УИХ-ын гишүүн С.Оюунтай ярилцлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах бичигт 17 гишүүн гарын үсэг зурчихлаа гэдэг мэдээлэл яваад байна. Хэр бодитой гэж та бодож байгаа вэ?
-Ёстой мэдэхгүй юм. Бодитой үгүйг нь тэр мэдээллийг цацаад байгаа хүмүүсээс асуух нь дээр байх.
-Одоо Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих цаг мөн үү. Та юу гэж бодож байна…
-Засгийн газрын ажлыг явуулсан нь зөв л дөө. Юм л бол огцруулна гэж ярьдаг байдлаа болимоор л байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ч байнга л ийм зүйл ярьдаг байлаа. Энэ Засгийн газар байгуулагдаад зургаан сарболж байна уу. Ийм байхад огцруулах тухай яриад хэрэггүй болов уу.Засгийн газар тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэдний зөв ажлуудыг нь дэмжиж, бурууг нь шүүмжлээд явсан нь дээр. Тиймээс ИЗНН-ын хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдвал дэмжихгүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад ийм зүйл яриад нэмэргүй л байх. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьчихаагүй байгаа энэ үед олон юм яриад яах вэ.
-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг монголчуудад ашиггүйгээр шийдлээ гэж Ерөнхий сайдыг буруутгаад байгаа юм шиг байна лээ…
-Ерөнхий сайд асуудалд бизнесийн талаас нь хандсан гэдгээ хэлсэн. Санал нэг байгаа. Мэдээж аль аль талдаа ашигтай байдлаар гэрээг шийдсэн байлгүй дээ. Ер нь бол Оюу толгой, Таван толгойн төслийг цаг алдалгүй урагшлуулах ёстой гэдэг байр суурийг баримталдаг. Цаг алдахгүйн тулд алдаагүй шийдвэр гаргах хэрэгтэй л дээ.Ер нь Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг бараг хоёр жилийн өмнөөс ярьж, одоо л шийдэж байна. Таван толгойн гэрээний төсөл ч ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээх маягтай зогсчихоод байна. Хараад байхад монголчууд Оюу толгой, Таван толгой гэдэг хоёр төслийн тухай яриад олон жил боллоо.
Бүх зүйлийг эхнээс нь төгс хийнэ, нэг ч төгрөг алдахгүй гэсээр байгаад эцэст нь бүгдийг гацаачихав уу гэж боддог юм. Магадгүй энэ хугацаанд олон боломжийг алдсан байхыг үгүйсгэхгүй. Улсын төсөвт орж ирэх мөнгө, улсад ногдох хувь ахиу байх ёстой гэдэг дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд ашиг олсон ч юмгүй хэрэлдээд байдаг. Гэтэл цаана нь хэдэн хүнийг ажлын байртай, цалинтай болгож, хичнээн бизнесийг хөдөлгөх байсан боломжууд урсан алга болсон юм билээ, бүү мэд.Үүнийг л одоо анхаарах цаг болсон.
-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэхгүй байхад Таван толгойг ашиглах тухай яриад хэрэггүй гэдэг байр суурь ч яваад байх шиг байна…
– Ашигт малтмалын түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байдаг. Тийм учраас уул уурхайн аливаа бодлогыг түүхий эдийн үнийн дунджийг харгалзан гаргах хэрэгтэй болохоос заавал өндөр үед нь тохируулж бүх шийдвэрийг гаргана гэдэг ойлголт байхгүй л дээ. Хятад, Энэтхэгийн эдийн засаг өсөлттэй байсан үеэс хамаарч дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлт удаан үргэлжилсэн. Үүнийг супер цикл гэж нэрлээд байгаа юм. Ийм үед Оюу толгойн асуудлыг ярьж эхэлсэн байдаг. Ер нь нүүрсний зах зээлийг ажиглаад байхад уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хандлага дэлхий нийтэд их болж байна. Өнөө жилийн арванхоёрдугаар сард Парижийн гэрээ байгуулагдахаар бэлтгэж байна. Энэ гэрээг байгуулчихвал Киотогийн гэрээг орлох хэмжээнд очно. Киотогийн гэрээнд хүлэмжийн хий ялгаруулагч орнууд болох Хятад, Америк нэгдээгүй учраасэнэ гэрээний цар хүрээ өргөн хэмжээнд тархаж чадаагүй шүү дээ. Харин одооАНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өндөр дээд хэмжээний уулзалтууд дээр хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр тодорхой амлалтууд өгчихлөө. Дээрээс ньЭнэтхэг улс Парижийн гэрээнд нэгдэх хандлага өндөр байгаа. Тэгвэл цаашдаа сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэх чиглэл рүү орно гэсэн үг.Тэгэхээр хүссэн хүсээгүй нүүрсний хэрэглээ хумигдаж ч магадгүй хандлага үүсчихлээ.Тиймээс нүүрсний үнэ өндөр, хэрэглээ их байгаа үед нүүрсээ борлуулж, эдийн засгийнхаа суурийг батжуулах нь бидэнд ашигтай байж магадгүй. Эдийн засагтаа хуримтлал бий болгосны дараа олсон орлогоо өөр салбаруудад зарцуулж, эдийн засгаа солонгоруулах тухай ярих хэрэгтэй болов уу.
-Оюу толгойн далд уурхайн асуудлыг шийдсэн нь манай эдийн засаг эерэг үр дүн авчрах байлгүй дээ…
-Тэгэх байх гэж бодож байна.Гэхдээ надад нэг ийм бодол байдаг юм.Монгол Улс Оюу толгойн 34 хувийг эзэмшинэ гэсэн учраас тэр хэмжээндээ санхүүгийн болоод өөр бусад үүрэг хариуцлагыг хүлээж байна. Тиймээс зээлээр ч хамаагүй Оюу толгойд хөрөнгө оруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрсдөө ачаа үүрч байна.Болдогсон бол бид өөрсдөө хөрөнгөний болоод өөр бусад хариуцлага хүлээх ачаа үүрэлгүйгээр бага хэмжээний хувь хэмжээ хүртээд явбал дээр байх байсан болов уу гэж санагддаг юм. Мэдээж Оюу толгойгоос авах ихэнх орлогоо рояалтийн татвараар авчихна. Дээрээс нь өөр бусад татварын орлогоо авчихна. Оюу толгойн гэрээний асуудлыг ярьж эхлэхэд л би ингэж боддог байсан. Гэвч тэр үед хэн нь илүү хувь хэмжээ хүртэх вэ гэдэг дээрээ маргалдаад сөхөөгүй байсан шүү дээ.
Чили, Казахстанзэрэг орнуудыг хараад байхад ийм гэрээнүүд дээр тийм их хувь авалгүйгээр явдаг. Казахстан гэхэд эхэндээ долоо, найман хувь эзэмшиж байгаад яваандаа хувь хэмжээгээ нэмэгдүүлдэг. Гол нь нөөц ашигласны болон бусад татвараар гол орлогоо улсдаа авчихдаг. Ийм зальтай ч гэх юм уу, ухаантай аргаар ашиг олоод явж болоод байгаа жишээнүүд бий. Гэхдээ одоо энэ тухай яриад яахав. Энэ бол зүгээр л миний бодол. Хамгийн гол нь Оюу толгой, Таван толгой гэх мэтийн томоохон төслүүдээ гацаахгүйгээр явуулчихвал хүмүүс ажилтай, орлоготой болчих юм шиг санагддаг. Ямар ч байсан энэ хоёр төслийг явуулах нь чухал байна. Тэгсэн тохиолдолд араас нь олон төсөл дагаад хэрэгжинэ шүү дээ. Ийм л байр суурьтай байна даа.
-Таван толгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэхгүй Засгийн газарт буцаахаар болж байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ ажил мөд урагшлахгүй нь ээ?
-Тэр талаар нарийн мэдэх юм алга. Ажлын хэсгээс асуух хэрэгтэй байх.
-Байгаль орчны сайд байсны хувьд танаас нэг зүйл тодруулъя. Төв цэвэрлэх байгууламжийн бохирыг Туул гол руу урсгана гээд байх юм. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Туул руу хаяна гэвэл хэцүү л дээ. Ер нь бол төв цэвэрлэх байгууламж хотын өмч. Жил хагасын өмнө энэ байгууламжийг засч сайжруулах талаар хоёр хувилбар ярьсан юм. Нэг нь концессоор шийдье гэсэн ч үүнээс болж иргэдийн нуруун дээр бөөн ачаа ирэх вий гэж болгоомжлоод хотоос ТЭЗҮ-г нь эхлээд хийе гэдэг шийдэлд хүрсэн. Одоо энэ ажил нь дууссан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Туул голыг цэвэрлэх, сэргээн засварлах талын судалгаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд явж байгаа. Энэ судалгааны ажил дуусч байгаа юу гэдгийг яамнаас нь асуух хэрэгтэй. Нэгэнт төв цэвэрлэх байгууламжид засварлалт хийх гэж байгаа бол Туул голыг цэвэрлэх ажлыг ч зэрэг хийх хэрэгтэй байх л даа.
Я.МӨНГӨН