Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн бодлого мөнгө хоёр хосолж байж хөгжлийг бүтээдэг, эдийн засгийг өсгөдөг

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын “Бид хамтдаа” үндэсний форумд тавьсан “Хөгжлийн бодлого ба эдийн засгийн орчин” илтгэлийн товчлол…

Эрхэм хүндэт хатагтай, ноёд, зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энд миний ярих, намаас оноож өгсөн сэдэв бол жаахан хүнд. Монгол Улсын хөгжлийн бодлого ба эдийн засгийн өнөөгийн орчны тухай. Агуулга нь том, маш олон албаны үг, тоо баримтыг 15 минутад багтааж ярих ёстой учраас хүнд гэж байгаа юм.

Бид нар, Монгол Улс минь өнөөдөр хаана явна вэ. Дэлхий нийтээр даяаршсан, биднээс хамаарах зарим соёл, үйлчилгээ тухайлбал, технологийн дэвшлийн ухаалаг хэрэглээгээрээ бид урагшилж байна. Улс орныг хөгжил рүү хөтлөх эдийн засгийн болон бусад үзүүлэлтээрээ өнөөдөр бид ухарч байна. Үүнийг илтгэх хэдхэн тоон үзүүлэлтийг та бүхэнд дуулгая.

Эхлээд эдийн засгийн өнөөгийн байдлыг өөрийнхөө тэргүүлж байсан Засгийн газрын үеийн хтэй харьцуулъя. Энэ нь хэн нэгнийг дөвийлгөж, эсвэл аль нэгнийг муучилж, бас үе үеийн Засгийн газрын хийж буй ажлыг үгүйсгэх гэсэн хэрэг биш юм. Энд нэгд, бид бэрхшээлтэйгээ нүүр тулж түүнийгээ барьж авахын тулд бодит үнэнтэйгээ эвлэрэх ёстой. Хоёрт, Засгийн газрыг ээлжлэн барьсан МАН, АН-ын улс орныг авч явах улс төрийн туршлага, бодлогын ялгааг харах учиртай юм.

Манай Засгийн газрын үед 17.5 хувь байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр гурван хувьд хүрэхээ больж зургаа дахин буурлаа. Эдийн засгийн өсөлт гэж ярихаар олон нийт ойлгохгүй гэдэг, тэр нь хүнд наалдахгүй болохоор хийсвэр тоо мэт санагддаг гэж зарим улстөрчид ярьдаг. Тийм ч болохоор эдийн засгийн өсөлтийн тоо хамаагүй, зүгээр хөөс гэж сонгуулийн үеэр ч, дараа нь ч эрх баригч намынхан их сурталчилсан. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлтийн тухай ярихаас өөр аргагүй байдалд орлоо. Яагаад гэвэл 2011 онд ажилгүй хүмүүсийн тоо анх удаа нэг оронтой тоонд ортлоо буурч байсан бол өнөөдөр буцаад огцом өсч байна. Ядуурал 2010-2012 оны хооронд 11.4 хувиар буурсан бол 2012-2014 онд 5.2 хувиар буурсан байна. Хот суурин газруудад өмнө нь 11 хувиар ядуурал буурсан бол 2012-2014 онуудад дөнгөж гурван хувиар буурсан байна. Эдийн засгийн өсөлт огцом буурсан нь хүмүүсийн амьдралд маш хүндээр тусаж байна гэдгийг ойлгохгүй хүн өнөөдөр байхгүй байх.

2011 оны дүнгээр Монгол Улсад 4.6 тэрбум ам долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байв. Энэ тоо 2014 оны байдлаар 276,6 сая ам.доллар болж 16 дахин буурсан байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаны хамгийн тод жишээ. Оюу толгойн хөрөнгө оруулалт дууссан болохоор ийм байгаа гэж засгийн эрх баригчид тайлбарлах гэж оролдоод байсан. Гэтэл өнөөгийн энэ нөхцөл байдал нь уул уурхайн нэг том төслийн анхны үе шат нь дууссанаас үүсээд байгаа юм биш. Харин уул уурхай, дэд бүтцийн бусад томоохон төслүүдээ урагшлуулж чадахгүй цаг алдаад байгаагаас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Дэлхий биднийг тоохгүй, бусдад тоогдохгүй байна гэдэг муу л үр дагавартай. Ялангуяа, бусадгүйгээр урагшаа явахын аргагүй даяаршиж байгаа энэ цаг үед.

МАН төрийн эрхийг хүлээлгэн өгөхөд улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар байсан ба 2012 оны эцэст 4,1 тэрбум ам.долларт хүрсэн байв. Харин сонгуулийн дараа олон алдаатай бодлого явуулсны уршгаар улсын валютын нөөц эрс буурч, юанийн своп хэлэлцээрээр л аргацааж байна.

Биднийг засгийн эрхийг хүлээлгэн өгөх үед 1396 төгрөгтэй тэнцэж байсан доллар 2000 хүрээд өнөөдрийн байдлаар 1995 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрч буй гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 45 орчим хувиар унаснаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Үүнээс муу мэдээ гэвэл Монгол Улсын гадаад өр хуульд заасан босгоос давж, хэрээс хэтэрлээ.

Монгол Улсын нийт гадаад өр энэ оны хагас жилийн байдлаар 21,672 тэрбум ам.доллар буюу 43,264 их наяд төгрөг байна. Өрийн хэмжээ 2015 оны хүлээгдэж буй ДНБ болох 24 их наяд төгрөгтэй харьцуулахад 180 хувийг давжээ. Хамгийн аюултай нь үүнээс Засгийн газар болон Төв банкны өр нийлээд 5.6 тэрбум ам.доллар болж өссөн байна. Өмнө нь Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банк зэрэг олон улсын хөгжлийн банкуудаас урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авдаг байсан бол одоо богино хугацааны, арилжааны зээл давамгайлдаг боллоо. Аж ахуйн нэгжүүдийн өрийг тухайн компани нь өөрөө л хариуцдаг журамтай. Харин засгийн энэ өрийг татвар төлөгчдийн халааснаас л төлж таараа. Саяхан би хотын дарга Э.Бат-Үүлийн “манай улс ирэх хавар гэхэд Грек шиг хямарна” гэж хэвлэлд ярьсныг олж үзлээ. Эрх барьж байгаа намын лидер, хотын дарга хүн санаандгүй, судалгаагүй ишлэл хэлэхгүй нь тодорхой. Статистик харьцуулж харвал Грекийн хямрал тус улсын гадаад өр нь ДНБ-ийхээ 165 хувьд хүрснээр эхэлжээ. Манай улсынх одоо ДНБ-ийнхээ 180 хувийг давж байна. Грекийн хямрал бүр гүнзгийрч, гадаад өр нь хамгийн сүүлийн үеийн мэдээгээр ДНБ-ийхээ 235 хувьтай тэнцэж байна. Хэрвээ манай улсын гадаад өр дээр дотоодын зээлийн өрийн үлдэгдэл буюу нийт дотоод өр болох 12,3 их наяд төгрөгийг нэмбэл 55,56 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 231 хувьд хүрнэ гэж эдийн засагчид тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хямралтайгаа эвлэрчихсэн, хямралынхаа өмнө төр засаг нь хоёр гараа өргөж, гаднаас тусламж гуйж байгаа Грекийнхтэй ижил түвшинд хүрсэн байна. Лондонд байрладаг олон улсын судалгааны байгууллагаас энэ оны долдугаар сард гаргасан тайланд өрийн өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт Монгол Улсыг оруулсан нь дээрхийн нотолгоо.

Ийм хэдхэн харьцуулалтаас харахад л өнөөдөр бид, улсаараа урагшаа явсангүй, хойшоо л ухарлаа. Өртэй, үнийн өсөлттэй, үндэсний мөнгөн тэмдэгт нь ханшийн уналттай ийм орчинд “Хүн шиг амьдрах” ямар ч боломжгүй. Иргэд нь хүн шиг амьдарч чадахгүй байхад улс нь “Улс шиг хөгжих” бас ямар ч боломжгүй. Энэ ухралт биднийг, улсаа дэлхийн хаахнуур эрэмбэлж байгааг бас хэдхэн жишээгээр өгүүлье.

Монгол Улс өнөөдөр өрсөлдөх чадвараар дэлхийн 148 орноос 107-д явна. 2010-2011 онд 99-т, 2011-2012 онд 96 дугаар байрт тус тус явж байсан бол 2014 оны байдлаар 107 дугаар байрт орж даруй 11 байраар хойш ухарсан байна.

Зээлжих зэрэглэл олон улсын тооцооллын бүх аргачлалаар доороосоо хоёр дахь шат хүртлээ уруудлаа.

Дэлхийн банкны орлогын ангиллаар Монгол Улс бага-дунд орлоготой орны ангилалд байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг Хүний хөгжлийн илтгэлд Монгол Улс хүний хөгжлийн индексээр Дэлхийн 187 орноос 103 дугаар байранд буюу дундаж гэсэн ангилалд багтаж байна.“International Living” байгууллагын 192 улсыг хамруулсан судалгаагаар Монгол Улс амьдралын чанарын үзүүлэлтээрээ 107 дугаар байрт оржээ.

Өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн яаж засан залруулах, зөв зам руугаа эргэж орох талаар хэдэн санал хэлье. Гэхдээ нэгэнт өнөөдрийн энэ хуралд мэргэжлийн эдийн засагчид уригдаж өөрийн санаа бодлоо бас хэлэх учраас миний хувьд эдийн засгийн онолын асуудлаасаа илүү бодлогын чанартай зүйлүүд дээр төвлөрч ярья.

Нэгд, эдийн засаг яагаад ингэж унаад, бид яагаад ингэж ухраад байна вэ гэдэг асуудалд бодит хариулт өгөх хэрэгтэй. Улс мөнгөгүй байв уу гэвэл үгүй. Мөнгө байсан. МАН-ын Засгийн газрын үед төсвийн нийт зарцуулалт 4.0 их наяд орчим төгрөг байсан бол Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төсвийн нийт зарцуулалт 7.5 их наяд болж өссөн. Үүн дээр 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэртэй “Чингис” болон “Самурай” бонд, Монгол банкны 3.5 их наядын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, өмнөх Засгийн газраасаа өвлөж авсан Хөгжлийн банкин дахь 580 сая ам.доллар гээд хөрөнгө, санхүүгийн асар их боломжтой ажилласан. 3-4 дахин их мөнгөтэй байсан. Мөнгө байсан, харин бодлого байгаагүй.Тэгэхээр мөнгө дангаараа бус, харин сайн бодлого, мөнгө хоёр хосолж байж хөгжлийг бүтээдэг, эдийн засгийг өсгөдөг нь эндээс харагдана. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хямрал бол бодлогогүйн уршиг, бодлогын алдаанаас үүдэлтэй. Дэлхийгээс хамааралтай биш, ихэнхдээ бидний бодлогын алдаанаас үүдэлтэй хямрал юм. Хямрал бол хаана ч, аль ч улсад “урилгагүй зочин” байдаг. Харин Монголд урилгаар ирлээ. Ямар ч улс орон хямралыг зорьж олдоггүй, хямрал өөрөө л ирдэг юм. Харин манай улс энэ удаа хямралыг хайж яваад, зорьж оллоо.

Бодлого бол нэг талаас зорилго, бас маршрут. Улс орон бодлогогүй байна гэдэг бол хөгжих зорилгогүй, хөгжилд яаж хүрэх “газрын зураг”-гүй байна гэж би зүйрлэх дуртай. Бодлогогүй бол газрын зураггүй уртын аялалд гарсантай адил. Харин бодлого байгаад түүнийгээ уламжлахгүй, залгамж чанарыг нь хадгалахгүй, мөрдөхгүй байна гэдэг нь аяллын замд төөрчихөөд цүнхэнд бэлэн “газрын зураг”-аа үзэхгүй явсаар илүү хол төөрч мунгинахтай л адилхан.

Хоёрт, улс орныг хөгжүүлэх, эдийн засгийг удирдах бодлого бол шөнө зүүдэлснээ өглөө нь шууд хэрэгжүүлэхтэй адилгүй. Улс төрийн намууд улс орныг хөгжүүлэх бодлогоороо сонгуульд өрсөлддөг. Тэр нь сонгуулийн мөрийн хөтөлбөр. Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол улс орныг хамгийн багадаа дөрвөн жил хөгжүүлэх, цаашид тогтвортой хөгжлийн суурийг тавих бодлого юм. Тэгэхдээ энэ бодлого нь сонгуулийн санал авах төдийхөнд зориулагдсан, популист маягтай, судалгаагүй байж болохгүй. Шинжлэх ухаанч, мэдлэгт суурилсан, олон жилийн тооцоо судалгаагаар баталгаажсан, тэгээд мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан, яалт ч үгүй зөв замд, хөгжилд хөтлөх баримт бичиг байх ёстой. Өнөөдөр бидэнд, Монгол Улсад тийм л “замын зураг” хэрэгтэй байна. Тэгээд тэр замын зургийнхаа үзэл санааг нь аль ч нам засгийн эрх барьсан хөнддөггүй, хэрэгжүүлдэг байвал улс орон хөгжиж олон түмний амьдрал сайжирна. Хэрвээ тийм “замын зураг”-аа гаргаж чадвал мөнгө бол хоёр, гуравдугаар асуудал. Харамсалтай нь өнөөдөр засгийн эрх барьж байгаа намуудад ийм “замын зураг” алга.

Уг нь энэ “замын зураг” -ийг зурахад бүх өгөгдөхүүн нь бэлэн байгаа юм. Жишээ нь, Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын судалгаагаар бидний сул талуудыг маш тодорхой хэлээд өгсөн байгаа. Дэд бүтцийн хөгжлөөрөө 140 орноос 112-т, макро-эдийн засгийн орчноороо 133-т, санхүүгийн зах зээлийн хөгжлөөрөө 125-д, аж ахуйн нэгжүүдийн хөгжлөөрөө 113-т байна. Бидний өмнө тулгарч байгаа маш олон асуудал байгаа ч эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлье гэвэл эхний ээлжинд эдгээрийг шийдэх бодлогоо гаргах нь зүйтэй. Дахиад хэлэхэд эдгээр асуудлыг мөнгө цацаж шийдэх биш бодлогын орчныг нь сайжруулах аргаар шийдэх учиртай. Тухайлбал, дэд бүтцээ сайжруулахын тулд дан ганц засаг төр нь гаднаас зээл авах биш хувийн хөрөнгө оруулалтыг эрчим хүч, зам тээврийн салбарт хэрхэн татах вэ гэсэн бодлогоо тодорхой болгох ёстой.

Нийгмийн салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжлийн индекс, бизнесийн салбарт Дэлхийн банкны Бизнесийн орчны индекс гээд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм индекс хэд хэд байгаа. Тэдгээрийг ашиглаад шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тоон үзүүлэлтээр хэмжигдэхүйц “замын зураг”-аа тэргүүлэх ач холбогдолтой салбар тус бүрээр гаргаж авах нь бодлоготой болж байгаагийн хамгийн тод илэрхийлэл байх болно. Цээжний бангаар, нэг удаагийн сонгуулийг аргалж өнгөрөөдөг үе Монгол Улсын хувьд дууссан. Цаашаа энэ арга барилаараа явбал бид дэлхийгээс хоцорно, байран дээрээ л баахан хий эргэнэ. Одоо бидэнд мэдлэгт суурилсан эдийн засаг, бодлогын судалгаа, хөгжлийн тогтвортой цогц, цуврал бодлого хэрэгтэй.

Гуравт,бодлого маань өөрөө тодорхой зорилго, зорилттой байх ёстой бөгөөд Ардын намаас дэвшүүлж тавьдаг стратегийн зорилт нь нийгэмд чинээлэг дундаж давхаргыг зонхилох давхарга болгоход оршино. Гарааны ижил тэгш нөхцөлийг хүн болгонд боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо зэргээр олгож зах зээлийн өрсөлдөөний шуурганд барьц алдсан иргэддээ хэрэгтэй тусламжийг нь хэрэгтэй цаг үед нь өгч байх ёстой юм. Тийм ч учраас эдийн засгийн хөгжлийн тухай ярихдаа манай нам заавал нийгмийн салбарын бодлого, орон нутгийн хөгжил, олон нийтийг хямд орон сууцаар хангах бодлоготой уялдуулж ярьж хийх ёстой. Манай намаас эхлүүлсэн Хүний хөгжлийн сан, Кембриджийн сургалтын хөтөлбөр, Монгол мал хөтөлбөр, Таван толгойн 1072 хувьцаа, Хөрөнгийн биржийн шинэчлэл, Орон сууцны зургаан хувийн зээл зэрэг санаачилга нь чинээлэг дундаж давхаргыг нийгэмд зонхилох давхарга болгох бодлогын илэрхийлэл байсан. Эдгээр санаачилгыг улам баяжуулж цаашид хэрэгжүүлэх арга замыг боловсронгүй болгох нь зүйтэй гэж бодож байна.

Дөрөвт, энэ бүхнийг хийхийн тулд бид өөрсдийн сэтгэхүйгээ өөрчлөх ёстой болоод байна. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эрхшээлдээ оруулж явсан агуу хүмүүс. Гэхдээ өнөөдөр энэ бол түүх. Бид цаг үргэлж энэ түүхээрээ бахархана. Харин 800 жилийн дараа энэ түүхээр амьдрах гэж зүтгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, цаашид хөгжихийн тулд дэлхийн дүрмээр тоглож байж дэлхийн Монгол байх юм байна гэдэг оюун санаа, сэтгэлгээнээс бидний хөгжил эхэлнэ гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ санаагаа би өмнө хэлж байсан ч өнөөдөр дахин нэг давтах нь зүйтэй гэж бодлоо.

Дэлхийн Монгол гэсэн сэтгэлгээтэй, шинжлэх ухаанч бодлоготой, бодлого нь өөрөө хүнээ дээдэлсэн байх юм бол засаглал зөв болж, өнөөгийн энэ хүндрэлийг бид хамтдаа даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *