Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбаа: Салбарын хөгжилд халаа, сэлгээ хамгийн том гацаа болж байна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн болон Эрүүл мэнд спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай ярилцлаа.


-2016 оны УИХ-ын сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд та юу хийж амжуулж байна вэ. Магадгүй хамгийн нам жим, тайван үе өнгөрч байгаа болов уу?

-Тэгж ойлгож болно. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх, АН-ын дүрмийн хорооны гишүүн, намын дэргэдэх боловсрол, эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн гишүүн гээд намын сонгуульт ажлууд байна аа байна. Төрийн албанд 20 гаруйхан наснаасаа орж, дээд боловсролын улсын хороо, боловсролын яамны дарга, сайд байсан төр нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмид, Академич Н.Содном, доктор, профессор Б.Даваасүрэн, С.Галсан, Ч.Сэрээтэр, М.Даш, Ц.Дашцэдэн, Д.Чүлтэм, Б.Энхтүвшин, хэлтсийн дарга З.Энэбиш гээд олон сайхан хүмүүсийн удирдлагад ажиллан төрийн ажлын жаахан дөр сууж, сүүлийн 20 гаруй жил улс төрийн хариуцлагатай албыг хашсан болохоор “сурсан юмыг сураар боож болохгүй” гэгчээр залуучууддаа бичиж боловсруулах ажилд нь тусалж, дэмжиж л явна.

-МАН засаг бариад хэдийнэ хоёр жил болжээ. Хашир, туршлагатай улстөрчийн хувьд эрх баригчдыг хэрхэн дүгнэж байгаа бол?

– МАН нэг нам парламентад хэт олон суудалтай байхын зовлонг л эдэлж байх шиг байна. Өмнө нь энэнээс ч олон суудалтай байх үед Монгол Улсын хөгжил дэвшил урагшаа олигтой явж чадаагүйг бид мэднэ. Харин ч доошилж, авлига хээл хахууль гаарсан. Энэ нам төрийн эрх мэдлийг авсан он жилүүдэд цикль нь тэгж таардаг юм уу, дэлхийн хэмжээнд эрдэс баялгийн үнэ автоматаар өсч, эрх баригчдын оролцоогүйгээр Монгол Улсын эдийн засаг өсдөг. Жишээлбэл, уул уурхайн түүхий эдийн экспортын орлогоос 2016 оны хагас жилд 380 гаруй сая ам.долларын орлого орж байсан бол 2018 оны эхний хагас жилд 1.3 орчим тэрбум ам.долларын орлого орж ирсэн байна. Харамсалтай нь ийм сайхан боломжийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаагаас тэр их мөнгө ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа юм алга. 2016 оны мөн үетэй харьцуулахад долларын ханш 2567 төгрөгт хүрч, төгрөгийн ханш 602 төгрөгөөр, зөвхөн энэ оны сүүлийн нэг сарын дотор гэхэд 100 төгрөгөөр суларлаа. Инфляци 6.6 хувиар, шатахууны үнэ 30 хүртэл хувиар, хүнсний үнийн индекс 26 хувиар өссөн гээд яриад байвал зөндөө юм байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж олигтой нэмэгдэхгүй байгаагаас ард иргэдийн амьдрал туйлдаж байна. Гэтэл АН төрийн эрх мэдлийг барих үед эсрэгээрээ дэлхийн эрдэс баялгийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэдэг. Гэхдээ л тэд улс орныхоо хөгжил, ард түмнийхээ амьдралд үлдэцтэй олон ажлуудыг хийж чадсан байдаг. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд эдийн засгийн нөхцөл байдал ямар хүндрэлтэй байлаа даа. АН дангаараа эрх бариагүй ч арай олон хүний суудал авсан гэдгээрээ парламентад суудалтай зарим намуудтай эвсэж Засгийн газраа байгуулан эрч хүчтэй, зоримог алхамуудыг хийсэн. Үүний үр дүнд эдийн засгийн хямралыг зогсоосон. Монгол Улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч дуулдаагүй урт замыг хот, хөдөөд тавьж, аж үйлдвэрийн болон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэдэн мянган орон сууц барьж, цахилгаан станцыг өргөтгөх, усан цахилгаан станц байгуулах, гэр хороололын дахин төлөвлөлт хийх гээд маш том төслүүдийг эхлүүлж чадсан. Үүнийг ч монголчууд талархан ярьдаг. Гэтэл одоо ямар байна вэ. Урсгалаараа өсч байгаа эдийн засгийн өсөлтийг өөрсдийн гавьяа мэтээр тайлбарлаж, 65 гишүүн нь хоёр хуваагдаж, Засгийн газраа огцруулж, хугацааныхаа талаас илүү хувийг үр дүнгүй өнгөрөөж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын талаар бол яриад байх ч юм алга.

-АН-ын өмнөх дөрвөн жилд тавьсан өрийг дарсаар байна гэж эрх баригчид ярьж байна л даа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

– Улс орноо хөгжүүлэхийн тулд дэлхийн бүх л орнууд зээл авч эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж байдаг. Энэ бол байдаг л зүйл. Харин авсан зээлээ хугацаанд нь төлж өрөнд орохгүй байх гэдэг бол өөр ойлголт. Үе үеийн засгийн газрууд зээл авсаар, төлсөөр ирсэн уламжлалтай. Хамгийн харамсалтай нь МАН-ын Засгийн газрууд төлөх хугацаа нь болсон зээлийг өөр нэг газраас зээл авч төлчихөөд гадаад өр 10 гаруй хувиар буурсан гэж ард түмний тархийг угааж байна. Гэтэл бодит үнийн дүнгээр 2016 оны хоёрдугаар улиралд 16.6 их наяд байсан Засгийн газрын зээл 2018 оны хоёрдугаар улиралд 22.6 их наяд болж, 6.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ чинь өр нэмэгдэж байна л гэсэн үг. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн дорвитой бүтээн байгуулалт гээд хэлчих юм алга. Үнэнийг хэлэхэд нөгөө муу нэртэй, луу данстай “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөр эхлүүлсэн бүтээн байгуулалт хувийн компаниудын хүч хөдөлмөрийн үр дүнд ашиглалтад орсон. Тэнд хааяа очицгоож тууз хайчилж нүүрээ тахалж байх шиг байна. Ний нуугүй хэлэхэд 500 метр явган хүний зам тавьчихаад тууз хайчилдаг, түмпэн сав, гутал хувцас тарааж сонгогч түмнээ тохуурхдаг улстөрчдийг хараад ичих л юм.

-Тэгвэл АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадаж байгаа болов уу?

-АН УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад бүлэг байгуулах хэмжээний цөөхөн суудал авсан. Миний хувьд сөрөг хүчний хувьд бүлгээс явуулж байгаа бодлогыг болж байна гэж үздэг. Сөрөг хүчин гэхлээр сөрөхийн нэр биш. Манай бүлэг эрх баригчдын буруу бодлого, алдаа дутагдлыг сөрөг хүчний хувьд засч залруулах арга замыг хайж саналаа хэлж, хүлээж авахгүй бол үр дагаврыг нь ард түмэнд мэдэгдэж, заримдаа албан тоотоор шаардлага хүргүүлж, хамтран ажиллахыг эрмэлздэг. Тэгвэл 1996-2000 онд ардчилсан хүчнийхний хэн парламентад 50 суудал авч төр барих гэж оролдсон, дөрвөн жилд МАН-ынхан цөөнх болчихоод яаж ажилласныг монголчууд мартаагүй байх. Үнэхээр төрөөр тоглох шиг л болсон шүү дээ. Манайхан ч залуу халуун байж. Гэхдээ л бид тэр хүчтэй сөргөлдөөний дунд Монголын эдийн засгийн шилжилтийн цөм хуулиудыг санаачлан баталж, олон түүхэн шийдвэрүүдийг гаргаж чадсан. Үнэндээ 1996-2000 он монголчуудад парламент гэж юу болохыг мэдрүүлсэн чухал он жилүүд байсан.

-Та эрүүл мэндийн салбарыг олон жил оройлж ажилласан хүний нэг. Тодорхой өөрчлөлт шинэчлэлтүүд гарсан гэдэгтэй ч ард иргэд маргахгүй. Харин өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ард иргэд муу үнэлгээ өгч байна. Энэ бүхнийг та ажиглаж, тунгааж л суугаа байх?

-Инженер, эдийн засагч мэргэжилтэй ч 2008 онд хамтарсан Засгийн газарт орж Эрүүл мэндийн сайдаар ажиллах хувь тохиосон. УИХ-ын чуулганаар орох үед мэргэжлийн бус хүн гэж зарим нэгэнд адлуулсан ч 100 хувийн саналаар Эрүүл мэндийн сайдаар томилогдож байлаа. Гэхдээ би өмнө нь парламентад хоёр удаа сонгогдож, Нийгмийн бодлогын байнгын хороонд найман жил, байнгын хорооны даргаар хоёр удаа сонгогдон ажиллахдаа эрүүл мэндийн хууль, тогтоол дээр тасралтгүй ажиллаж салбарын үйл ажиллагаа, тулгамдсан асуудлыг сайн мэддэг байсан. Тэгээд ч сайдын албан тушаал улс төрийн албан тушаал гэж хуульчлагдсан болохоор өөрийгөө мэргэжлийн бус гэж үзээгүй. Харин ч итгэлтэй байсан. Сайдын албанд очоод салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсрол, хүч нөөцөд тулгуурлан бүх хууль, дүрэм журам, хөтөлбөрүүдийг богино хугацааны дотор өөрчилж, төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжыг дорвитой нэмэгдүүлсэн. Хуучирч, хөгцөрсөн эмнэлгийн барилга байгууламжийг засч, шинээр барьж, орчин үеийн шинэ техник технологийг эмнэлгүүдэд нэвтрүүлэн боловсон хүчний чадамжийг үе шаттай дээшлүүлсэн. Үүний үр дүнд төсвийн үлдэгдлээр гуч, дөчин жил амьдарсан эрүүл мэндийн салбар чамгүй өндийсөн гэж боддог. Даанч дараа нь зогсонги байдалдаа эргээд орсон. Түүнийг 2008-2012 онд бидний эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажил одоо хүртэл дуусаагүй үргэлжилж байгаагаас харж болно.

-Таныг 2015 онд Эрүүл мэнд, спортын яаманд ТНБД, сайдаар томилсон байх аа.

-2012 онд залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор УИХ-ын сонгуулиас нэрээ татсан. Манай нам арай олон суудал авч төрийн эрх мэдлийг авсан учир УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх, ажлын албаны даргаар ажилласан. Гэтэл 2015 оны өвөл намайг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр дуудаад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Үнэндээ би хүсээгүй ч салбарын эрх ашгаа бодоод л ЭМЯ-нд эргэж очсон. Богинохон хугацаанд гурван ч сайдын нүүр үзчихсэн байсан болохоор надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь халагдчихсан. Сайд, төрийн нарийн бичгийн дарга, ихэнх хэлтсийн дарга нар нь үүрэг гүйцэтгэгч, халагдсан хүмүүс нь шүүхдэж ялаад баахан цалин давхардчихсан. Төсөв хөрөнгө гэж замбараагүй юм болчихсон байсан. ТНБД болоод АТГ, прокурор дээр гацсан, хөрөнгө мөнгөгүйгээс зогссон “Үндэсний оношилгооны төв”, Яармагийн 300 ортой “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”, “Түлэнхийн төв”, “Хавдарын өргөтгөл”, “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-ийн цогцолбор, аймгуудын нэгдсэн эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн саатлыг гаргаж, хөрөнгө мөнгийг нь шийдэж богино хугацаанд хөдөлгөөнд оруулсан. Тэгтэл он гармагц Эрүүл мэнд, спортын сайдаар томилсон. Сайд нь үүрэг гүйцэтгэгч байсан болохоор тэгсэн байх л даа. УИХ-ын даргын зөвлөх байхдаа “Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эрүүл ахуйн тухай” хуулийн ажлын хэсэгт ажиллаж, яаманд очоод “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг хэлэлцүүлэгт оруулж УИХ-аар батлуулсан. “Биеийн тамир спортын тухай”, “Донорын тухай” хуулиудыг Засгийн газраар хэлэлцүүлж өргөн барихад бэлэн болгосон. “Үндэсний оношилогоо-эмчилгээний төв”-ийн шавийг тавьж, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн шинэ байрыг дуусган хүлээн авч, Түлэнхийн төвийн газрын асуудлыг баталгаажуулж, хуучин барилгыг нь буулгаж, Хавдарын өртгөтгөл, СЭМТ-ийн цогцолборын барилгын хөрөнгийг шийдэж ажлыг нь эрчимжүүлсэн. Өөр зориулалтаар өөрчилсөн Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын лабораторийн хэсгийг засч янзлан Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүлээлгэн өгч, 260 ортой эмнэлгийг нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. 2016 оны сонгуульд АН ялагдсан болохоор сайдын албыг А.Цогцэцэг сайдад хүлээлгэж өгсөн. Харамсалтай нь 65 суудалтай МАН дотроо хагаралдаж, Засгийн газраа огцруулснаар одоо УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилт том. Энэ талаас нь аваад үзвэл биелэлт тааруу байгаа нь үнэн. Тийм ч учраас ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрүүл мэндийн асуудлаар УИХ-д хийсэн хоёр удаагийн мэдээлэлтэй холбогдуулж, АН-ын УИХ дахь бүлэг маш нарийн тооцоо судалгаатай дүгнэлт гарган алдаа оноог нь ил тод хэлж, 10 гаруй заалттай зөвлөмж хүргүүлсэн байгаа.

