Categories
гадаад мэдээ

Самсунг ”Galaxy Note-7”-н баттерей дэлбэрч болзошгүйг урьдчилан мэдэж байсан гэв

АНУ-ын Флоридагийн Палм Бич гэх газарт “Galaxy Note 7” загварын ухаалаг гар утасны баттерей дэлбэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал, Жонатан Стробел нэртэй оршин суугчийн богино өмднийхөө баруун талын халаасанд хийсэн Galaxy Note 7 загварын утас дэлбэрч, хөлөндөө хүнд бэртэл авчээ. Шокийн байдалд орсон Стробелийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

Улмаар уг хэрэгт холбогдуулж хохирогч Самсунг компанийг шүүхэд дуудаж, гомдол гаргажээ.

Харин Самсунг компанийн төлөөлөгч “Ийм төрлийн осол гарч болохыг компанийн зүгээс урьдчилан мэдэж байсан. Гэхдээ үүнийг шүүхийн хэмжээнд хүрэх асуудал гэж бодохгүй байна” хэмээн ABC телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Шүүхийн зүгээс хохирлын хэмжээг 15 мянган ам.доллар хэмээн тооцоолоод байгаа юм.

Самсунг компани өнгөрсөн наймдугаар сард шинээр худалдаанд гаргасан Galaxy Note 7 загварын ухаалаг гар утаснуудаа хэт халдаг, баттерей нь дэлбэрдэг асуудлаас үүдэж зах зээлээс эргүүлэн татаж эхлээд байгаа билээ. Компанийн гүйцэтгэх захирал ч асуудлыг хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийсэн.

АНУ-ын хэмжээнд Самсунг компанийн утас хэт халснаас болж эвдэрсэн 92 тохиолдол бүртгэгдсэний 26 нь шатсан, 55 нь механик гэмтэл, түүнчлэн автомашин болон гражид шатаж, дэлбэрсэн тохиолдлууд бүртгэгдээд байна.

Самсунг компани Galaxy Note 7 загварын нийт 2.5 сая гаруй утсыг худалдаанд гаргаснаас нэг сая гаруйг нь АНУ-ын зах зээлд худалджээ.

Компанийн зүгээс тус загварын утастай хэрэглэгчдэд утсаа буцааж оронд нь шинэ утас олгохоор болсон. Түүнчлэн Нью-Йорк хотын тээврийн албанаас зорчигчдыг Galaxy Note 7 утастай бол тээврийн хэрэгсэлд суухаасаа өмнө унтраах, зорчиж байх үедээ хэрэглэхгүй байх журам гаргаад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *