Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр үнэ нэмэх, үгсэн хуйвалдах асуудалд бид орохоос өөр аргагүй DNN.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Та ажлаа хүлээж аваад хэд хонож байна. Энэ хугацаанд ажилтайгаа танилцаж амжив уу?

-Ажлаа хүлээж аваад яг долоо хонож байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ажил тараад ажлаа хүлээж авсан. ШӨХТГ нийт есөн хууль тогтоомжид хяналт тавьж ажилладаг юм байна. Манайх Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн тухай хуульд бүтэн хяналт тавьж ажиллана. Бусад Зар сурталчилгааны тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Зөрчлийн хууль, Эцэслэн шийдвэрлэх тухай хууль гэх мэт есөн хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, хэрэглэгчдийн өмнө тулгарсан асуудал, хэрэглэгчид хохирч байна уу, хэрэглэгчдэд ямар асуудал үүсч байна, энэ талаар ирж байгаа гомдлууд дээр ажиллаж байна. Мөн Өрсөлдөөний тухай хуулиар компаниудыг шударга өрсөлдөх, түүнийг боломжоор нь хангаж өгөх, ямарваа нэгэн байгууллага компани монополийн үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг судалгаа хийгээд монополийг тогтоодог, монополийг задлах зэрэг үйл ажиллагаа хийнэ. Мөн зүй ёсоор хуульд заагдсан нэг байгууллага, аж ахуйн нэгжээс өөр ямар нэгэн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй зах зээлтэй компаниудад хяналт тавина. Жишээ нь, манайд МИАТ болон иргэний нисэхийн байгууллага байна. Төмөр зам байна. Гэвч төмөр зам байгуулаад дахиад нэг компани ажиллах боломжгүй шүү дээ. Ийм байдлаар зүй ёсны монополийг тогтоодог. Үнийн өсөлт зүй ёсны монополь дээр тогтоогдсон бол цаашдаа үнэ өсгөх зэрэг асуудлууд дээр нь хяналт тавина.

-Өөр ямар үүрэгтэй вэ?

-Давамгай байдал үүсгэсэн гэж тогтоодог. Монополь биш мөртлөө нийт зах зээлийн 3/1-ийг эзэлж байгаа. Түүнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоогоод эдгээрийн нэгдэн нийлэх, үнээ өсгөх бусад үйл ажиллагаанд нь хяналт тавина. Үүгээрээ жижиг компаниудыг гаргаж ирэх, өрсөлдөөнийг дэмжих, зүй ёсны монополь юм уу, давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь юм уу гэх мэтээр тогтоож өнөөгийн байдлаар зах зээлийн үнийг бусад компани өрсөлдөх чадварыг нь боомилох маягаар үнээ хэт буулгах ч юмуу, үнэ тогтоох, бусад компаниудтай хамтран ажиллахгүй байх үйл ажиллагааг үүсгэхгүй байхын тулд хянаж ажилладаг.

-Дүрэм журам, хэрэгжилттэйгээ танилцсан уу?

-Бид өөрсдийн дүрэм журам, хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Намайг ажлаа авахад үнийн өсөлт гэдэг зүйл өндрөө авчихсан байсан. Бид мэдэж байгаа. Дэлхий дахины эдийн засаг хүнд байна. Ковид цар тахлаас үүдэлтэй хоёр жилийн хөл хориотой үргэлжлээд дайны нөхцөл байдал үүссэн. Үүнээс болоод Орос улс хилийн хориг, худалдааны хоригт орж байгаатай адил бид бүхэн ч давхар хоригт орчихож байна гэсэн үг шүү дээ. Хятад улстай хиллэж байгаа хил нэвтрэх чанар муу байна. Энэ бүгдээс шалтгаалаад эдийн засаг хүндэрсэн. Валютын ханш өссөн. Ийм нөхцөл байдалтай үед ажлаа авлаа. Надад өгсөн хамгийн эхний үүрэг даалгавар үнэ тогтворжуулахтай холбоотой гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах юм. Үнийн өсөлтөд хяналт тавих тухай хууль байна. Энэ хуулийн дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд мөн нефтийн, дизель түлшний болон АИ-92 зэрэг бүтээгдэхүүнд хяналт тавих үүрэг өгсөн. ШӨХТГ үнийн өсөлтийг хязгаарладаг гэхээсээ илүү чөлөөт өрсөлдөөний орчныг бий болгодог газар. Гэхдээ Засгийн газраас болон УИХ-аас шийдвэр гаргаад ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ард иргэдийн амьжиргааг унагаахгүй байх, гамшиг давагдашгүй хүчин зүйлийн үүднээс гэнэтийн аюулд тохиолдох зохицуулалтыг Засгийн газраас хийхэд хяналт тавих үүрэгтэй. Энэ хүрээнд бид ажиллаж байна.

-Үнийн өсөлтийн эсрэг ямар ажлууд хийж эхлээд байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт ХХААХҮСЯ-ныхантай уулзаж үнийн өсөлтийн эсрэг хамтран ажиллах санал тавьсан, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний өсөлт дээр. Энэ чиглэлээр Засгийн газраас шийдвэр гараад УИХ-аас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа. Тиймээс бид өчигдөр (дөрөвдүгээр сарын 25-ны өдөр) хүнс үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагчид, махны үйлдвэрүүдийн томоохон төлөөллүүдтэй уулзаж, санал солилцож, ярилцлаа. Энэ хүрээнд бид төсөл боловсруулаад Засгийн хуралдаанаар орж хэлэлцүүлээд хэрхэн хамтарч ажиллах вэ гээд гурван талын гэрээ байгуулж, манай байгууллага хэрэгжилт дээр нь хяналт тавиад явна.

-Хамгийн сүүлд гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тухай цахим орчинд шуугьж, хэрэглэхгүй байх уриалга явсан. Энэ чиглэлийн үйлдвэрүүдтэй уулзсан уу. Ямар хариу өгөв?

-Үйлдвэрүүдийн удирдлагуудтай бид уулзсан. Тэдний зүгээс ярьж буй асуудал нь ажилчдын цалин нэмэгдсэн. Хөдөлмөрийн хуульд шинэчлэл орсны дагуу ажилчдын хувьд гурван ээлжээр ажилладаг. Шөнийн цагийн нэмэгдэл олгодог. Дахин илүү цагийн нэмэгдэл олгоно. Энэ бүгдтэй холбоотойгоор цалин нэмэгдсэн гэж ярьж байна. Цалин зайлшгүй нэмэгдэх шаардлагатай. Хөдөлмөрийн хуулиараа шөнийн цагаар ажиллаж байгаа бол нэмэгдлээ олгох ёстой. Илүү цагаар ажиллаж байгаа бол илүү цагийн мөнгийг олгох ёстой. Тухайн үйлдвэрт үйл ажиллагааны зардал нэмэгдэж байна гэсэн үг. Дээрээс нь гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнүүд байдаг. Гурилан бүтээгдэхүүнийг зөвхөн гурилаар хийхгүй. Ургамлын тос, давс, элсэн чихэр гэх мэт хольц орно. Үүнтэй холбоотойгоор нэмэгдэж байна гэж ярьж байна. Гэхдээ манай байгууллага зөвхөн үйлдвэрлэгчдийн ярьж байгааг сонсоод, нэг бол хэрэглэгчийг л зөвхөн сонсоод ажилладаггүй. Өөрсдөө судалгаа хийгээд, дүгнэлт гаргаад ажлын төлөвлөгөө гаргаж ажилладаг.

-Судалгаа хийгээд ямар дүнэлт гарав. Үнэ хэр өссөн байна вэ?

-Манай байгууллагын зүгээс гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний судалгааг хийлгэхээр бүх үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, аж ахуйн нэгж рүү албан бичиг, хүсэлтүүд явуулсан байгаа. Гаалийн үнийг гаргаж ирнэ. Орж ирээд хэдэн төгрөг нэмдэг. Хэдэн төгрөгөөр хаана ямар дамжлагаар яваад эцсийн дүнд хэрэглэгчдэд очиж байгаа юм бэ гэсэн нарийвчилсан судалгааг гаргаад үнэхээр зах зээлийн журмаар өссөн байна уу, нэг бол үгсэн хуйвалдаж байгаад үнэ нэмсэн байна уу гэдэг асуудлыг гаргаж ирэх шаардлагатай. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзаад бүх зах худалдааны төвүүдээр хамтарсан судалгааны баг гаргасан. Хаана ямар үнэ нэмэгдээд байна гэдэг үнийн судалгааг гаргаж байна. Би өөрөө БЗД-ийн хоёр ч газраар ороод ирлээ. Импортын бараан дээр үнийн өсөлт байна. Жишээ нь, ургамлын тосны үнэ маш их нэмэгджээ, хойд хөршид гарсан дайны нөхцөл байдлаас үүдэж. Украин, Орос улсууд наранцэцгийн тосны голлох үйлдвэрлэгчид байдаг. Үүнтэй холбоотойгоор наранцэцгийн тосны үнэ өсч байгаа юм байна гэж ойлгогдож байгаа.

Таван литр наранцэцгийн тосон дээр 9000 төгрөгний үнэ нэмэгдсэн байх жишээний. Ингээд явахаар үнэ бол зайлшгүй өсч байна. Бусад бүтээгдэхүүний үнэд судалгаа хийлээ. Өчигдөр үйлдвэрлэгч, импортлогчидтой уулзахад Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг байх, ямар хамтран ажиллах боломж буйг хоёр талаасаа ярилцаж байгаад үнийг боломжтой бол тодорхой хэмжээнд буулгая гэж ярьцгаасан. Мэдээж байгууллагууд тодорхой хэмжээнд ашиг олохоор ажиллаж байгаа. Хичнээн ашиг олохоор ажиллаж байгаа ч давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр хүндрэлтэй байдалд орж байна. Ийм үед хамтран ажиллаач ээ гэдэг саналыг тавьж байгаа.

-Махны үнэ өндөр байгаа шүү дээ. Үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Мах зарах дамжлага нь олон байна. Хөдөө орон нутгаас эхлээд орон нутгийн ченж худалдаж авдаг. Орон нутгийн ченжүүд хотын ченжүүдэд өгдөг. Тэд маань Эмээлт юмуу, Налайхад аваачиж нядлуулаад Дэнжийн мянга дээр авчирдаг. Дэнжийн мянгаасаа аваад дахиад мөнгө нэмээд зардаг. Энэ олон дамжлага байгаа учраас үүнийг зөв зүйтэй систем рүү нь оруулах ёстой гэдгийг ярьж байна. Энэ бол өнөөдөртөө шууд шийдчих асуудал биш. Тэгэхээр эхний ээлжинд нөөцийн махны худалдааг өргөтгөе. Аль болох цар хүрээг нь нэмэгдүүлье гэж байгаа. Одоогоор нийслэлд нөөцийн махны 480 орчим цэг ажиллаж байна. Гэхдээ эдгээр цэгүүд гэр хорооллын алслагдсан хороодоор байгаа. Тэгвэл энэ жилийн нөөц хангалттай байгаа юм бол бүх дэлгүүрүүд боломжит бүх газраар худалдаалъя. 8000 төгрөгөөр нөөцийн хонины мах зарж байна. Хажууд нь 12 мянга гээд хонины мах байна. Хүн өөрөө алийг нь авах сонголтоо хийнэ. 8000 төгрөгний махыг аваад байхаар 12 мянган төгрөгний үнэтэй мах бууж таарна. Үнэ буух боломжтой гэж бид хараад байгаа юм. Судалгаа хийхээр Дэнжийн мянгын зах дээр өглөө эрт бөөний үнэ 8000 төгрөг гэж байгаа юм. 8000 төгрөгөөр нь үхрийн гуя салгаад авъя гэхээр салгаж өгөхгүй. Салгаж өгөхөөр бол 8500 төгрөгөөр өгье гэж байна. Ингээд 8500-гаар нь авъя гэхээр хажуу дахь нөхдүүд нь ченжүүд, лангууныхан нь орж ирээд “Та нар 8500-гаар зарах юм бол бид та нараас мах авахгүй” гэдэг шантааж хийж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө борлуулагч махаа зарахаа болиод 8000 төгрөгөөр Дэнжийн мянгын худалдаачиддаа өгчихөж байна. Тэрийг авсных нь дараа 08:00 цагт зах онгойхоор ороод үзэхээр нөгөө махаа 12500 төгрөгөөр зарж байгаа юм. Газар дээр нь 4000 төгрөг нэмчихэж байна. Тэгэхээр орон нутгийн ченж, нийслэлд зарж байгаа ченжийн үнийг хасахаар малчид нь 3000-4000 төгрөгөөр л зарсан болж таарч байна. Энэ бүгдийг зөв голдиролд нь оруулах ёстой. Үнийн өсөлтөд хэзээ хуулийн хүрээнд хязгаарлалт тавих гэж оролдох вэ гэвэл үндэслэлгүйгээр буй үгсэн хуйвалдаж үнэ нэмэх энэ асуудалд бид орохоос өөр аргагүй. Ийм байдалтай ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *