“Торго” фэйшн шоу энэ сарын 30-ны өдөр нэг л удаа болох юм. Уг шоуны бэлтгэл ажил ид явагдаж байна. “Торго” салоны хамт олон шоундаа бэлтгэсээр завгүйхэн өдрүүдийг үдэж буй. Загвар зохион бүтээгч О.Болдын шинэ бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох загвар өмсөгчдийн нэг С.Төгстэй ярилцлаа.
-Удахгүй “Торго” фейшн шоу болох гэж байна. Таныг энэ шоунд урилгаар оролцож байгаа гэж сонслоо?
-“Торго” салоныхон над руу яриад оролцохоор болсон. Бусад загвар өмсөгчдөөс харьцангуй хожуу оролцох шийдвэр гарсан. Ер нь их азтай байсан гэж болно.
-Та өнгөрсөн жил”Торго”-д оролцсон уу?
-Сүүлийн гурван жил би энэ шоунд оролцоогүй. Дандаа гадаадад байж таарсан л даа. Одоогоор уг шоунд оролцох загвар өмсөгчид эцсийн байдлаар тодроогүй байгаа.
-Энэ жилийн “Торго”-д ямар өвөрмөц шийдэлтэй, шинэ загваруудыг үзэгчдэд толилуулах бол?
-Хамгийн сүүлд намайг энэ шоунд оролцоход маш эмэгтэйлэг, бариу загваруудыг толилуулдаг байсан. Энэ жил бол сул загварууд нэмэгдсэн. Түүнээс гадна Street буюу гудамжны загварууд бий. Гудамжны стилийг торготой хослуулсан нь их сонирхолтой санагдсан. Хэтэрхий бариу эсвэл богино биш. Issy стиль буюу ерөнхийдөө том, уранхай ийм стиль дэлхий дахинд моодонд ороод байгаа. Энэ стилийг торготой хослуулсан нь маш сонин санагдсан.
-Саяхан Манилад очиж тэмцээнд шүүгч хийсэн гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?
-Манила хотноо болсон “Miss World Philippines” тэмцээнд шүүгчээр оролцсон. Филиппин улсаас “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцсон бүсгүйчүүд нь дандаа эхний гуравт шалгардаг. Тиймээс “Дэлхийн мисс”-т улс орноо төлөөлөн оролцох бүсгүйг тодруулах “Miss World Philippines” тэмцээн маш өргөн хүрээтэй явагддаг. Тайз засалт нь их гоё байдаг. Энэ тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож буй бүсгүйчүүддээ хандах хандлага нь хүртэл өөр. Тэмцээнд оролцоод түрүүлээгүй ч гэсэн оролцсон бүсгүйчүүддээ маш хүндэтгэлтэй ханддаг. Яагаад гэхээр улсынхаа нэрийг гаргасан гэж үздэг, тиймээс улсаас маш их дэмжлэг үзүүлдгийг харахад сайхан санагддаг. Ер нь иймэрхүү тэмцээнд оролцох маш их тэвчээр шаарддаг. “Miss World Philippines” тэмцээний ялагчийн шагналыг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг зохион байгуулдаг хүн ирж гардуулдаг юм билээ.
-Таныг өөрийн студитэй болсон. Тэндээ нүүр будалтын сургалт явуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулаач?
-Би Берлин хотод мэйк апп артист мэргэжлээр төгссөн. Уг нь бол миний мэргэжил юм. Төгссөнийхөө дараа Берлинд мэргэжлээрээ ажиллахын сацуу “Berlin Fashion Week”-д загвар өмссөн. Германы нэгэн загварын сэтгүүлийн эхний нүүрэнд гарах загвар өмсөгчийн нүүр будалтыг хийсэн байгаа. Үүний дараа загвар өмсөгчөөр ажилласан, үнэхээр цаг зав тун бага байдаг. Монголд ч, гадаадад байхдаа ч үргэлж завгүй. Одоо өөрийн гэсэн студитэй болсон тул нүүр будалтын сургалт явуулахаар төлөвлөж байгаа.