Categories
мэдээ нийгэм

​Сайжруулсан шахмал түлшний үнсийг ашиглах стандартыг боловсруулжээ


Хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөөс үнс ихээр гарч, агаар орчны бохирдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотод үнс нь өвлийн улиралд нийт хог хаягдлын 48.2 хувийг эзэлж байна.

Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнсийг хэд хэдэн лабораторид судалж шинжлэн, туршилтууд хийж явган зам, талбайн хавтан, барилгын эдлэл үйлдвэрлэхэд, авто замын суурь хөрсийг цемент эсвэл шохойгоор бэхжүүлэхэд, хөрсийг сайжруулах бордоонд нэмэлтээр ашиглах, шавар тоосго, портландцементийн болон керамзитан хөнгөн дүүргэгчийн зэрэг үйлдвэрт түүхий эдээр хэрэглэх зэргээр ашиглах бүрэн боломжтой нь нотлогдсон тул үйлдвэрлэл явуулахад нэн шаардлагатай бичиг баримт болох суурь стандартыг боловсруулжээ.

Уг стандартыг боловсруулахад ШУТИС-ийн дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа, дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Р.Болормаа, дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Намжилдорж, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ–ын гүйцэтгэх захирал, техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер О.Лхагвадорж, эрдэм шинжилгээний ажилтан Н.Баяржавхлан нар ажилласан байна.

Стандартчилал хэмжил зүйн газрын Барилгын стандартчиллын техникийн хорооны ТХ-22-р хурлаар 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр “Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнс. Техникийн шаардлага, турших арга” стандартын бичиг баримтыг хэлэлцэн дэмжлээ.

Үнсийг дахин ашиглах, агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэх зорилгоор үнсийг судалгаа шинжилгээнд оруулж турших, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх, иргэдийг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэх, тээвэрлэх, шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулах зэрэг олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *