Categories
мэдээ соёл-урлаг

Самар эмгэн

Хүмүүсийг хувилгадаг нэгэн эмгэн байжээ. Түүний гар нь урт, шүд нь хурц, нуруу нь бөгтгөр, бие нь хавирган сар шиг хэлбэртэй гэнээ. Түүнийг харсан хүмүүс ховор ч үлгэр домогт түүнийг өглөө үүр цайхад шуудайгаа үүрээд бөгцөг бөгцөг алхаж байдаг гэлцэнэ.

Эртэч эмгэнийг харсан хүмүүс тэр өдрөө баяртай үйл явдал тохиох нь гэж самрын яс хагалдаг заншилтай болжээ. Эмгэн самрын яс хагарахад доторх үрийг нь идэх гэж эргэж ирдэг гэж үздэг учир хүмүүс самрынхаа үрийг идэлгүй өргөдөг ажээ. Тийм ч учраас түүнийг Самар эмгэн гэж нэрлэцгээнэ. Түүнийг шуудайтай юм үүрч явдаг гэлцдэг бөгөөд тэрийг нь самрын үр ч гэж хүмүүс ярилцдаг байв.

Эмгэн туслах хүндээ тусалж, бас шоглох хүнээ шоголчихоод яваад өгдөг адтай нэгэн ажээ.

Ингээд нэгэн удаа Самар эмгэнд тохиолдсон явдлыг яръя.

Нэгэн өглөө тэрээр айл гэрийг үймүүлж, эхнэрийг нь эзгүйчилж явдаг нэгэн завхай хүүхэнтэй таарчээ. Хар үүрээр айлын гэрээс гараад хаашаа ч юм бэ хулгайч шиг яаран алхах тэр хүүхэн дээр эмгэн очоод

Хүү минь ээ чамд ингэж явахаас өөр хийх ажил алга уу, ингэж айл гэр үймүүлэхээ больсон чинь дээргүй юу гэж эв аргаар ойлгуулах санаатай хэлэхэд Хүүхэн муухай харж, эмгэнийг доороос нь дээш нь сонжоод

Хн…Хог лааз түүж явдаг, хогийн тантан шиг хувцастай, хөгшин эмгэн чамд миний явдал ямар хамаа байна гээд хэнэг ч үгүй өндөр өсгийт дээрээ тогтож ядан товор товорхийн алхаж одож гэнэ.

Самар эмгэн уурлан үүрч явсан шуудайгаа газарт тавиад дотроос нь нэгэн самрын үр гаргаж ирэн амандаа шившээд араас нь шидэхэд тэр бүсгүй тэр дороо үзэшгүй муухай эмгэн болж хувирав. Нүүр нь үрчийж, үс нь ширэлдэн шүүр шиг болж, хөл гар нь тахийв гэнэ. Хүүхэн өөрийгөө хувирсныг ч анзааралгүй алхаж явтал зөрсөн хүн болгон түүнээс зугтаж, ямар муухай эмгэн бэ гэж шивэр авир гэлцээд байхаар нь гайхан үсээ илэх гэтэл хоёр гар нь үзэшгүй муухай болсоныг олж харав. Тэрээр хоёр гараа ээлжлэн харж, нүдэндээ ч итгэлгүй бушуухан цүнхнээсээ толио гарган өөрийнхөө үнэн төрхийг олж хараад тэр дороо ухаан алдан газарт пидхийн ойчов.

Нэг мэдсэн цагаан халадтай эмч дээрээс нь өнгийн зогсож байв.

Өө эмээ та сэрчихэв үү, өвдөж байгаа зүйл байна уу гэж уриалагхан асуухад нь

Эмээ гэнэ үү, чи юу яриад байгаа юм бэ, би эмээ биш гэж босох гэж зүтгэхэд нь эмч түүнийг даран хэвтүүлж

Босож болохгүй ээ эмээ, бие чинь их муу байна. Ийм өндөр настай хүн байж ганцаар явж болохгүй ш дээ, үр хүүхдээ, үгүй ядаж ач зээгээ дагуулаад явж бай л даа гэхэд нь

Бурхан минь, энэ авгай чинь одоо юу яриад байнаа, алив толь байна уу толь гэж хашгирлаа. Сувилагч бүсгүй тайвшруулах тариа тэр дор нь хийж тэрээр жаахан тайвшран юу болсныг санах гэж оролдон толинд гунигтайяа дахин харав

Түүний хими хийлгэсэн дэрэвгэр хар сормуусных нь оронд гомдмоор хэдэн үс сөрвийж, давхраа хийлгэсэн алаг нүднийх нь оронд цэхийсэн хоёр цийдэм өөдөөс нь ширтэж, өөгүй шулуун хамрынх нь оронд үл мэдэг товгор яс, хоёр нүх л харлаж үзэгдэв. Хайртай гэж залуус ханаж цадахаа мэдэхгүй үнсэж үнгэлдэг улаахан уруулынх нь оронд шүдгүй буйл бултасхийхэд хорвоо тэр чигээрээ л хөмөрчих шиг санагдав.

Хувирч өөрчлөгдсөн гадаад төрхөө хичээж засаж буцаж залуу сайхан болъё гэвэл өөрийн гэмээ ухаарч өдөр бүр нэг сайн үйл хийж бай гэсэн эмгэний үг тархинд нь харван орж ирэхэд түүнд уур нь хүрч хамаг юмаа авч шидлэв. Хагарсан толь хананд ойн цацагдахад тэрээр “Энэ бүхэн шударга бус байна, өнөөгийн нийгэмд ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүн хаана байна” гэж уурсан хашгирч орноосоо үсрэн буухад өвдгөөр нь хатгуулан өвдөж буцаад л ёо ёо гэсээр буцан суулаа. Хэчнээн уурлалаа ч ямар нэмэргүй учир тэрээр энэхүү гэнэтийн гайг өрөөл бусдад тохолгүй өөрөө л үүрч гаръя гэж шийдэн эмнэлэгээс гарлаа.Гэр бүлийнхэн дээрээ ч очилгүй өнөөх шоолж байсан эмгэнээ дуурайн шуудай үүрч, шил лааз цуглуулан арай гэж амиа зогоон явах болж гэнээ.

Урьд нь харж байсан муу муухай гэж бодож явсан бүхэн нь түүний нүдэнд үнэ цэнэтэй харагдаж, баячуудаас илүү ядуу хүмүүс илүү хүн чанартай юм байна гэдгийг тэрээр олж мэдэн олон сайхан найз нөхөдтэй ч болж удалгүй түүнийг өрөвдөн хүмүүс гэр барьж өгөхөд тэрээр хашаандаа мод тарьж, ногоо ургуулж зогсолтгүй хөдөлмөрлөсний хүчинд өөрт илүү гарснаараа хүүхэд багачуудыг баярлуулан үр жимсээр нь ундаалан тэдний азжаргалтай инээд хөөрийг харан суусаар нэг мэдэхэд гадаад төрх байдал нь өөрчлөгдсөөр урьдын адил залуу сайхан болж гэнээ. Тэрээр одоо чадах бүхнээ бусдын төлөө зориулан, гайхамшигтай амьдрал хайрласан бурхандаа өдөр бүр залбиран талархах болжээ.

Түүнийг ийнхүү өөрчлөгдөж буйг хараад Самар эмгэн баярлан түүнрүү дахин нэг үр шившин шидэхэд удалгүй тэрээр сайхан залуутай таарч хамтдаа амьдран хөөрхөн хүүхдүүд төрүүлжээ.

Энэ бүхнийг харан сэтгэл нь амарсан Самар эмгэн өөр олон хүмүүст сургамжаа өгөхөөр шуудайгаа үүрэн жирийн одлоо. O. Өнөрцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *