Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан, Т.Баясгалан нарын цуглуулсан хандив хаваржилт хүндэрсэн аймгуудад хүрнэ

Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хамтарсан хандивын тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүх аймагт хийж, орлогоо хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж болгон өгөхөө мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр “Илгээлтийн эзэд” аяны хандив хүлээлгэн өгөх ажиллагаа Чингисийн талбайд боллоо.

Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтын бүх орлогоор 100 тонн өвс, 10 гаруй машин тэжээл авчээ. Өвс болон ЕБС-ийн сурагчдын оёсон 50 мянга орчим нэмнээ, аж ахуй нэгж, иргэдээс цугларсан лаа шүдэнз, усны сав зэргийг өнөөдөр Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга н.Сүхбаатар, мөн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа, “Нэг сурагч-Нэг нэмнээ” аяныг санаачлагч БСШУЯ-ны газрын дарга Д.Эрдэнэчимэг, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа нар оролцсон юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь цас, зудтай байгаа бөгөөд тэр дундаа Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 22 суманд хаваржилт хүндрэлтэй байгаа. Түүнчлэн Хөвсгөл, Архангай зэрэг дөрвөн аймгийн 10 сум цагаан зудтай байна. Тэгэхээр Онцгой байдлын байгууллагаас тусламжаар хүлээж авсан энэхүү ачаа барааг хаваржилт хүндэрсэн аймагт хүргэх ажлыг даруй зохион байгуулна.” гэлээ. Мөн аяныг зохион байгуулагчид тун удахгүй нийт цугларсан тусламжийн хэрэгсэл, мөнгөн хандив хэрхэн яаж хуваарилагдаж иргэдэд хүрсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэх ажээ.

Ж.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *