Categories
мэдээ нийгэм

Сайн мах авъя гэвэл өглөө, хямд мах авъя гэвэл өдөр ирэх хэрэгтэй

Бид махны жижиглэн болон бөөний үнийг сонирхохоор “Хүчит шонхор” захыг зорилоо. Хонины цул мах 9000, ястай нь 8500, ямааны цул мах 9000, ястай нь 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нийслэлийн Статистикийн газрын өнгөрсөн оны хонь, ямааны махны үнэтэй харьцуулахад хонины цул мах 7500, ястай нь 6800, ямааны мах ястай нь 5800 байсан буюу энэ жилийн үнийг “тэнгэрт хадсан үнэ” гэхэд буруудахгүй. Харин үхрийн цул мах 11000-11500, ястай нь 10000-11000, адууны цул мах 8000 төгрөг байна.

“Хүчит шонхор” захад мах нийлүүлэгч Увс аймгийн харьяат Т.Батмөнх: “Махны жингийн зөрүү гэж байдаг ба түүнээс хамаарч үнийн дүн нь зөрүүтэй байдаг”


-Махны бөөний үнэ хэд байна вэ, үнийн зөрүүг тайлбарлавал?

Тэмээний мах бөөний үнэ нь 3500-4000 байсан бол одоо 5000-5500, адууны мах 4500-5000 байсан бол 5500-6000, ямааны мах 6000 гарсан учраас хонь, үхрийн махны үнэ өсөж байгаа. Зах зээлийн ханшинд өглөөний ханш, өдрийн ханш гэж байдаг. Өглөөний ханш гэдэг нь үүрийн 4-7 цагийн хооронд байх ба энэ үед махны үнэ илүү өндөр байна. Учир нь махны бөөний үйл ажиллагаа энэ үед явагддаг. Энэ үе нь зогсонги байдалд орж эхлэхэд ард иргэддээ үйлчилж эхэлдэг.

Махны жингийн зөрүү гэж байдаг ба түүнээс хамаарч үнийн дүн нь зөрүүтэй байдаг. Махны доод үнийг адуу, тэмээ ямааны мах барьдаг бол дээд үнийг үхэр, хонины мах барьдаг. Доод үнэ өсвөл дээд үнэ дагаад өсдөг. Сайн мах авъя гэвэл өглөө, хямд мах авъя гэвэл өдөр ирэх хэрэгтэй.

Гурил, будааны үнэ: Хүчит шонхор зах дээр цагаан будаа кг нь 2500, Алтан тариа ХК-ийн дээд гурил кг нь 1600, 10кг нь 15000, 25кг нь 27000 төгрөгийн үнэтэй байна.

Хүнсний ногоо, сүүний үнэ: Монгол шинэ ургацийн төмс кг нь 1800, лууван 2000, байцаа 1500, манжин 3000 төгрөгийн үнэтэй байна. Харин сүү 1500, тараг 1700, ааруул 10000-18000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

А.МӨНХНАРАН

Б.ОЮУНДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *