдээ шимтгэл төлж буй бол энэ нь финтек дээр шууд буурна гэсэн үг. Дараачийнх нь мэдээж үйлчилгээ хурдан, хялбар болж таарна.

Санхүүгийн шинэ технологи Финтек гэж юу вэ

Хэн гаргаж болох вэ

Хэрвээ Монголбанкнаас зөвшөөрөл авсан тохиолдолд цахим мөнгийг гаргаж, Монгол Улсын төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглаж болно. Зөвшөөрөл олгох үйл явц болон эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгомжтой болгох зорилгоор Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг саяхан баталж, өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна. Журмыг бүрэн эхээр нь Монголбанкны албан ёсны цахим хуудас болох mongolbank.mn д байрлуулсан байгаа.

Финтек үйлчилгээнд бараа ажил үйлчилгээний төлбөр төлөх, цахим мөнгийг нэг хэрэглэгчээс нөгөөд шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх, буцаан хөрвүүлэх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах гэсэн үндсэн үйлдлүүд багтаж байна. Мөн цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд эдгээр бүх үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой.

Ингэснээр цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал салбар, нэгж байгуулж өндөр зардал гаргахгүй, үйлчилгээг олон нийтэд хүргэхэд хялбар болж байна.

Монголд хэн үйлчилгээ үзүүлж байна вэ

Одоогоор хэд хэдэн байгууллага финтект нэгдэж үйлчилгээ үзүүлж байна. Гар утаснаасаа дансыг шууд уншуулж болох QR код нэвтрууд удаж байна. Мөн Мобифинианс ББСБ-аас candy хэмээх цахим мөнгө гаргаж зохих ёсны зөвшөөрлийн дагуу үйлчилгээ үзүүлж байна.

Мөн хамгийн сүүлд нэвтэрснийг дурдах юм бол lend.mn апплекейшныг нэрлэж болно. Эднийх цахим систем ашиглан шуурхай бичил зээл олгож байгаа нь яах аргагүй финтек юм.

Сөрөг тал бий юу

Цахим мөнгөний хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор өдөр тутмын, жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалтанд зориулсан төлбөрийн хэрэгсэл байх юм. Жишээлбэл, ТҮЦ-нээс ундаа авах, дэлгүүр ороод хүнсээ цуглуулах зорилгоор цахим мөнгийг ашиглахаас биш цахилгаан бараа авах, бизнесийн зорилгоор гэх мэт өндөр дүнтэй төлбөр тооцоонд ашиглахгүй. Хэрэглэгч цахим мөнгө ашиглан хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг 1 сая, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар зохицуулсан. Энэ харьцангуй бага боловч цаанаа цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгах зорилготой. Хэрэв зах зээлийн шаардлага гарвал эдгээр хязгаарыг өөрчилж, хөдөлгөх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэсэн ч санхүүгийн салбарт шинээр нэвтэрч байгаа тул нууцлал, аюулгүй байдал нь сөрөг талд орж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *