Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад хоёр дахиа ороод байна. Түүх сөхвөл 2007 онд анхны үнэлгээ хийгдэж, 2011 онд “Саарал жагсаалт”-д багтаж байсан юм. Анх 2007 онд саарал жагсаалтад маш олон орны нэр ирийж байсан бол өдгөө арав орчим улс л энэ жагсаалтыг бүрдүүлж буй. Өнгөрсөн баасан гаригт саарал руу уруудсан Монгол, Зимбабве, Исландаас гадна Камбож, Панам, Бахама, Гана, Тринидад Тобаго, Иемэн, Сири улс саарал жагсаалтад багтдаг.
“Саарал жагсаалт”-д багтсан улсуудыг анзаарахад Европоос ганцхан Исланд байна. Үлдсэн орнуудыг тоймлоод харахаар дайнтай, эсвэл хэт чөлөөтэй, мөнгөний урсгал их эргэдэг, оффшор маягийн улс цөөнгүй байна. Мөнгөний урсгал их эргэдэг улсын тод жишээ гэхэд л Панам, Камбож. Панам гээд харахад өчнөөн казино ажилладаг, бичил, жижиг зээл олгодог банк бусууд тоймгүй гэдгийг дэлхий даяараа мэддэг. “Саарал жагсаалт”-д манайх шиг баялагтай улс мөн багтдагийг Гана улс батална.
Монгол 2011-2013 онд саарал жагсаалтад багтаж явсаар 2014 оны хоёрдугаар сард энэ чиглэлээр хийж буй ажиллууд нь мэдэгдэхүйц ахиц гарсан гэсэн үндэслэлээр 2014 оны зургадугаар сард энэ жагсаалтаас гарч байв.
2017 оны есдүгээр сард дахиад үнэлгээ хийхэд эрчимтэй хяналтад орсон түүхтэй. Ийм хяналтад хоёр жил яваад сая саарал жагсаалт руу орж байгаа нь энэ. Өнгөрсөнд өрнөсөн үйл явцаас харахад техникийн хувьд сайн хичээвэл хоёрдугаар сард ахиц дэвшил гарлаа гэж дүгнүүлэх боломж бидэнд бий. Учир нь ФАТФ жил бүрийн хоёр, зургаа, аравдугаар сард үнэлгээгээ шинэчилж тайлан гаргадаг юм. Аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэл хийсэн ажлаа тайлагнаад сайн дүн авч чадвал ирэх жилийн зургадугаар сард саарал жагсаалтаас гарчих боломж байгаа гэсэн үг.
“СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРСОН ШАЛТГААН
ФАТФ 40 үзүүлэлтээс таван үзүүлэлтэд асуудал байна гэж үзээд дөрвөн чиглэлээр ажилла гэсэн чиг өгөөд байгаа. Санхүүгийн бус байгууллагуудын хяналт шалгалтыг тэд онцолж буй. Тэнд мөнгө угааж байж болзошгүй аливаа үйлдлийг илрүүлэх чадвараа сайжруул, илрүүлсэн хэргээ хуулийн дагуу шийддэг тогтолцоотой бол гэсэн агуулгатай зөвлөмж өгчихсөн. Санхүүгийн бус байгууллага гэдэгт нь алт мөнгөний дархан, үнэт чулуун урлал хийдэг хэсэг, хуулийн зөвлөгөө өгдөг фирмүүд, аудитын байгууллагууд ордог юм билээ. ФАТФын дараагийн зөвлөмжийг хар үгээр тайлбарлавал мөнгө угаалтын чиглэлээр хэрэг илрүүлэхэд анхаар, хуулийн дагуу арга хэмжээ авдаг байдлаа сайжруул гэчихсэн. Энгийнээр хэлбэл, энэ чигийн хэрэгт хариуцлага тооцсон тохиолдол шүүх дээр байхгүйг тэд энэ удаагийн шийдвэрээрээ сануулчихлаа.
МОНГОЛЧУУДААС БАРУУНЫ ЕРТӨНЦ НҮҮР БУРУУЛААГҮЙ
ФАТФ Монгол Улсыг саарал жагсаалт руу оруулахаар барууны ертөнц рүү гүйлгээ хийх аргагүй болно, банкуудын тийш гүйлгээ хийх дансыг хаана, долларын ханш 5000, 7000 хүрнэ гэх мэт айдас төрүүлэхээр мэдээллийг улстөрчдөөс эхлээд эдийн засаг гадарладаг хэсэг ч өгөөд буй. Эдгээр сөрөг мэдээллийн аль нь ч бодитой биш гэж эдийн засагчид онцолж байна. Саарал жагсаалтад орсноор монголчуудын гадагшаа хийж буй гүйлгээ ямар нэг хоригт орохгүй. Саарал жагсаалт эдийн засгийн хориг биш, санхүүгийн хязгаарлалт бүр биш.
“ Саарал жагсаалтад орсон нь монголчуудын гадагшаа хийж буй аливаа гүйлгээг үнэтэй болгож байгаа. Өөр том нөлөө байхгүй. Оюу толгой, Валютын сангийн хөтөлбөр гэсэн хоёр зүйлээр анхааруулга өгч байна гэж харж болно. 2020 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Өргөн барьсан төслөөс харахад санхүүжилт нь 100 хувь Валютын сангийн хөтөлбөрөөс хамаарахаар байгаа. Тэгэхээр Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх мөнгөө авахын тулд Валютын сангийн хөтөлбөрийг урагш нь зүтгүүлэхээс өөр аргагүй байдалд орчихсон. Валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд тавьсан шаардлагыг нь биелүүлэх ёстой. Сангийн яам саарал жагсаалтыг Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбоод байгаа нь ийм учиртай. Мэдээж саарал жагсаалт руу юунаас болоод орчихов гэдэг асуудал яригдаж таарна. Улстөрчид шалтгаан олох хэрэгтэй болно оо доо. Сангийн яам саарал жагсаалтад орсон шалтгааныг банкуудын өөрийн эх үүсвэр тодорхойгүйгээс боллоо гээд хэлчихээд байна. Цаад шалтгаан нь ойлгомжтой. Банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох замаар Валютын сангийн хөтөлбөрөө явуулмаар байна гэсэн санаа л яваад байгаа” гэж эх сурвалж ярьж байна. Товчхондоо Сангийн яам ирэх жилийн эдийн засгийн байдал яаж ч бодсон хүчрэхээргүй зарлага, хөрөнгө оруулалтаа Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр олгогдох зээл санхүүжилтээр шийдэх бодолтой суугааг сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлууд баталчихлаа. Барууныхан саарал жагсаалтад орсон орнуудтай харилцсан хэвээр байна, харин хийх гүйлгээнийх нь зардал өсөх эрсдэл байгаа аж. Барууны ямар ч улс Монголтой хийх гүйлгээг зогсоо гэсэн шийдвэр гаргахгүй гэсэн үг. Тэдний хэн нь ч Монголын банкуудын дансыг хаа гэхгүй. Харин шаардлагаа нэмж тавих эрсдэл үүсэх нь. Гаднаас зээл авах нөхцөлүүд хатуурна, босго нь өндөрсөнө гэж эдийн засагчид онцолж байна. Зээлжих зэрэглэлд шууд нөлөөлөхгүй гэж эх сурвалж тодотголоо.
МОНГОЛБАНКНЫ БОЛГООМЖЛОЛ
Нэг талаас Сангийн яам банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрт асуудал байна, тэрийгээ ил тод мэдээлж арга хэмжээ ав гэсэн шаардлагыг Төв банкинд тавьж байгаа дүр зураг анзаарагдаж буй. Нөгөө талаас Төв банк яамны мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг өгч байгаа. ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсаны дараахан банкууд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх үүрэг авсан. Авсан үүргээ ч биелүүлсэн гэх мэдээллийг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Банкууд үүргээ биелүүллээ гэсэн мэдээллийг төв банкнаас өгснийг уншигчид санаж байгаа байх. Ийм үйл явдал болсны дараахан Валютын сан өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудад аудит оруулах санал хүргүүлж, Монголбанк ч ёсоор болгосон. Аудитын шалгалтын үр дүн муу гарсан гэх мэдээллийг Сангийн яамнаас цацаж байгаа. Монголбанкны хувьд энэ талаар нарийн мэдээллийг өнөөг хүртэл өгөөгүй гэсэн шүүмжлэл бас дуулдаж буй. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 хол давсан хувийг эзэлдэг банкны системийг ганхуулахаар шаардлага, шалгуурыг Олон улсын валютын сангаас тавьсан гэх мэдээлэл чих дэлсэж байна. Олон улсын шаардлага, босго талаас харвал яах аргагүй тийм нөхцөл үүссэн байж мэдэх ч нөгөө талаас нь харвал Монгол гэдэг улсын онцлогт тохирсон үнэлэмж шалгуурыг анзаарахгүйгээр элдэв шаардлага, босго тавьдаг гэх шүүмжлэл Олон улсын валютын сан руу чиглэдэг. Энэ өнцгөөс харахад төв банкны болгоомжлолыг бас шууд буруутгахад хэцүү. Учир нь өөрийн хөрөнгөн дээрээ асуудалтай гэгдэж буй зургаан банк Монгол Улсын банкны системийн 50 хувийг эзэлдэг гэсэн тоо дуулддаг. Тэгэхээр нэг талд сонгуулийн жилийн алдагдал, зардал ихтэй төсвөө батлуулахаар улайрч буй Сангийн сайдын улс төрийн мэдэгдэл, нөгөө талд банкны системээ бужигнуулчихгүйхэн шиг авч үлдэх бодолтой суугаа Монголбанкны байр суурь эсрэгцэж тэсрэгцсэн өнгөтэй харагдаж байна.
ОЮУ ТОЛГОЙ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ЫН ҮҮТГЭЛ ГЭВ ҮҮ?
“Оюу толгой” тойрсон улстөржилт саарал жагсаалтад багтах болсон үүтгэл шалтгаан гэж хэлэх эдийн засагч цөөнгүй байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд гурав дахь жилдээ явж байгаа ч санхүүжилт нь гацаад багагүй хугацаа өнгөрч буй. Монгол Улс саарал жагсаалтад орох зайлшгүй шалтгаан байгаагүй хэр нь саарлуудын нэг болсон нь хоёр шалтгаантай гэж үзэх эдийн засагч цөөнгүй байна. Эхнийх нь ОУВСгийн хөтөлбөр гацсан шалтгаан. Хоёр дахь нь Оюу толгойн тодорхойгүй байдал. Өнгөн дээрээ ОУВС, ФАТФ тусдаа үүрэг чигтэй байгууллага хэр нь ачир дээрээ цаана нь байгаа улсуудын эрх ашиг нэг гэдэг утгаараа салгаж ойлгох аргагүй гэсэн байр суурь давамгайлдаг. Оюу толгойн хувьд гэхэд л санхүүжүүлэгч байгууллагууд нь олон улсын банк санхүүгийнхэн. Бүр тодруулбал ОУВС, ФАТФтай хүйн холбоотой байгууллагуудаас санхүүжилт авсан мега төсөл. Ном журмаараа манай улс энэ удаа саарал жагсаалтаас мултрах боломжтой байсан. Төв банкнаас өгсөн мэдээлэл, эдийн засагчдын анализуудаас харахад ингэх нь тодорхой байсныг давтан онцолъё.
Гэхдээ Оюу толгойг гацаасан, ОУВСтай тохирсон хөтөлбөрөөсөө эцэст нь буцсан гэх шалтгаан саарал руу түлхэх том шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй. Эрүүл, энгийн логикоор харсан хэнд ч тов тодорхой үнэн л дээ.
Оюу толгойн асуудлыг хүчтэй ярьж байснаа өнгөрсөн зунаас намжсаныг уншигчид анзаарсан байх. Саарал жагсаалтад орох эсэх тухай яриа хөөрөө хүчтэй өрнөх үед энэ асуудлыг түрдээ азнасныг эдийн засаг гадарлах хэн ч ажиглаж суусан нь ойлгомжтой. ОУВС “Наадуулаа саарал жагсаалтад энэ удаа оруулахаас аргагүй. Хэрвээ шаардлага энэ тэрээ биелүүлсэн гээд мулталбал биднийг сонсохоо болино. Оюу толгойг зогсоох эрсдэл улам өндөрсөнө” гээд шивнэчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ өнцгөөс нь харвал саарал жагсаалт олон улсын байгууллагууд, барууны ертөнцөөс бидэнд өгч буй том сануулга байж мэдэх юм.