Categories
мэдээ нийгэм

С.Соёлмаа: Бид чадсан. Сэтгэлийн шарх минь арай л нимгэрээд байна

“Алдарт эх” цахим нэгдлийн идэвхтэн гишүүн С.Соёлмаатай уулзаж ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Соёлтын Соёлмаа гэдэг. Дөрвөн хүүхэдтэй.Барилга угсралт болон хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдагкомпанийн захирлын алба хашдаг. Алдарт эх цахим нэгдлийн идэвхтэн гишүүн.

-Саяхан танай цахим нэгдлийнхэн хамтдаа нэгэн хандивын ажлыг зохиожээ. Энэ тухай яриач?

-“Алдарт эх” цахим нэгдэл нь 3000 гишүүнтэй. Өнгөрсөн оны гуравдугаар сарын зургаанд үүсэн байгуулагдсан.Саяхан манай нэгдлийн ээжүүдийн хувьд маш харамсалтай үйл явдал болж өнгөрсөн. Нэгдлийн бүх үйл ажиллагаанд маань маш идэвхтэй оролцдог байсан, бидний дотны дүү маань зургаа дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаад төрөхийн хүндрэлээр өөд болсон. Биднийг буянынх нь ажил дээр очиход нөхцөл байдал хүнд байсан. Хамгийн том хүүхэд нь арван настай, бага нь сая төрсөн нярай. Гэр нь уулын энгэрт байдаг учраас том охин нь дөчин литр ус гэрлүүгээ зөөдөг, хүүхдүүдийн аав нь амьдралаа залгуулахын тулд таксинд явж байсан. Бид нэг удаа туслаад усыг нь авч өгөөд явж болох ч маргааш нь охин тэр замаараа дахиад л явна гэж бодохоор үнэхээр зүрх шимширч, орон сууцанд амьдардаг болгоё хэмээн шийдээд энэхүү аяныг эхлүүлсэн.

-Нийт хэр их хандив цугларч, ямар үр дүн гарсан бэ?

Хандивын хүрээнд цугларсан мөнгөөр бид хоёр өрөө байр авч Төмөртогоогийнхоо гэр бүлд уржигдар түлхүүрийг нь гардуулж өглөө.

-Хэр хугацаанд хандивын аян зохиож, хэчнээн хүн оролцов?

Бид анх тавдугаар сарын 25-наас долдугаар сарын тавныг хүртэл хандивын аянаа төлөвлөж байсан. Гэсэн ч бид хугацаанаасаа өмнө маш том үр дүнд хүрч чадлаа. Оролцсон хүмүүсийн тоог сайн мэдэхгүй юм. Манай группын 600 идэвхтэн ээжүүд, цаашлаад тэдний албан газар бидэнд маш их туслалцаа үзүүлсэн. Ялангуяа Онцгой Байдлын Ерөнхий газрын эмэгтэй ажилчид, Оюу толгой, Монгол эм импекс, гадаадад байгаа ээжүүдийн нэгдэл гэх мэт байгууллагуудад маш их баярлаж байна.

-Маш богино хугацаанд яаж ийм үр дүнд хүрч чадав аа?

Манай ээжүүдийн чин сэтгэлээсээ тусалъя гэсэн хүсэл эрмэлзэл, зөв менежмент их нөлөөлсөн. Бид ээжүүдээ багт хуваагаад хандивын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ бид цахим ертөнцийг бараг ашиглаагүй. 49 хоног нь ч дуусаагүй байсан учраас хэт их зарлаад яахав гэж бодсон. Бидний нэрийг барьсан залилагчид иргэдийг төөрөлдүүлэх вий гэсэн эрсдэлийг тооцоолсон. Мөн дээрээс нь цахим нэгдлийнхээ нэр хүндийг бодсон. Энэ “Алдарт эх”-чүүд дандаа л мөнгө гуйж байх юм гэсэн ярианаас бид айсан. Мэдээж би өөрөө ч маш их айж байсан. Бид чадах болов уу гээд. Өнөөдөр бид чадсан сэтгэлийн шарх маань арай л нимгэрээд сууж байна даа.

Өмнө нь та бүхэн хандивын аян хий байв уу?

-Манай ээжүүд нэг л нийтлэг талаараа нэгдсэн.Олон хүүхэд гаргасан учраас гэртээ суудаг, тэрнийхээ хэрээр найз нөхөд, нийгмийн байр сууриа бага багаар алдсан байсан. Иймээс бид биенээ маш сайн ойлгож, дэмжиж ирсэн. Бидний үйл ажиллагаа хандив гэхээсээ илүү нийгэмд ээжүүдийнхээ дуу хоолойг хүргье гэсэн чиглэлтэй байсан. Үнэндээ бид улсынхаа хүн амын тоо, тэднийг сайн иргэн болгож өсгөж хүмүүжүүлэх маш том үүргийг биелүүлж яваа хүмүүс. Харин сая болсон хандивын ажлын тухайд гэвэл талийгаач маань бидний хувьд хамгийн дотны, мөн өөрөө сайхан ааштай болохоор нэгдэл дотроо их нэр хүндтэй олон найз нөхөдтэй бүсгүй байсан. Тиймээс бид зүгээр хараад сууж чадаагүй.

-Цаашдаа өөр төлөвлөсөн ажил бий юу?

-Одоогоор бид хоёр өрөө байрандаа засвар хийгээд зарим нэг шаардлагатай тавилгыг авч өгөхөөр төлөвлөж байна. Долоон сарын таванд талийгаачийн маань төрсөн өдөр нь болдог. Энэ үеэр бид “Нарны цацрагууд” хандивын аянаа хаахболно.Нэгдлийнхээ ээжүүдийг төрсөн сараар нь багт хуваадаг. Цаашдаа энэ хуваагдсан багууд маань сая төрсөн нярайг хоёр нас хүртэл нь асран хамгаалах, өсгөхөд нь ээлжлэн туслах юм. Нэг сард төрсөн ээжүүдийн баг нэгдүгээр сарын хэрэглээ ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар явна. Хамгийн гол нь бид үүнийг чин сэтгэлээсээ хийхээр зорьсон. Байнга хандив цуглуулах нь бидний үйл ажиллагааны чиглэл биш учраас бүр шаардлагатай нөхцөлд магадгүй дараа жил ч юм уу дахин хандивын аян зохиохыг үгүйсгэхгүй. Шаардлагатай тохиолдол гэдэг нь манай багууд хуваагдан очиж, нөхцөл байдалтай танилцан, судалгаа хийхийг хэлж байгаа юм.

-“Алдарт эх” цахим нэгдлийн идэвхтэй гишүүдийн тоо хэд вэ?

-Идэвхтэй 600 ээж байдаг. Манайхтай ижил зорилгоор үүссэн олон нэгдлүүд байдаг юм билээ. Одонтой ээжүүд, Одонтой ээжүүдийн нэгдэл гэх мэт.Зарим нэг нь зарын групп шиг болчихсон байх жишээний. Манайх тийм биш. Хэрэгтэй зүйлээ хуваалцдаг, олныг хамарсан ажил их болдог. Гишүүд маань ч идэвхтэй оролцдог. Маш сайхан уур амьсгалтай. Манай бизнесийн групп тусдаа байдаг. Тэнд ээжүүд хоорондоо хэрэгтэй зүйлсээ солилцдог, боломжтой бол аль болох бие биедээ орлого оруулахыг хичээдэг.

-Энэ хугацаанд ямар ажлуудыг хийв ?

-Өнгөрсөн наадмаар одонтой 80 ээж бүжиглэсэн. Энэ цагаас хойш бид нэгдсэн. Үүнээс хойш “Слава- Мисс”, Славагийн бүтээгдэхүүнээр хэн сайн хоол хийж чадах вэ хэмээх тэмцээнүүдийг зохиосон. Тэсо корпорацитай хамтарч нийслэлийн бүх өрхийн эмнэлгийг утлагын аппараттай болгосон. Нийслэлийн тамгын газартай хамтран 555 одонтой ээжийг төрийн ордонд хүлээж аван, одонг гардуулах ёслолыг зохиож, урлагийн тоглолт үзүүлсэн. Өмнө нь бидний энэ хүндтэй шагналыг хорооны засаг дарга ширээнээсээ гаргаад л өгчихдөг байсан.

-Та бүхний энэхүү буянтай ажилд маш их талархаж байна. Цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Баярлалаа. Бид хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилъя, нэгдлээ хүмүүст таниулая гэж хандаж байсан удаагүй. Гэхдээ цөөхөн ч гэсэн, хүмүүс бид сэтгэл зүрхээрээ нэгдэж чадвал ямар үр дүнд хүрч болдог вэ гэдгийг нийгэмд харуулж, эерэг дуу хоолойг хүргэхийг хүссэндээ энэхүү ярилцлагыг өглөө. Та бүхэнд ч мөн ажлын амжилт хүсье.

Ярилцсан: Л.Анударь


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *