Categories
мэдээ нийгэм

С.Лувсанвандангийн гэр музей нээлтээ хийлээ

– “ЭРХ ЧӨЛӨӨ ЭРХЭМ ҮГ” –

Өнгөрөгч 10 дугаар сарын 15-ны баасан гаригт Монголын соёлын өв, соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдсэн нь Хорьдугаар зууны их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Сономын Лувсанвандангийн гэр музей нээгдсэн явдал байлаа.

Олны ярьдгаар дөчин мянгатын хуучны хоёр өрөө байранд С.Лувсанвандан гуай гэргийн хамт, зургаан хүүхэдтэйгээ олон жил амьдарсан аж. Үр хүүхдүүд нь “Бид бүгдээрээ л олон жил эндээс дамжаад амьдралд гарсан, музей болгох юмсан” хэмээн багагүй хугацаанд зорилго тавьсаар энэхүү гэр музейг “С.Лувсанвандан: Баримт бичгийн эмхэтгэл IV боть”-той хамт нээжээ. Цар тахлын үеийн дүрэм журмыг баримтлан цомхон хүрээнд болсон нээлтэд С.Лувсанвандангийн том хүү Л.Болд, хүү Л.Болдхуяг, том охин Л.Сарангэрэл болон бусад ач зээ нар нь, эрдэмтний гарын шавь нар, эрдэм номын садангууд, судлаач нар хүрэлцэн иржээ. Тэдний дунд Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Д.Нямаа нарын олны танил эрхмүүдээс гадна доктор профессор Д.Цэдэв, Ч.Алтанцэцэг, Ж.Энэбиш, Л.Батчулуун, А.Алимаа, Б.Сумьяабаатар, Д.Хүү, докторант О.Алтанзаяа нарын эрдэмтэн судлаачид иржээ.

С.Лувсанвандан гуайн том хүү Л.Болд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хүний амьдрал үр хүүхдээрээ л үргэлжилдэг. Үр, ач нар нь аав, ээжийнхээ бүтээл, насан туршийн зүтгэлийг нь үргэлжлүүлээд авч явах ёстой. Хорьдугаар зуун бол үнэхээр монголчуудын хувьд тусгаар тогтнол, эрх чөлөө, соёл боловсролоо авч үлдэх эргэлтийн зуун болсон. Өнгөрсөн зуунд манай ахмад үеийнхэн суурийг нь тавьж үлдээсэн. Дараа нь НҮБ-д элсэж, монголчууд бид үнэхээр энэ аугаа ард түмнийхээ өлгий нутагт эрх чөлөөгөө хамгаалж оршин тогтнож чадна гэдэг нотолгоог дэлхийд харуулсан. Үр дүнд нь өнөөдөр бид эрх чөлөөт тусгаар улсдаа амьдарч байна. Энэ бол олон ард түмнүүдийн өнгөрсөн үетэй харьцуулахад үнэхээр гайхамшиг юм. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой болж байна, монголчууд бид эрх чөлөөгөө эдэлж байна.

Энэ бол тэр зууны жар, далаад онд улс орныхоо төлөө зүтгэж ирсэн ахмадуудын ач гавьяа. Тэдний үлдээсэн өв их эрдэнэ, бүтээл бол үнэхээр тусгаар тогтнолын илэрхийлэл. Монголын түүх, соёл, бичиг үсэг зэрэг бидний бие даасан байдлын илэрхийлэл болсон эрдэм соёлоо үргэлжлүүлж авч явах цаг үе Монголын залуучуудад ирсэн. Одоо музей болж байгаа хуучны энэ хоёр өрөө байранд аав ээж маань зургаан хүүхэдтэйгээ, ам бүл наймуулаа олон жил амьдарсан.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров: -Манай улсад С.Лувсанвандан гуай гэх мэтээр аугаа том том эрдэмтэд байжээ. Харамсалтай нь тэр урлагийн зүтгэлтнүүд, томчуудын өв үлдэхгүй байна. Харин С.Лувсанвандан гуайн хүүхдүүд манай урлаг соёлынхонд тэр том хүмүүсийнхээ өвийг ингэж үлдээж хадгалж, улам үнэ цэнэ оруулах ёстой юм гэдгийг харуулж, үлгэрлэж байна. Аавынхаа нэрэмжит шагнал бий болголоо, гэр музейг нь нээж байна. Бүтээлүүдээр нь ботиуд гаргаж байна. Та бүхэн манай оюуны сан, соёл урлагт их үлгэр болсон сайхан зүйл хийж байна гэдгийг хэлмээр байна. С.Лувсанвандан гуайн нэрэмжит Гоозүйн дээд шагнал олон жил тасралтгүй зохион байгуулагдаж, урлагийн алдартнуудыг шалгаруулж байна. Энэ гавьяат, соёлын тэргүүний ажилтан гэдэг шагналууд чинь ерөөсөө ул дол болоод алга болно. Харин С.Лувсанвандан гуайн Гоозүйн дээд шагнал гэх мэт том хүмүүсийн шагнал, гадаадынхаар бол Оскар, Нобель гэх мэтчилэн жишгээр үлдэж улам үнэ цэнэтэй болно. Тийм учраас энэ шагналаа Монгол туургатны хэмжээний шагнал болгох тал руугаа явах ёстой юм шүү.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Д.Цэдэв: -С.Лувсанвандан гуайн гэрт ч олон хоносон доо. Л.Болд жаахан шархүү байлаа. Л.Сарангэрэл, Л.Болдхуяг гээд бүх хүүхдүүдтэй нь зэрэгцээд багшдаа загнуулахдаа загнуулж, чи үүнийг буруу ойлгосон байна, үүнийгээ зас гэж заавар сургамж авдаг байв. “Эрдмийн зөвлөл их хатуу гэж мэдээрэй, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан гээд томчууд бүгд байгаа шүү” гэж надад анхааруулдаг. “Чиний дуу их нам, чи чанга яриарай, чамайг шүүмжилнэ, чи ямар хариу өгөх вэ, үсээ засуул, өнгөтэй өөдтэй яв” гээд бүхнийг л хэлж өгдөг байсныг одоо өвгөн болсон хойно дурсахад сайхан байна.

Доктор, профессор Л.Батчулуун: -Би “Дүрслэх урлагийн нэр томьёоны нэвтэрхий толь”-ийг багшийнхаа гэр музейд бэлэглэж байна. Багшийн маань шавь нарын нэг бүтээл нь гэж тооцож яваарай. Би 70 гаруй ном хэвлэжээ, 100 орчим ном редакторласан байна. Энэ болгон бүгд С.Лувсанвандан багшийн маань хариу нэхээгүй бэлэг юм шүү.

Доктор профессор, ахмад багш Д.Хүү: -Би 23 дугаар сургуульд багшилж байлаа, С.Лувсанвандан гуайн хүүхдүүдэд хичээл зааж байв. Би бичих, шүүмжлэх, шүлэг зохиох гээд олон юманд оролцож явсан. Энэ бүхэнд С.Лувсанвандан гуай надад дэмжлэг үзүүлж зөвлөдөг байлаа.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессор А.Алимаа: -С.Лувсанвандан гуайн тухай олон зүйлийг ярьж болно. Юуны өмнө хэлний мэргэжлийн хүн байсан. Хүрээлэнгээс хүрээлэн тасалж бий болгосон, хүрээлэнг хүрээлэнгийн дайтай болгосон, Монголын шинжлэх ухаанд багана болж явсан энэ хүнийг судлаад би хоёр дахиа төрсөн гэж бодож явдаг даа.

С.Лувсанвандан сангийн гүйцэтгэх захирал, доктор Ш.Сүхбаатар: -С.Лувсанвандан гуайн есөн боть номыг 2002 онд эмхэтгэн гаргасан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн А.Алимаа, үргэлжлүүлээд С.Лувсанвандан гуайн холбогдолтой түүхийн, судалгааны хэрэглэгдэхүүнийг дөрвөн ботиор эмхэтгэж гаргасан СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн С.Лувсанвандангийн нэрэмжит “Судалгааны баримтын сан”-гийн эрхлэгч, докторант О.Алтанзаяа нарт талархлаа илэрхийлье. Цаашид ч их эрдэмтний үлдээсэн эрдмийн өвөөр нь боть номууд хэвлэгдэн гарч 90 насных нь ойг ирэх жил өргөн хүрээнд тэмдэглэхээр бид ажиллаж байна.

О.НАРАНХҮҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *