Categories
мэдээ нийгэм

Салхин цэцэг өвчнийг ингэж эмчилнэ

Сүүлийн өдрүүдэд салхин цэцэг өвчний тархалт цэцэрлэгийн насныханы дунд нэмэгдэж байгаа аж. Салхинцэцэг өвчин нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 1-7 насны хүүхэд өвчилдөг байна. Өвчний нууц хугацаа 10-21 хоног  байдаг гэнэ. Өвчний нууц хугацаа гэдэг нь  хүүхэд халдвар авсан өдрөөс хойш  өвчний анхны шинж тэмдэг илрэх хугацааг хэлдэг юм байна. Салхин цэцэг өвчний үед  өндөр халуурах, толгой нь өвдөх, хоолны дуршил муудах, нүд улайж, бага зэрэг загатнаж, нулимс гоожих шинж илэрдэг байна. Эхлээд нүүр, их биеэр жижиг улаан тууралт гардаг байна. Цаашид  бүх биеэр тууралт гардаг. Тууралт нь хэсэг хугацааны дараа тууралт цэврүү маягтай болж туурдаг аж. Цэврүү нь хоёр хоногийн дараа хагарч тавшина. Мөн үүнээс гадна амны хөндийн салст бүрхэвчид тууралт гарч хагаран шархлаа үүснэ. Энэ үед хүүхдэд амны хөндийн шархлаанаас болж хоол ундаа ууж идэхэд хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, шүлс гоожих, хорсох, өнгөр тогтох, халуурах  зэрэг шинж тэмдэг илэрнэ. Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг илэрвэл яаралтай эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй. Салхинцэцэг өвчнөөр өвчилсөн хүүхдийн биеийн дархлаа ихээр сулардаг учир ханиад, ларингит, хатгаа болон өөр бусад өвчинтэй хавсарч өвчилөх магадлал их байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Тухайлбал гэртээ болон  өрөөндөө өдөрт 2-3 удаа салхивчаа нээж агааржуулалт хийх, гэр болон өрөөгөө тогтмол 18-20 хэмийн дулаантай байлгах, чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдээ дулаан хувцаслаж 14 хоног тусгаарлаж гэртээ болон эмнэлэгт эмчлүүлэх, витаминаар баялаг халуун аарц, төрөл бүрийн  жимс жимсгэний шүүс, чанартай халуун хоол, халуун цай уулгаж, идүүлэх, ам хоолойг нэг хувийн содын, давсны уусмалаар өдөрт 2-3 удаа зайлуулах зэргээр хүүхдэдээ анхаарахыг эмч нар зөвлөж байна. Аманд тууралт гарсан тохиолдолд амны хөндийг буцалсан ус ба  ам зайлах тамедины уусмалаар өдөрт 2-3 удаа зайлж асгуулаарай. Эмчийн заалтаар өгөх вирусын эсрэг болон  халуун бууруулах эмийг цаг тухайд нь уулгаж,  түрхлэгийг заавал түрхэж, эмчийн зөвөлгөөг дагаарай.  Ингэвэл таны хүүхэд хурдан хугацаанд хүндрэлгүй эдгэх болно. Энэ өвчний үед хориглох зүйлүүд бий. Хүйтэн хоол, цай уулгаж идүүлэх хэрэггүй.  Халуун бууруулах зорилгоор  аспирин өгч болохгүй. Тогтсон тавыг арилтал гадуур салхинд битгий гаргаарай.  Цэцэрлэгт нь явуулах бол  шархны тав бүрэн эдгэрсний дараа эмчийн магадалгаа, шинжилгээний бичигтэйгээр хүргэж өгөөрэй. 

Ц.Сүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *