2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг хорих тогтоол Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар баталжээ.
Өдгөө 200,000 өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бидний зүгээс сайжруулсан түлшийг нийслэл дэх дундын агуулахад нөөцөлж, төвийн 6 дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байна. Азийн хөгжлийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 91 хувь нь нүүрсээ бөөнд нь, 9 хувь нь жижиглэнгээр худалдан авдаг гэж гарсан байдаг.