Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхбат: Шинзо Абэ хоёр чухал асуудал дээр ач холбогдол өгчихөөд явчихлаа

МУИС-ийн Улс төрийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбаттай ярилцлаа.

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал болон сүүлийн үед тус улсын илэрхийлж байгаа байр суурь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Түүний энэ удаагийн айлчлалыг та улс төр судлаачийн хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Япон бол манай маш найрсаг харилцаатай гуравдагч хөрш шүү дээ. 1990 онд нийгмийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан шилжилтийг хийсэн тэр хүнд цаг үед хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан орон бол Япон. Америк тусламжийн гараа сунгаагүй, Европын холбоо ч туслаагүй. Тэгэхэд бидэнд тэр цагт эдийн засгийн болон материаллаг, санхүүгийн анхны тусламжийг Азиас Япон орон л үзүүлж байсан. Энэ утгаараа сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол, Японы эдийн засаг, улс төр, соёлын харилцаа маш эрчимтэй хөгжиж байгаа. Ази тивд манайтай эдийн засаг, улс төр, соёлын харилцаагаараа хамгийн найрсаг байгаа орон нь яах аргагүй Япон. Бид Японы ард түмэн, Японы Засгийн газрыг буруушаах гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар тэдний явуулж байгаа бодлого, Японтой харилцаж байгаа харилцаагаа буруу гэж тодорхойлох нь зохисгүй, тиймэрхүү ёсзүй бидэнд байх ёсгүй.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн энэ удаагийн айлчлал дөрөвхөн цаг үргэлжиллээ. Шинзо Абэ саяхан батлан хамгаалахынхаа бодлогод томоохон эргэлт хийчихсэн. Хуучин бол төвийг сахьсан, энхийг эрхэмлэсэн, ямар нэгэн бие даасан батлан хамгаалах бодлогыг бүс нутаг болон дэлхийн хэмжээнд явуулахгүй гэсэн тийм бодлоготой байсан. Гэтэл Япон орон бүс нутаг, аливаа зүйлд заналхийлэл болох юм бол цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулна гэж батлан хамгаалахын номлолоо өөрчилчихлөө.

Япон дэлхийн гурав дахь томоохон эдийн засаг, Азидаа Хятадын дараа орох том эдийн засагтай орон. Энэ утгаараа ярих юм бол бүс нутгийн хэмжээнд цаашлаад дэлхийн хэмжээнд улс төр, эдийн засаг, геополитик, цэргийн байр сууриа бэхжүүлэх ийм алхмуудыг хийх ёстой. Үүнийг эхлүүлэх ажлын эхлэл нь Шинзо Абэгийн айлчлалууд байсан болов уу гэж бодож байна. Тэрээр Төв Азийн орнуудаар айлчилж байна. Энэ хүрээнд Монголд дөрвөн цаг айлчиллаа. Энэ хугацаанд Монголтой олон асуудал ярьсангүй. Уул уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах саналуудаа илэрхийллээ. Мөн зүүн чиглэлд тавигдах төмөр замын асуудлыг ярилаа.

Япон бол том эдийн засагтай, хөгжингүй орон учраас манайхан юуг сонирхож байна вэ гэхээр уул уурхайн баялагт хамтарсан хөрөнгө оруулалт хийх. Дээрээс нь Монголын нэг давуу талыг япончууд ойшоож үздэг. Тэр нь юу гэхээр Хойд Солонгостой харилцахдаа Монголын аялал жуулчлалыг ашиглах гэдэг асуудал. Хойд Солонгос Монгол хоёр бол улс төрийн хувьд ойр харилцаатай орнууд. Социализмын үеэс эхлээд өнөө хүртэл тэр харилцаа нь хэвээр байгаа. Гэтэл Хойд Солонгос, Японы харилцаа төдийлөн таатай биш. Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар Монгол Улсыг татаж оролцуулах, манай аялал жуулчлалыг ашиглах нь улс төрийн хувьд чухал ач холбогдолтой. Энэ хоёр асуудал дээр ач холбогдол өгчихөөд явчихлаа л даа.

-Шинзо Абэ Ерөнхий сайд манайд хоёр дахь удаагаа айлчиллаа. Өмнө нь 2013 онд ирсэн. Ер нь Японы Ерөнхий сайд нэг улс руу ингэж ойр ойрхон айлчилдаг юм уу?

-Шинзо Абэ хоёр дахь удаагаа айлчиллаа. Ер нь ингэж түүн шиг ойр ойрхон айлчилсан Ерөнхий сайд байхгүй л дээ. Японы хөгжлийн бодлого бол бүс нутаг, дэлхийд байр сууриа эзэлсэн, улам илүү хөгжингүй орон болж хөгжих гэсэн зорилттой. Монголд юу байна вэ гэхээр түүхий эд, Японд юу байна вэ гэвэл технологи. Энэ хоёрыг нийлүүлж аль аль талдаа ашигтай ажиллах гэдэг хувилбар дээр тогтож байна. Ер нь Японтой эдийн засаг, улс төрийн хүрээнд нягт хамтраад ажиллахад бидэнд алдах юм байхгүй. Тэдний технологи бидэнд хэрэгтэй. Бид газар доорх баялгаа өндөр технологид суурилсан байдлаар ашиглаж чадахгүй байгаа тохиолдолд гадны технологийг л авна шүү дээ. Тэгж авна гэвэл Японы технологийг сонгоход алдах юм байхгүй. Төмөр зам барих асуудал мөн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудал тэр чигээрээ Японы хөрөнгө мөнгө, технологи, стандартаар баригдаж байгаа зүйлүүд. Тийм учраас Японы технологийг Монголд суурьшуулах асуудал бол манай хувийн хэвшилд төдийгүй төрийн бодлогын чиглэл болбол үр дүнтэй байх болов уу гэж судлаач хүний хувьд боддог юм.

-Япончууд зүүн аймгууд руу зам барьдаг. Энэ удаад зүүн чиглэлийн төмөр замын асуудлыг хөндлөө. Үүнээс үзэхэд Япон улс зам тээврийн харилцаагаа өөр рүүгээ ойртуулж, хөгжүүлж байна гэж харж болох уу?

-Мэдээж шүү дээ. Ямар ч улс аливаа улс оронтой харилцахдаа аль аль талдаа ашигтай хувилбарыг бодно уу гэхээс биш харилцагч талдаа зуун хувийн ашигтай, өөртөө ашиггүй гэрээ, бодлого явуулна гэж байхгүй. Тийм улс хаана ч байдаггүй. Харин тэр бодлогыг хөгжил болгож хувиргах ухаан манай төрд байх ёстой.

-Японы тал Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад цаашид ч хамтарч ажиллана. Мөн олимпийн бүтээн байгуулалтад ажиллах хүч илгээх манай саналд хүндэтгэлтэй хандана гэж илэрхийлж байсан. Дипломат ёсонд нөгөө талынхаа саналд хүндэтгэлтэй хандана гэдгийг юу гэж ойлговол зохистой байдаг юм бэ?

-Япон улсын хувьд ялангуяа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улс, улс хоорондын харилцаанд өөрөө их хүлээцтэй бодлого явуулж ирсэн. Тэр бодлого нь одоо ч илэрдэг. Японы ард түмэн, Засгийн газрынх нь улс орнуудтай харилцаж байгаа харилцаа нь хүлээцтэй, аливаа асуудлыг тал талаас нь шинжилсэн өнгө аястай бодлого явуулдаг орон байхгүй юу. Шинэ нисэх онгоцны буудал ч юм уу, тухайн байгууллагыг авч явдаг удирдлагын менежмент, зохион байгуулалтын аргыг нь бид нэвтрүүлж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидний хөгжиж чадахгүй байгаа дутагдалтай тал бол удирдлага, зохион байгуулалтын сайн менежментийг төрийнхөө түвшинд ч, хувийн хэвшлийн түвшинд ч, төр хувийн хэвшлийн харилцаанд ч хийж чадахгүй байгаа явдал шүү дээ. Япончуудаас бид аль аль түвшин, салбартаа суралцах, мэдэх зүйл асар их байгаа юм. Японтой харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлэх, дээд түвшинд гаргах, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа олон салбар, чиглэлд өргөжүүлэх ажилд анхаарах нь зүйтэй.

-Зарим айлчлал хоёр, гурван өдөр үргэлжилдэг. Гэтэл дөрөвхөн цаг айлчилсан нь зарим хүнд чамлахаар хугацаа санагдсан байх?

-Айлчилж байгаа зочны цагийн тухайд төрийн том айлчлал чинь цаанаа төлөвлөгдчихсөн байгаа шүү дээ. Тэрэн дээр тэглээ, ингэлээ гэх нь гоомой зүйл болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *