Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайд аа, анхааралтай харж болоо биш үү

Манай Сангийн сайд сүүлийн үед “Анхааралтай ажиглаж байна” гэж хэлээд айхтар ширүүн яг л хайрга мэт хатуу харцаар биднийгээ ширтэх болсон. Тэгээд ч үнэндээ тэр дээрээс айхтар анхааралтай ажиглаад байгаа нь худлаа ч биш бололтой байна. Сангийн сайд тэргүүтнүүд (үүнд би Монголбанкны ерөнхийлөгч, бас Эдийн засгийн байнгын хорооны дарга нарыг багтааж байгаа) долларын ханш тэнгэрт тултал босч ирснийг мэдээдэхсэн байна лээ.

Чухам үүнийг л хүлээж байсан аятай нөгөө интервенц гэгчээ хийж ногооны ханшийг арай жоолхон мохоосон нь үүний баталгаа юм. Харин тэр бүргэдийн мэт хурц харааны (дээр нь анхааралтай шүү) хаагуур нь өнгөрчихсөн юм бүү мэд, монгол төгрөгийн ханш шалдаа буучихсаныг нэг л анзаараагүй бололтой байна. Гэхдээ энэ ч нэг их онц юм биш л дээ гэж үү. Харин тийм ээ, онц юм биш нь биш, ганцхан гай болоход бид төгрөгөөр цалин авдаг. Хм. Хм… ийм доройдоо сайд болон эрх баригч та бүхнээс уучлал хүсч байна.

Тэгээд нөгөө бидний хэрэглэдэг төгрөг маань цаас болоод дуусч байна л гэх гэсэн юм. Ханш нь уначихсан төгрөгөө хармаанаасаа ч гаргаж ирэхээс айдаг боллоо. Яагаад гэвэл тийм үнэгүй шахуу цаасаар идэх юм бас бараа худалдаж авах гэх нь нөгөө наймаачныг доромжилсон болчих гээд байх юм. Бүдүүн баараг зарим нь ч нармайгаа нээлгээд дуусч байх шиг байна. Илүү дутуугүйгээр гүдэсхэн хэлчихэд бид чинь ядуураад дууслаа шүү, Сангийн сайд аа. Та анхааралтай ажиглахын хамт “жоомоо шатаах гээд байшингаа шатаав” гэгчээр сөрөг намаа баалан өдөр бүр “Бид хувхай хоосон байна, ханшийг барьж чадахгүй нь, бариад ч дэмий дөө” гэх ухааны мэдэгдэл хийгээд байхаар чинь жоомнууд чинь ч яах вэ шатдаг юм байгаа биз, байшин болсон маниус чинь бас хамт шатаад дууслаа. Одоо анхааралтай ажиглаж болсон баймаар юм. Удаан, дээрээс нь анхааралтай ажиглахыг зарим ухамсар мөчид хүмүүс арай өөрөөр хэлээд байдаг гэдгийг та юу эс андахав. Тэд шуудхан л “гөлрөөд байна” гэж хэлдэг юм билээ шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *