Categories
мэдээ цаг-үе

С.Өлзийхүү: Монголын хошин урлагийнхан бүгд л ”Өнгөт инээд”-ээс гараагаа эхэлсэн

“Шилдэг өнгө” продакшны дэд захирал, жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцсанаа хүргэе.

-Танай продакшн хорин жилийн ойтойгоо золгож байгаад баяр хүргэе.

-Хорин жил гэдэг үнэхээр урт хугацаа боловч маш хурдан өнгөрчээ. “Өнгөт инээд” продакшн Хошин урлагийн театрын дараа байгуулагдсан ууган продакшнуудын нэг. Энэ ч утгаараа Монголын урлаг, соёлын бүхий л уран бүтээлчид манай продакшны уран бүтээлд ямар нэг хэмжээгээр оролцож, хамтдаа олон ч уран бүтээл туурвисан байна. Хамтлагийнхаа ойн хүрээнд хийж бүтээсэн уран бүтээлээ нэгтгэлээ. Өнгөрсөн хугацаанд шоу тоглолт, кино, мюзикл зэрэг маш олон уран бүтээлийг хийсэн байна. Өмнө нь ерөөсөө тэдэн уран бүтээл хийчихлээ гэж тоолж үзэж байгаагүй юм билээ. Ийм сайхан уран бүтээлүүдийг Монголын урлаг, тэр дундаа хошин урлагийнхантайгаа, уран бүтээлчидтэйгээ хамтарч ард түмэндээ хүргэсэн гээд бодохоор сэтгэл маш их хөдөлж байна.

-Хичнээн уран сайхны кино хийсэн бэ?

-Хошин урлагийн продакшнуудаас хамгийн анх “Өнгөт инээд”-ийнхэн “Бүтэлгүй новш” инээдмийн киногоор үзэгчдэд бэлэг барьж байлаа. Монголын анхны аймшгийн кино гэгддэг “Ядуугийн зовлон” киног мөн л бид бүтээсэн. Түүнчлэн “Аюултай харилцаа”, “Бор чоно”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Дурлалын сум”, “Зугтаарай”, “Сая долларын олз” зэрэг нийтдээ есөн бүрэн хэмжээний уран сайхны кино хийгээд байна.

Зөвхөн томчуудад зориулсан уран бүтээл хийгээд зогсохгүй “Баавгай дуулах уу” хүүхдийн жүжгийг мюзикл болгон тавьсан. Мөн “Алладиний шидтэн” хүүхдийн бүтээл “Гэгээн муза-2015” наадмаас шагнал хүртсэн. Үүнээс харахад манай продакшн урлагийн бүхий л төрөлд хүч үзэж, шинэ содон уран бүтээл хийхийг эрмэлздэгийн илрэл болов уу. Мөн “Ногоон ой” төслийн хүрээнд Монгол орныхоо баруун аймгийг хоёр удаа тойрсон. Малчдын бэлчээрийг хамгаалах зорилготойгоор Швейцарь, Монголын хамтарсан төслийн хүрээнд ийн тоглолтоор явж байлаа. Мөн “Үнэгүй юм”, “Зөн билгийн тулаан” зэрэг нэвтрүүлгийг хүртэл санаачилж байлаа.

-Танай продакшны алдартай хошин цуврал нэвтрүүлэг бас байгаа байх аа?

-“Өнгөт инээд” продакшн “12 давхар” нэртэй хошин урлагийн телевизийн нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэдэг байсан. Өчигдөрхөн дөрвөн өдөр, дөрвөн шөнө сууж уг нэвтрүүлгийн бүх дугаарыг нэгтгэлээ. 200 хальс нэвтрүүлэг хийсэн байна. Энэхүү нэвтрүүлэгт ахмад, дунд, залуу гээд гурван үеийн төлөөлөл өөрөөр хэлбэл Монголын урлагийн салбарын ихэнх уран бүтээлчид ямар нэг байдлаар дүр бүтээж оролцсон байна. Бурхны оронд одсон мундаг жүжигчид ч их байна.

-Тэр дундаа хошин урлагийнхнаас танай продакшнд хөл тавиагүй жүжигчин бараг байхгүй болов уу?

-“Шинэ үе”, “Маск” зэрэг манайхаас салаалж нахиалж гарсан хамтлаг, уран бүтээлийн гараагаа манайхаас эхлүүлж байсан уран бүтээлчид олон бий. Мөн манай продакшнтай хамтарч ажилладаг жүжигчид ч цөөнгүй бий. Туяа эгч, “Шинэ-Үе” продакшны Бооёо, Алтангэрэл, тус хамтлагийг үүсгэн байгуулалцсан Лхагваа ах, “Маск” продакшны Онон, Баярмагнай, Эрдэнэзаан, Гэрэлээ гээд олон жүжигчинг нэрлэх байх. “Маск”-ын Дэлгэрсайхан манай хамтлагийн телевизийн нэвтрүүлэгт оператороор ажилласан байхад “Эмоци” хамтлагийн Тэмүүжин “Үнэнээ хэлээч” жүжгийн бүжигчнээр гарч байсан гээд. Драмын Амгаа зэрэг залуучууд оюутан байхдаа манай жүжгийн туслах дүрүүдэд тоглож байсан, маш олон уран бүтээлчид “Өнгөт инээд” гэх энэ айлаар орж гарсан байдаг. Өнөөдөр ард түмэнд уран бүтээлээрээ танигдаж, тодорхой хэмжээний байр суурь, өнгө төрхөө олчихсон жүжигчдийн ихэнх нь манайхаас гараагаа эхэлж байсан. Нэг ёсондоо бид тэднийг хурцалж өгчээ гэж бодохоор бахархах сэтгэл төрж байна.

-Ойгоороо үзэгчдэдээ ямар бэлэг барихаар зэхэж байна вэ?

-Хошин урлагийн зургаан продакшн хамтарсан томоохон хэмжээний тоглолт хийнэ. Бэлтгэлээ ерөнхийдөө хангачихлаа. Мөн тоглолтод Чапи, Суурь гээд уран бүтээлчдээс гадна манай киноны уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх болно.

-“Өнгөт инээд” хамтлагийн хувьд эргээд харахад өнгөрсөн хугацаанд хошин урлагт нэлээд олон зүйлийн анхдагч байсан. Энэ талаар хуваалцахгүй юу?

-Хүсэлээ бид хоёр оюутан байхдаа танилцаж байлаа. Би Улсын драмын эрдмийн театрт жүжигчин байхад Хүсэлээ маань оюутан байсан. Ингээд Хүсэлээ сургуулиа төгсч найруулагч болж продакшнаа байгуулаад би жүжигчин нь боллоо. Нэг өдөр Хүсэлээ “Францад тайз дэлгэц хосолсон дэглэлт байдаг юм байна. Бид ч гэсэн ийм төрлийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэе” гэсэн санааг дэвшүүлж “Өнгөт инээд” тайзан дээр үзүүлж болохгүй үзүүлбэрийг дэлгэцээр гаргаж уран бүтээлчид харилцан тоглолт хийх болсон. Жүжигчин Дэмидбаатар ирэх боломжгүй бол дэлгэцээр түүний тоглолтыг урьдчилан авч тоглолтын үеэр тайзан дээр гаргахад нь би харилцан байгаа мэтээр тоглох энэ л санааг анх нэвтрүүлсэн хэрэг.

-Ер нь хошин урлагийнхантай эргэх холбоотой биз?

-Хошин урлагийн тогоонд орохдоо манай тоглолтод заавал орсон байх жишээтэй. Хүний амьдралд жаргал зовлон ямар ч явдал тохиож болно. Магадгүй гаднаас нь харахад уран бүтээлийн өрсөлдөгч юм шиг боловч манай хошин урлагийнхан нэгэн цул болж сэтгэлээрээ нэгдмэл байж чаддаг.

-Тухайн үед жүжгийн сэдвээ хэрхэн сонгодог вэ?

-Сэдэв сонголтын үед амьдарч буй нийгэмдээ хурц, мэдрэмжтэй байх нь чухал. Үзсэн харсан зүйлээс гадна, ном зохиолоос санаа авна, үүн дээрээ баяжуулж нэмж хачирлаж бичнэ. Ялангуяа манай Хүсэлээ жүжгийн зохиол тусгайлан бичнэ.

-Хошин урлагийг хамгийн хүнд урлаг гэж ярьдаг. Хүн инээлгэх уйлуулахаас хэцүү гэж үү?

-Байгаа онохгүй юм яриад өнөөх нь инээх ч биш, ярвайх ч биш юм болж хувирдаг. Хошин урлаг бас л байгаа онохгүй бол юу ч биш болж хувирдаг.Тун хачрыг нь хэтрүүлбэл амтгүй. Ер нь уран бүтээлчдээс маш өндөр мэдрэмж шаардсан урлаг.

-Хэдий анхдагч гэх боловч ахмад үеийнхнээсээ заавар, зөвлөгөө авдаг байсан болов уу?

-Туяа эгч, Чаминчулуун эгч, Сосорбарам ах болон манай Драмын театрын бурхад гэгддэг Дорлигжав, Цэвээнравдан, Дорлигжав зэрэг олон сайхан ахмад уран бүтээлчдээс зөвлөгөө, заавар авна. Аль ч урлаг дээд үеийнхнээсээ үлгэр дуурайл авдаг. Бид мөн л ийм замналаар уран бүтээлээ хийж ирсэн дээ.

-Тэр үеийнхээ сайхан дурсамжаас хуваалцахгүй юу. Хошин урлагийнхан хоорондоо хошигнох, нэгнийгээ чадах зүйл чамгүй л их гардаг байлгүй?

-Хөдөө уран бүтээлийн тоглолтоор явж байлаа. Тэгсэн миний өмсөх хувцсыг хооронд нь холбож зангидаад хэц шиг болгоод уячихсан байсан. Аз болоход дараагийн үзүүлбэр дээр ганц малгай солиод гарах байж таараад гайгүй өнгөрсөн. Дараа хэргийн эзнийг нь тогтоосон чинь одоо “Маск”-ын МС буюу Мөнхсайхан байдаг байгаа. МС их сахилгагүй. Дандаа хүн амьтан чадаж, шоглож явдаг байсан байхгүй юу. Тэгэхээр нь би хариугаа авах гээд хорон санаа худалдаж авлаа. Тэр үед бид нэг нэгнийгээ чадах шилдэг хорон санаа мөнгөөр худалдаж авдаг байсан.

-Хэдэн төгрөгөөр?

-Хорон санааныхаа ач холбогдлоос хамаараад 5000, 10000, 15000 гээд тус тусдаа үнэтэй бас. Надад нэг хорон санаа байна 5000 төгрөгөөр зарна гээд л. Би нэгнээс нь санаа аваад Мөнхсайханы тоглолтоо дуусгаад өмсдөг өмдийг нь оёдолчноороо нэг см зайтай ойр ойрхон хэрээд оёулчихсан. Яг тоглолт дуусаад Мөнхсайхан өмдөө өмсч чадахгүй бөөн инээдэм болж байсан. Одоо хэр нөгөө өмднийхөө оёог ханзалж чадаагүй байдаг гэсэн. Эхнэр нь ганц хоёр оёо ханзлаад л залхаад “Ёо ямар хэцүү юм бэ” гээд шидчихдэг гэж байсан. Иймэрхүү байдлаар нэгнийгээ чадах зүйл зөндөө гарна.

-Танай ангийхан ингээд харахад бүгд л урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгожээ?

-СУИС-ийн багш нар маань ярьдаг л даа. Нэг ангиас сайндаа хоёр, гурван хүүхэд л чадвартай уран бүтээлч болж олонд танигддаг гэж. Харин манай ангийн 15 оюутан бараг бүгд олны дунд танигдсан, чамгүй уран бүтээл хийж яваа гэж би боддог. Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Хүрэлхүү, Дэмидбаатар, Бямбацогт, Сарантуяа болон дуучин, жүжигчин Энхзаяа, Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин Оюунжаргал гээд сайхан уран бүтээлчид байна. Мөн талийгаач Ганхуяг, Мягмаржав зэрэг гайхалтай жүжигчид байна. Манай ангийнхан урлагийн төлөө ёстой л хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Амьдрал дээр ч гэсэн сайхан найзууд явдаг.

-Драмын театрт байсан үеэ дурсахгүй юу. Одоогийн хошин урлагийн мундгууд бүгд л байсан биз дээ?

-Тухайн үед Одончимэг Жульеттад, би Жульеттагийн ээжийн дүрд, Бооёо, Онон, Дэмидбаатар бүгд л дүр бүтээж байлаа. Би театрт ажиллах дуртай. Нийгэм өөрчлөгдөхөд ханьтайгаа өөрсдийн уран бүтээлээ хийгээд явсан. Мэдээж театрт ажиллах чин хүсэлтэй байсан. Ер нь бидний амьдрал театртай салшгүй холбоотой. Учир нь Оюундарь бид хоёр “Аргагүйн эрхэнд оточ” жүжгийг хамт театрт үзчихээд гарахдаа Хүсэлбаатартайгаа танилцсан. Тэр цагаас өнөөг хүртэл хамтдаа уран бүтээлийн төлөө сайхан л байна. Хадам аав жүжигчин, нөхрийн дүү нар мөн уран бүтээлч, охин уран бүтээлч гээд гэр бүлийн 90 хувь нь урлагийнхан. Гэртээ хүн шиг юм ярьж яваад л урлаг яриад хадуураад явчихна шүү дээ (инээв). Гэр бүлийнхээ хүнийг зөв сонговол уран бүтээл хийхэд ч амгалан, аж төрөхөд ч сайхан байх болно гэдэг аргагүй үнэн юм байна.

-Та Драмын театрт арав гаруй жил ажилласан. Ихэвчлэн ямар дүрд хуваарилагддаг байв?

-Ихэвчлэн гадаадын шилдэг жүжгийн гол дүрийн эмэгтэйн дүр оногддог байсан шүү. Мөн олон сайхан монгол хатны дүрийг бүтээсэн дээ. Драмын театрт би арван жил ажиллахдаа олон сайхан сонгодог жүжигт тоглосон. Тухайн үед Шекспирийн “Ромео Жульетта”, “Хүслийн трамвай”, “Буудлын авхай”, “Өглөөний тэнгэрийн одод”, “Хаан түүх”, “Би эрчүүдийг хүснэ” гэх мэт олон жүжигт тоглосон. Нэг үед гарч ирсэн авьяаслаг сайхан жүжигчидтэйгээ хамтарч цөөнгүй уран бүтээл хийж байлаа.

-Сувилагчаар ажиллаж байгаад гэнэт л жүжигчин болохоор шийдсэн нь алдаагүй, харин ч оносон гээд ер нь хүний амьдрал гэж урьдаас тааварлашгүй зүйлээр их юм аа?

-Тийм ээ. Би хаа ч явсан, сайхан хамт олонтой явдаг юм шиг. Энэ ч утгаараа, өдий зэрэгтэй явж байгаа байх. Сувилагчийн сургуулиа төгсөөд клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хуваарилагдсан. Сураагүй зүйл их болохоор эмч нарт гологдож, загнуулна.Судас олохгүй сандраад өвчтөнийхөө дэргэд уйлж ч байлаа. Бас жижүүрт гарч байхдаа унтаад толгойгоо эргэтэл загнуулсан удаатай. Урлагийн тогоонд мөн л олон сайхан авьяаслаг хүмүүсээс суралцаж, найз нөхөд, сайхан ханьтай болсон гээд амьдрал их зүйлийг надад өгсөн.

-Анх СУИС-ийн оюутан байхдаа нөхрийгөө дагаад хичээл хийхгүй багшдаа айхтар зэмлүүлсэн гэдэг?

-Хүсэлээ тэр үед Драмын театрт жүжигчин байсан. Уран чадварын хичээл орох бүрт ирнэ. Би ичээд хичээлээ хийж чадахгүй сандарна аа. Ямартаа л, бид хоёрыг хамт явж байхыг түүхийн багш харчихаад “Өөрөөсөө есөн хуруу өндөр залуутай явж байхаар хичээлдээ анхаарвал зүгээр байх шүү” гэж загнахав дээ.

-Нөхөр тань өөрөөс тань тийм өндөр гэж үү?

-Хүслээ надаас 10 см өндөр. Багшийгаа хэлэхээр нь үзсэн чинь нээрээ л есөн хуруу өндөр байсан шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *