Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон тухай мэдээлэл өнөөдрөөс цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл үүнд сайд Н.Батбаяр хэвлэлийнхнээр дамжуулж хариу өглөө. Тэрээр “Би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй, ажлаа хийгээд явж байна. Цаашид ч ажлаа тууштай хийх болно” гэсэн юм.
Хуульд заасанаар УИХ-ын хаврын чуулган жил бүрийн долдугаар сарын 1-нд завсарлах ёстой.
Эл өдөр маргааш, харин сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-д хандан тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Хамгийн сүүлд УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Завсарлагын хугацаа ирэх пүрэв гаригт дуусах ёстой ч түүнээс урьтаж хаврын чуулган хаалтаа хийсэн байх тул энэ асуудал ирэх намар хүртэл хэлэлцэгдэлгүй хойшлогдох төлөвтэй болсон юм.