Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэж мэдээлэл хийдэг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр УИХ дахь Бие даагчдын зөвлөл ээлжит мэдээллээ хийлээ.
Бие даагч гишүүд энэ долоо хоногт яригдах хамгийн чухал асуудал бол энэ оны төсвийн тодотгол гэдгийг хэлээд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, төсвийн тодотголын хүрээнд одонтой эхчүүдийн мөнгийг хасах гэж буйг эсэргүүцэж байгаа бол оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмжийг сурлагын түвшинг харгалзуулан өгөх гэж байгааг дэмжиж байгаа гэдгээ хэллээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаад ирсэн. Энэ үеэр орон нутгийн иргэд одонтой эхчүүдийн мөнгийг хасах, хүүхдийн мөнгийг танахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. “Иргэдэд олгодог халамжийн жаахан хэдэн төгрөгийг Засгийн газар хасах юм бол Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаас өөр аргагүй юм байна гэдгийг би орон нутгийн иргэдтэй уулзаад ойлголоо. Тэнд амьдрал хүнд байна. Жирийн иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээ болих хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд нэг жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилдээ 100 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө Ч.Сайханбилэгийн халааснаас гараагүй. Энэ бол байгалийн баялагаас хувь хүртэж байна гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарахын тулд ийм арга замыг эрэлхийлж байгаа нь харамсалтай. 2015 оны төсвийг өмнө батлаад нэг ч өдөр хэрэгжээгүй байхад тодотгол нь орж ирж байна. Монгол Улсын түүхэнд ийм зүйл байгаагүй” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2015 оны төсвийн тодотголоос энэ Засгийн газрын өнгө төрх ямар байх нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар гадныханд болон дотоодын томорсон бүлэглэлүүдэд нээлттэй, иргэддээ хатуурхсан, залхуу Засгийн газар байх нь. Учир нь татварын бодлого, шинэчлэлийн талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Мөн бизнесийнхээ хүрээг тэлэх, орлогоо нэмэгдүүлэх талаар олигтой заалт оруулж ирсэнгүй. Харин иргэдийн төлөх татварыг нэмж, халамжийг багасгаж, эдийн засгаа аварна гэсэн бодлого баримталж байна. Тухайлбал, томоохон татвар төлөгч, онцгой албан татвар төлдөг компаниуд нэг долларыг 1450 төгрөгөөр тооцон улсад татвар төлдөг. Тэгвэл жирийн иргэн 1950 төгрөгөөр тооцон татвараа төлж байгаа” гэсэн юм.