-Эрүүл мэндийн салбарын хэтийн хөгжлийг та юу гэж хардаг вэ. Энэ салбарт ямар бодлого, шинэчлэл дутагдаж байна гэж дүгнэж байгаа бол?

-Дэлхийн техник, технологийн хөгжлийн түвшнээс 30 гаруй жилээр хоцорчихсон энэ салбарыг эдийн засаг, хууль эрх зүйн чадамжийг сайжруулж, оношилгоо, эмчилгээний арга, техник, технологийг дэлхийн түвшинд хүргэн, эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой дээшлүүлж, тэдний оюуны чадавх эрч хүч, мэдлэг чадварыг бүрэн дүүрэн ашиглаж чадвал эмчилгээ оношилгоог дэлхийн түвшинд хүргэх бүрэн боломжтой. Сүүлийн хэдхэн жилд манай эмч нар бөөр, элэг, ясны чөмөг хэм шилжүүлэх, үе мөч солих, зүрх судас, тархи, мэдрэлийн эрхтний олон төрлийн мэс ажилбарыг нутагшуулж чадаж байгаа нь үүнийг нотолж байна. Хамгийн гол нь засаг төр нь тогтворгүй болохоор бодлого шийдвэр эргэж буцаж маш их хугацаа алдаж байна. Бид “Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” шинэ хуульд даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцүү болгож, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах талаар томоохон заалтууд оруулсан. Гэтэл МАН гарч ирээд шимтгэлийн хувь хэмжээг нэг хувь болгон бууруулж “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн амин чухал заалтуудын хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан. Эмч, сувилагчдын цалин хөлсийг төрийн албан хаагчдын нэгдсэн сүлжээнээс гаргаж, эмнэлгүүдийг шууд хувьчилдаггүй юм аа гэхэд эхний ээлжинд удирдах зөвлөлтэй болгон тэдний санхүүгийн бие даасан байдлыг хангахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар яриад ч хэрэггүй. “Эрүүл мэндийн даатгалын тухай” шинэ хуулийн дагуу 2016 онд Эрүүл мэнд спортын яам “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ”-г боловсруулж батлуулснаар иргэд оношилгоо эмчилгээнд хамрагдахдаа тодорхой хэмжээний зардлыг даатгалаас авах нөхцөл бүрдсэн нь өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Энэ бол анхны том алхам. Одоо энэ төлбөрийн хэмжээнд эмч сувилагч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг тооцон оруулж даатгалын сангаас урамшуулал олгох хэрэгтэй. Ингэснээр өндөр мэргэшлийн эмч сувилагчид өндөр цалин урамшуулал авах нөхцөл бүрдэнэ. Нэг зүйлийг хэлэхэд эрх баригчид ямар ч судалгаагүй, зүгээр л даатгалын мөнгийг тараах сэтгэлгээгээр ЭМД-ын байгууллагыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлсэн. Энэ бол тийм ч оновчтой шийдэл биш. ЭМД-ын байгууллага бол эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж юуг, хэнээс худалдан авах, үйлчилгээ ямар өртөгтэй, үйлчлүүлэгчдийн төлбөрийн хувь хэмжээ ямар байх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын оношилгоо эмчилгээний үр дүнг цахим хэлбэрээр хянаж, түүний дагуу сангийн хөрөнгийг зарцуулдаг хараат бус цогц байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл ЭМД-ын агентлагын дэргэд өртөг зардал тооцох, даатгалд хамрагдаж байгаа байгууллагуудын оношлогоо эмчилгээний үр дүнг цахимаар хянадаг нэгж байх ёстой гэсэн үг. Тэгж байж даатгалын үнэ цэнэ нэмэгдэж өртөг зардал бодитой болно. Даатгалд хамрагдсан эмнэлгийн үйлчилгээний чанар стадартын түвшинд хүрнэ. Тиймээс энэ тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Бид нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тэргүүн зэрэгт тавина гэж хууль гаргаж, сум, өрхийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн төв болгоод долоон жил болж байна. Энэ төвүүдийн төсөв зардлыг үндэслэлтэй тогтоож, эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлж чадвал иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад том дэвшил гарна. Өвдсөн хүнийг эмчлэх гэж төрөөс гаргах хөрөнгийн хэмжээ ч буурна. Өргөн утгаараа иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэтэл ӨЭМТ-ийн нэг иргэнд ногдох зардал царцанги байдалд байна. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдын мэргэжлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутамд дээшлүүлэх хуулийн заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энэ хуулийн заалтыг 2019 оны төсөвт холбогдох зардлыг суулгаж хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ бакалаврын зэрэгтэй сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг ерөнхий эмчийн резидентурт сургаж, мэргэшүүлэн зэрэг олгож, тэднийг сум өрхийн эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр хамгийн ноцтой үр дагаварт хүрч байгаа нэг асуудал гэвэл эм, хүнсний аюулгүй байдал. Эм хүнсний аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэндээрээ ямар их хохирч байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас бидний хэлэлцүүлж байгаад батлуулж чадалгүй үлдээсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг яаралтай баталж, Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах замаар “Эм, хүнсний агентлаг”-ийг байгуулах хэрэгтэй. Агентлаг байгуулах зардал мөнгө алга л гэх байх. Үнэндээ ЭМЯ, ХААХҮЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, МХЕГ, Хил, гааль дээр ямар ч бодлого зохицуулалтгүй энэ чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа маш олон хүн байгаа болохоор төсөвт хүндрэлгүйгээр “Эм, хүнсний агентлаг”-ийг байгуулах боломж бий. Энэ байгууллага үйл ажиллагааныхаа зардлыг одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн дагуу өөрсдөө бүрдүүлэх ч боломжтой. Эцэст нь анагаахын боловсон хүчнийг ямар ч төлөвлөлтгүй эмх замбараагүй бэлтгэж байгааг зогсоож, анагаахын сургуулиудад тавих стандарт шаардлагыг өндөржүүлэх ёстой. Сувилагчийн орон тоо дутагдалтай, элсэгчдийн тоо буурч байгааг харгалзан сувилахуйн сургуульд суралцагчдын төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс хариуцаж бодлогоор дэмжих, мэргэжилтэн бэлтгэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах, анагаахын мэргэжилтэн бэлтгэх ажлыг удирдлага арга зүйгээр хангах, сургууль байгуулах эрх олгох, магадлан итгэмжлэл явуулах зэрэг эрх үүргийг БСШУС-ын яамнаас ЭМЯ-нд шилжүүлэх хэрэгтэй. Мөн Хууль зүйн яамны харьяанд Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэж байгааг ч болих хэрэгтэй. Ийм замбараагүй байж болохгүй. Эрүүл мэндийн бодлого зохицуулалт мэргэжлийн яамандаа төвлөрөх хэрэгтэй.

-УИХ, Засгийн газар солигдоод л халаа, сэлгээ хийдэг жишиг тогтсон. Төрийн залгамж чанар алдагдах нь ямар сөрөг үр дагавартай вэ. Ер нь бид хэзээ миний, чиний хүн гэж ялгаварлахаа болих бол?

-Баг бүрдүүлэх нэрээр гадаадад нарийн мэргэжлээр мэргэшиж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн яамны төрийн албан хаагчид, эмнэлгийн удирдлагуудыг халж сольж, шинэ хүмүүсийг оруулж ирдэг тогтолцоо бий болсон нь үнэндээ салбарын хөгжилд хамгийн том гацаа болж байна. Би 2008 онд таван сайдын нүүр үзэж бүх шатандаа итгэл үнэмшилгүй болчихсон яам, агентлаг, эмнэлгүүдийг хүлээж авсан. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, өөрийнхөө зорилго зорилтыг тодорхойлж нэг ч хүнийг хөөж туулгүй хамтарч ажилласан. Тэглээ гээд алдаагүй, харин ч хожсон. Манай салбарынхан урам зоригтой, маш их бүтээлч ажилласан. Ер нь тэгээд баг бүрдүүлж өөрийн гэсэн хүнтэй болно гэдэг чинь өөрийгөө л бодсон хэрэг шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *