Categories
мэдээ цаг-үе

Сангийн аж ахуйн салдаггүй хэд

Төв аймгийн Жаргалантын арван жилийг 1983 онд төгссөн охид хөвгүүд манай булангийн зочид. Уг нь эдний төгсөлт дөрвөн бүлэгтэй. Гэхдээ өнөөг хүртэл “а”, “б”, “в”, “г” гэж ялгарахгүйгээр биенээ гэсээр яваа нэг ангийнхан. Дундаа “нэг ангийнхан” гэсэн групптэй. Эмнэлэгт хэвтсэн, дотнын хүнээ алдсан гээд зовлон тохиолдсон нэгнийгээ мартана гэж үгүй. Ямар сайндаа л саяхан хагалгаанд орсон ангийн охиноо бөөнөөрөө эргэж очоод “Гранд мед” эмнэлгийнхнийг гайхашруулахав дээ. Цэцэгмааг нь эмчилсэн эмч нар “Та нар тэгээд үнэхээр нэг ангийнхан юм уу. Бүлэг ялгарахгүй ийм дотно хэрэг үү” гэж ирээд гайхацгааж. 1983 оны арвынхан “Нэг ангийнхан” групп дээрээ өдөр тутмын амьдралаа хүүрнэн өгүүлэх нь холгүй юм болдог гэнэ. Асуудал гарсан нэгэндээ сэтгэлээрээ цуглуулсан таван төгрөгөө бариад очдог халуун сэтгэлтэй 1983 оны төгсөлтийнхөн сургуультайгаа холбоотой ямар ч арга хэмжээнд бөөнөөрөө шуугиад очдогоо ярив. Цэцэгмаа, Гантогоо, Норовжав, Алиманцэцэг дөрөв ангийнхнаа төлөөлж ирсэн юм. Тэдэнд “а”, “б” гэж бүлгэрхэх юм үнэндээ алга. Цэцэрлэгээсээ хамт байсан жаалууд нэгдүгээр ангид хамтдаа орж, нэгээсээ дөрөв, таваасаа найм, наймаасаа аравт дэвшицгээсэн ч найзуудын дотно харилцаатай ижилдэцгээж. Сангийн аж ахуйн хүүхдүүд болсон хойно хөдөлмөр зуслан, тариа, ногооны талбай, жимсний сад, саалийн ферм гээд хавар, зун, намаргүй ангиараа элдэв ажилд дайчлагдана. Давжаа алим, чацаргана, лууван, байцаа, төмс гээд хураагаагүй жимс ногоо үгүй гэнэ. Хавар, намрын хөөртэй өдрүүд тэднийг нэг анги мэт ижилсүүлсэн бололтой. Цэцэгмаа “Лууван хураавал луувангаа иднэ, арай л төмс идээгүй байх” гэж хошигнож байна. Хавар хичээл тарангуут жимс, ундааны цехэд ажиллаж ном, дүрэмт хувцасны мөнгөө олдог хүүхэд зөндөө байж. 800 үнээний фермд ажилласан өдрүүдээ дурсахдаа охид инээд алдаад жигтэйхэн. Майханд багшийнхаа хүүхдийг харж хоноод буханд дайруулах дөхсөн Оюунбилэг, чихэнд нь хорхой орсон Баярмагнайгийн чихэнд сүүлний тос халааж хийгээд царцааж хөглөсөн Чукагийн паян гээд охидын дурсамж дуусах шинжгүй. Алимаа Тогоо хоёр үнээ сааж, Баярмаа Бямбажав хоёр хоол хийдэг байсан л гэнэ, Гантогоо Алимаа хоёр загсаасан өрмөө алдчихаад сандарсан л гэнэ, хулгайд алдсан өрөм, талхыг нь адуу манасан хөвгүүд туучихдаг байсныг тээр сүүлд мэдсэн л гэнэ. Тэртээх өдрүүдийг өнгөтэй будагтай нь санаад дуу шуутай байна гэж.

Саалийн фермийн хөгжилтэй өдрүүдийг залгаад дээс, резин, сагс тоглож, тэшүүрээр гулгаж өнгөрөөсөн сумын төвийн хөөртэй өдрүүдийн дурсамж үргэлжлэв. Цэцэгмаагаар тэшүүр заалгаад сүүлд улсад гэж яригдах тамирчин болсон Тэгшжаргал, хагассайн бүрд болдог сургуулийн бүжгийг цагаан парчикаа толийтол индүүдээд хүлээдэг байсан охид, вальсаар гайхуулдаг Гэрэлчимэг, Бямбатогтох, Гантулга, Энхжаргал, Цэрмаа, Эвлэлийн үүрийн хурлын өмнө гитардарж “венсремос” дуулдаг улс төрийн дууны хамтлагийнхан, онц сурлагатнуудад очдог өвлийн өвөөгийн алим, иштэй чихэр, нар хамба, баавгайтай чихэрхэн багтдаг бэлгийг хоног тоолон хүлээдэг байсан ахлах ангийнхан, Жаргалант тойрсон сумдаас ирсэн өөр зуураа амь гэж жигтэйхэн дотуур байрны хэд… 1983 оны төгсөгчдийн тухай дурсамж хэдэн ч цаг өрнөж мэдэхээр юм. Цуглаж суусан дөрөв сурлагаараа үеийнхнээсээ онцгойрсон Энхбаяр, Мөнх-Уул, Өрнөхбаатар, Баярмаа, Алиманцэцэг, Оюунтунгалаг, Түмэндалай, Алтаннавч, Баярмаа, Баасанжав, Түдэвваанчиг, Мөнхжаргал, Баярмагнай, Байгальмаа Лхагвадулам, Аюурзана, Эрдэнэцэцэгийгээ дурсав. Онц сурлагатнуудын нэг Норовжав “Хүн үлдээгээд байна, манайхан гомдох вий дээ” гэж байна.

Бүлэг ялгахгүй ижилдэх болсонд багш нар нь ч нөлөөлжээ. “б”, “в”-г дааж авсан орос хэлний Хонсол, математикийн Цэрэнпил хоёр гэр бүл гэнэ. Паралель анги дааж авсан гэр бүлийн хоёр уралдаан тэмцээний үеэр ангийнхнаасаа болж өөр зуураа цагаан маргаан дэгдээдэг байж. Шавь нар нь багш нараа магтана гэж жигтэйхэн юм. Зун ангиараа багшийндаа очдогоо баахан ярив. Цэрэнпил багшийнхаа гэрт хүүхдүүд нь юм шиг л хонож өнжицгөөдөг нэг ангийнхан сургуулийнхаа 30 жилийн ойгоор хоёр багшийгаа дагуулаад Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялжээ. Монголоороо аялчихаад Бээжин явсан аж. Мөн л ангиараа, гурван багштайгаа хамт. “А”-гийн Эрдэнэчимэг багшийн нөхөр нь тухайн үед хичээлийн эрхлэгчээр ажиллаж байж. Хичээлийн эрхлэгч байсан Самбуу багшийгаа дотночилдог нь ийм учиртай юм байна. Биологийн Насанхүү, математикийн Цэрэнбалжир, физикийн Жадамбаа гээд багш нарын тухай нандин дурсамж хөврөв. Дэгжин ганган, математикийг ой тойнд буутал хачин энгийн заадаг гэж Цэрэнбалжир багшийгаа магтаж байна. Физикийн Жадамбаа багшийг сургуулиараа Жа гэж хүндэтгэн дууддаг байсан гэнэ. Дотуур байрыг давхар хариуцдаг Жабагшийгаа Норовжав “Багш биднийг өглөө эртээ гэгч уулан дээр гарч билетээ унш гээд сэрээнэ. Одоо эргээд дурсах нь ээ уулан дээр дээл нөмрөөд хичээлээ уншиж суусан тэр мөч их гоё санагддаг. Үнэхээр хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг хүн байж билээ” гэж дурсав.

1983 оны төгсөлтийнхөн өөрсдийгөө шилжилтийн үеийг хэцүү туулсан гэж тодорхойлов. Гадаад дотоодод эрдэм номын мөр хөөгөөд дөнгөж ажилд орох цагт нь ерээд он залгасан гэнэ. Цэцэгмаа “Би хойно сургууль төгссөн юм. Төгсөөд иртэл ардчилал залгасан л даа. Яаман дээрээ очоод томилолтоо авна гэж бодож явсан ч огт өөр орчин угтсан. Цагийн байдал бусгаа, яамныхан бараг биднийг ад үзээстэй. Битгий ирээсэй гэж бодож байсан байх” гэж байна. Нэгдүгээр эмнэлэгт арга зүйчээр ажилладаг Гантогоо “Бид чинь хуваарь авахдаа хүртэл хүйсээрээ хэлмэгдсэн” гээд мушилзав. Тэр үед математикийн багшийн таван хуваарь ирлээ гэхэд гурав нь хүү, хоёр нь охин гэх мэтээр хүйсээр нь өгч байж. Сурлагаараа дээгүүр жагссан сурагчдын ихэнх нь охид байсан гэнэ. Охид хүйсийн хуваарилалтаас болоод өөрөөсөө муухан сурдаг хөвгүүнийг урдуураа оруулахаас аргагүйд хүрч байжээ. Эдний төгсөлтийнхөн инженерүүд олонтой юм байна. Норовжав холбооны инженер, Мөнх-Эрдэнэ барилгын зөвлөх инженер гээд жагсаавал олон хүний нэр гарах бололтой. Хөдөө аж ахуйн дээдийн хуваарийг нэлээд олон нь авчээ. Эдний анги гурван эмчтэй. Оюунтунгалаг, Аюурзана Булгамаа нар эмч мэргэжил сонгожээ. Булгамаа нь Польшид мэргэжлээрээ ажилладаг юм байна. Сургуулиа төгсөөд л нэгдүгээр эмнэлэгт эмийн санчаар орсон Байгальмаа нь өнөө ч тэндээ ажилладаг гэж ангийн охид ам нийлүүлэв. Гавьяа шагнал гэвэл салбарын тэргүүн олонтой анги юм. Хөдөлмөрийн хүндэт медальтнууд ч нэлээд хэд бий гэнэ. Охид ангийнхаа Болдбаатарыг “Алтан гадас”-тай гэцгээв.

Сангийн аж ахуйн сургуульд тохой нийлүүлснээсээ хойш өнөөг хүртэл биенээ гэсээр яваа энэ ангийнхан ойрын өдрүүдэд дахиад л цуглаад эхэлж. Сумынхаа 90 жилийн ойд тус дэм болох гэж ойрхон уулзангаа яриа хөөрөө өрнүүлэхээр товложээ. Бүгдээрээ жирийн л сайхан амьдралтай, зарим нь ач зээгээ харж халамжилж яваа 1983 оны арвынхан өнгөрсөн жилээс шинэ жилээ хамтдаа угтдаг болж. Ёолкоо ирэх жилээс уламжлал болгох санаатай байгаа гэнэ.

Ц.Баасансүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *