Categories
мэдээ энтертаймент-ертөнц

С.Нинжин: Өмнөд Монголоос “Таны тоглолтыг зохион байгуулмаар байна” хэмээх санал ирсэн || DNN.mn

МУСТА дуучин С.Нинжинтэй ярилцлаа.


-Сүүлд “Малчин түмний мэнд” тоглолтоо зохион байгуулав уу?

-Тийм ээ, оюутан цагаасаа Монголын үндэсний “Малчин” телевизэд шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн, есөн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Малчин удамтай монгол түмэндээ зориулан, телевизийнхээ нэрийг оруулж үндэстэн ястнуудын дуунаас бүрдсэн теле концертыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хийсэн. Энэ концертод аавын маань 52 жил урлагт зүтгэсэн хөдөлмөр ч багтсан.

-Өнгөрсөн онд МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасанд нь баяр хүргэе. Аавынхаа урлагийн салбарт ажилласны 50 жилийн ойгоор энэхүү шагналыг хүртэх сайхан байсан биз?

-Их урлагт аав минь 52 жил зүтгэж байна. 50 жилийнх нь ой цар тахлын үед таарсан учир өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12,13-ны өдөр тоглолтоо зохион байгуулсан. Миний хувьд арван жилээ төгсөхдөө л алтан медаль авч байсан (инээв). Тэрнээс хойш ахынхаа удирддаг газар ажилладаг учраас ямар ч шагнал авч байгаагүй. Тухайн үед энэхүү шагналыг авах гэж байгаагаа мэдээгүй байсан. Манай ажлынхны 100 хувийн саналаар ийм шийдвэр гарсан юм билээ. Тоглолтын орой тайзан дээр төгсгөл хөтлөлтөө хийх гэж байхад шагнал гардуулсан. Би тайзан дээр гайхширлын байдалтай ахыгаа хайж харсаар л өнгөрсөн дөө (инээв).

1 хүн болон зогсож байгаа-н ойртуулж авсан зураг байж магадгүй

-Та Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Төгсөөд шууд уран бүтээлдээ орсон уу?

-Үгүй ээ, мэргэжлийн уран бүтээлд хожуу орсон. Өнгөрсөн оны аравдугаар сараас л уран бүтээлдээ шамдаж байна. 2018 онд аавтайгаа “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг үндэсний урлагийн их театрын найрал дуучдын бүрэлдэхүүнтэй Төрийн ордныхоо өмнө дуулсан. Мөн Өмнөд Монголын Үзэмчин хошууны сүлд дууг Цагаан сарын баярт нь зориулж очиж дуулсан. Одоо л яг мэргэжлийн чиглэл рүүгээ хандаж ажиллаж байна.

-Та өөрөө урлагийн хүн телевизийн салбартай хэрхэн холбогдов оо?

-Багаасаа урлагийн л хүн болж байвал аль салбарт юу хийх нь хамаагүй, телевизээр гарах, дуулах гээд бүгд их сонирхолтой санагддаг байсан. Энэ салбар бол миний багын мөрөөдөл. 17 настайдаа Үндэсний “Малчин” телевизэд хичээлийнхээ цаг заваар шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилд орсон. Тухайн үед “Малчин” ТВ хотод гардаггүй, зөвхөн хөдөө орон нутагт гардаг байсан. -“Талархал” нэвтрүүлэг таны нэрийн хуудас гэж хэлж болмоор. Энэхүү нэвтрүүлгийнхээ санааг хэрхэн олж байв?

-“Талархал” нэвтрүүлгийг анх ийм хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Өөр төслүүдийг хэрэгжүүлж байсан ч энэ бол миний хувьд асар их хариуцлага байлаа. Удирдлагууд маань нэвтрүүлэг хийх эрх олгож маркетинг, зочид, ямар байдлаар хийх эсэхээ чи өөрөө хариуцна шүү гэж хэлж байсан. Нэрийн хуудас, хамтран ажиллах саналаа бариад өглөө ажил цуглахас орой тартал Мишээл экспогоос 100 айл хүртэл бүх газраар орсон. Надад нэг ч нааштай хариу ирээгүй. Яг долоо дахь хоног дээрээ гэртээ ирээд юу ч бүтэхгүй байгаад гуниглаад ч юмуу, шар хөдлөөд уйлж байсан үе санаанаас гардаггүй юм. Маргааш нь “Би заавал болгоно” гээд цүнхээ үүрээд тавилгын үйлдвэр эрхэлдэг хамаатныхаа ах дээр очиж 240 мянган төгрөгөөр зургаан ширхэг ширээ хийлгээд, захирлынхаа өрөөнөөс хоёр буйданг нь аваад 30 мянган төгрөгөөр Талархал гэж хөөсөнцөрөөр бичүүлээд л нэвтрүүлэг эхэлж байсан даа. Анхны оролцогч маань МУГЖ С.Өлзийхүү эгч байсан. Нэвтрүүлгийг удирдах албаныхан үзээд “Цааш үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Сар, улирал дамнаж хийсэн нэвтрүүлгийн дугаар ч бий. Цар тахлаас шалтгаалан нэвтрүүлэг маань зогссон. Цаашид найруулга, зураг авалтад анхаарч нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ.

-Та хүмүүнлэгийн үйлс хэр хийдэг вэ?

-Цар тахлын үед Архангай аймагт болон Цэнхэр, Батцэнгэл сумын өрхүүд, СХД, Чингэлтэй дүүргүүдэд багахан хэмжээний хүнс, хэрэгцээт маск, гар ариутгах хэрэгслүүдээр туслалцаа үзүүлсэн. Хороон дээр очиход амьдралын түвшин доогуур, тусламж хэрэгтэй айлуудыг судлаад гаргачихсан байдаг.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, нуур болон уул гэх мэтийн зураг байж болно

-Өөрөө айлын отгон охин уу, хэр эрх өссөн бэ?

-Тийм ээ, би айлын бага охин, хамгийн эрх нь шүү дээ (инээв).

-Өмнөд Монголын томоохон сайтуудад таны уран бүтээл байршсан гэсэн үү?

-Өмнөд Монголын Үзэмчин хошууны сүлд дууг Цагаан сарын баярт нь зориулан дуулсан. Тэрнээс хойш төлбөртэй болон төлбөргүй, Хятадын хандалт өндөртэй сайтуудад миний уран бүтээл тавигдсан, хэн тавьсныг нь мэдэхгүй. Хятад хэлний багш дүү маань ийм сайтад таны дуу өндөр үзэлттэй явж байна гээд хэлж өгдөг. Өмнөд Монголоос “Хил нээгдэхээр таны тоглолтыг зохион байгуулмаар байна” хэмээх санал ирсэн.

-Та бизнесийн удирдлагаар магистр хамгаалж байгаа гэсэн үү, цаашдын төлөвлөгөө тань юу вэ?

-Би хэд хэдэн жижиг бизнес эрхэлдэг, тэднийхээ хүрээг тэлнэ. Хэвлэл мэдээллийн салбарт нэлээд удчихлаа. Одоо уран бүтээлдээ түлхүү анхаарах бодолтой байна.

-Та урлагийн, мөн телевизийн салбарт ажилладаг. Бизнесийн салбар руу ч орсон юм байна. Энэ бүхэн таны хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч зантай холбоотой юу?

-Ер нь идэвхтэй хүн шүү. Гэртээ нэг өдөр өнжихөөр л буруу юм хийчихсэн юм шиг гэмтэй санагдаад байдаг. Хүн ер нь завгүй, бүтээлч байх ёстой л гэж боддог.

-Таныг бөхөд их сонирхолтой юм уу гэж харсан шүү?

-Хүмүүс бөх хүнтэй суух уу, бөх их үздэг үү гээд л асуудаг (инээв). Миний ах бөхөд маш дуртай. Телевизийн ажлаар бөхийн барилдаан зохион байгуулах болон аав ээжийнхээ нутгийн бөхчүүдийг таньдаг учир наадам, баяр ёслолоор тэр хэдийгээ харах гэж үздэг. Би Архангай аймгийнх, манай нутаг олон сайхан хүчтэнтэй. Нарийн ширийн мэхийг нь мэдэхгүй ч монгол хүн л юм болохоор морь барианд орох, нутгийн бөхөө түрүүлэхийг үзээд их огшдог. Би бөхөө дээдэлдэг, хүндэлдэг. Энэ бол бидний өв уламжлал.

-Ингэхэд та гэр бүл зохиосон уу?

-Үгүй ээ (инээв).

-Цаашид ямар нэгэн уран бүтээлчтэй хамтарсан уран бүтээл хийх бодол байна уу?

-Өмнөд Монголын П.Алтанбүргэд гээд маш сайхан дуулдаг дуучин байдаг. Олон жилийн өмнөөс энд хамтарч ажиллах талаар ярьсаар. Ойрын хугацаанд хамтарч ажиллахаар төлөвлөчихөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *