Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

-Тэрбээр энэ өдөр 56 нас хүрэх байлаа-

Зураг

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан С.Зориг агсны хөшөөнд түүний ар гэрийнхэн, Монголын ардчилсан холбоо болон нийслэлийн дүүргүүдийн ардчилсан намын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн дурслаа.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байлаа.
Өнөөдөр ч С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хууль хяналтынхан шалгаж байна.

С.Зориг агсны дүү С.Оюун энэ үеэр ярихдаа “Өнгөрсөн жил гурван шатны шүүхээр орсон тэр асуудал дээр манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, шүүх хуралдааныг нээлттэй явуулаач ээ, энэ хэргийг нээлттэй болгооч гэсэн. Шүүх хуралдаан нээлттэй болоогүй. Гэхдээ хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг тухайн үед Ц.Нямдоржийн санаачлагаар Засгийн газраас гаргасан. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Харин өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Шийдвэр гарснаас хойш энэ асуудал нээлттэй болсон эсэхийг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид холбогдох байгууллагуудаас нь асуугаасай гэж хүсч байна. Алдсан хүн арван тамтай гэдэг. Хавтаст хэргийн материал нээлттэй болж байж л эргэлзэх ёстой юм уу, эсвэл шүүх, цагдаа зөв шийдсэн үү гэдгийг олон түмэн, хуульчид дэнслэх эрхтэй болох юм. Энэ бол маш чухал. Өнгөрсөн жилийн гурван шатны шүүхийн шийдвэрт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас одоо зөв явж байгаа юу гэдэгт их санаа зовж байна. Мэдээж захиалагч нь илрээсэй, жинхэнэ хэрэг хийсэн хүмүүс нь ял битгий завшчихаасай гэж хүсч байгаа. Мөн хэрэг хийгээгүй хүмүүс хэлмэгдчих вий гэж санаа зовж байна. Шүүх, цагдаа, хуулийн байгууллага нь зөв яваасай гэж хүсч байна, шаардаж, байна, сэтгэл зовниж байна” гэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн өдгөө Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноогоод буй. С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийголохоор хууль хяналтынхан ажиллаж байна. Нийслэлийн прокурорын газраас өчигдөрхөн мэдээлэл хийж, С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай мэдэгдсэн билээ.

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа Төрийн гурван өндөрлөгт хандаж гаргасан шаардлагыг уншиж танилцуулсан юм. Уг шаардлагад Хэргийн захиалагч илрэхгүй 20 жил болох гэж байна. Иймд олон улсын байгууллага болон гадаадын улс орнуудаас туслалцаа авч хэргийг даруй илрүүлэхийг шаардсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *