Categories
мэдээ нийгэм

Санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа.

2016 оны УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана.

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “Санал авах байрны ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байдаг. Тийм учраас ахлах зохион байгуулагчид бусдын эрхшээлд оролгүй, хуулийн дагуу хатуу чанга ажиллах ёстойг анхааруулж, тодорхой заавар, зөвлөмжүүдийг өглөө. Харин ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглах үүрэгтэй юм.

Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох ёстой. Гэтэл зарим санал авах байрны бэлэн байдлыг хангаагүй, чухал баримт материалыг сейфэнд хадгалаагүй ил байлгах зэрэг зөрчил харагдаж байна гэж нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэллээ. Мөн тэрээр “Дүүрэг, хорооны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ санал авах байрыг бэлэн болгох хуулиар хүлээсэн шууд үүрэгтэй. Гэвч зарим хорооны Засаг дарга үүргээ биелүүлэхгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хэсгийн байрны бэлтгэлийг бүрэн хангаагүй байна. Тийм ч учраас яаралтай бэлэн болгохыг шаардсан. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байвал арга хэмжээ авах хуулийн заалт бий” гэлээ.
Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас мэдэх боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.

НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *