Categories
мэдээ нийгэм

С.Мэндсайхан: Дөрвөн сая дахь иргэн мэндлэх хугацааны давтамж өмнөхөөсөө богино байх магадлалтай

Үндэсний статистикийн газрын дарга С.Мэндсайханаас Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэнтэй холбогдуулан дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ямар аргачлалаар тодруулсан бэ?

-Нэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын хүн ам хоёр сая 995 мянга 949 байсан. Энэ тоог энэ сарын нэгдүгээр сарын тавны өдөр улс орон даяар зарласан. Энэ өдрөөс хойших бүх төрөлтүүдийг бүртгэж, цаг, минутаар нь жагсаасан байгаа. Мөн нас баралтын тоо хэмжээг аргачлалынхаа дагуу хасаж байсан. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хүүхдийн тоог бид гаргасан. Ингээд 19-ний өдрөөс 26-ны өдрийн бүх төрөлтийг цаг, минутаар нь бүртгэж авсан. Төрөх эмнэлгүүдийн цагийг стандарчлал хэмжил зүйн цагтай тааруулсан. Энэ тооцооллын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өдрийн 73 дахь төрөлт байсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанбаатар, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн.

-Чацуутнуудыг хэрхэн тодруулсан бэ?

-Журмынхаа дагуу энэ сарын 24-ний өдөр төрсөн бүх хүүхдүүдийг чацуутнаар нэрлэж байгаа. -Энэ өдөр гадаад улс оронд төрсөн хэдэн хүүхэд байгаа вэ?

-Энэ өдөр хилийн чинадад гурван хүүхэд мэндэлсэн. Гурвуулаа АНУ-д төрсөн. Хоёр нь ихэр хүүхэд.

-Хагалгаагаар төрсөн хүүхдүүдийг тооцсон уу?

-Монгол Улсын иргэн болж мэндэлж байгаа бүх хүүхдийг тоололд оруулсан. Гурван сая дахь иргэнийг тодруулах явцад хүүхэд аль аргаар төрсөн эсэхийг харгалзаагүй.

-Гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд буюу өнгөрсөн бямба гарагт мэндэлсэн байхад яагаад ийм орой зарлаж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт 24-ний өдөр бямба, 25-ны өдөр ням гараг байсан. 24-25-ны өдрүүд гадаадад Монголын иргэн мэндэлсэн байх боломжтой байсан. Тэр хүүхдүүд консулд бүртгүүлэхийн тулд ажлын өдөр буюу 26-ны өдөр хандах ёстой. АНУ-д 26-ны өдөр гэхээр манай энд 27 гэсэн үг. Тиймээс бид 27-ныг дуустал авсан. Хоёрдугаарт, гурван сая дахь иргэн яг хэдний өдөр, хэдэн цагт төрөхийг бид мэдэхгүй учраас 19-нөөс хойш юм байна гэж үзээд 26-ныг дуустал мэдээлэл авсан. Өчигдөр орой 19-нөөс хойших бүх төрөлтийн мэдээллийг харахад 23-ны шөнийн байдлаар Монгол Улсын хүн ам 2 сая 999 мянга 943 байсан. Гурван сая болоход 57-хон хүүхдээр дутуу байсан. Өөрөөр хэлбэл, бид 24-нд гурван сая дахь иргэн төрсөн юм байна гэж мэдсэн. Тэгээд энэ өдөр төрсөн бүх хүүхдийнхээ мэдээллийг шалгасан. Цаг, минут, овог нэр нь зөв эсэхийг шалгасан. Ингээд 181 хүүхдээс 09:45 цагийн орчимд төрсөн хүүхэд нь Өмнөговьд төрсөн хүүхэд байна гэж тогтоосон. Тэндээсээ шууд гараад комиссын хуралд ороод, гарч ирээд Ерөнхийлөгчид айлтгасан. Одоо бол гурван сая дахь иргэний аав, ээж нь ч мэдээгүй байгаа. Бид мэдээд л Ерөнхийлөгчид танилцуулаад, олон нийтэд мэдэгдэж байгаа нь энэ юм.

-Нэг, хоёр, гурван сая дахь иргэд төрөх хоорондын зайн давтамж нь хэр ойр байна вэ?

Нэг сая, хоёр сая дахь иргэний хоорондын зай 27 жил, хоёр, гурван сая дахь иргэний хоорондын зай 26 жил гаруйн хугацаанд төрлөө. Гэхдээ энэ бол нэлээд урт хугацааны давтамжтай байна гэсэн үг. Сүүлийн үед төрөлт харьцангуй өсөж байна. Тиймээс дөрвөн сая дахь иргэн төрөх хугацаа энэ давтамжаас богино байх магадлал байна. Учир нь төрөлт нэмэгдсэн хамгийн оргил үед төрж байсан хүүхдүүд 26, 27 насанд буюу нөхөн үржихүйн насанд хүрсэн учраас төрөлт тэр хэмжээгээр нэмэгдэх байх. Харин хэдэн жилийн дараа буюу төрөлт хамгийн бага үед төрсөн хүүхдүүдийг нөхөн үржихүйн насанд хүрэх тэр хугацаанд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *