Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэбат: Үйлдвэрчний эвлэлийн байгууллага улс төрийн намын зорилгоо биелүүлэх хэрэгсэл биш

Улс төрийн нам цаашдын зорилгоо биелүүлэх үүднээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл санааны хэрэгсэл болгон ашиглахаар зорьж байгаад харамсаж

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарласан билээ. Засгийн Газраас цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учир МҮЭ-ийн холбоо энэ сарын 31-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар МҮЭХ-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн урамшууллыг олгохдоо тухайн ажилтны сахилга бат, ажлын үр дүн зэрэг хэд хэдэн шалгуур тавихаар зааж өгсөн. Гэтэл гурван талт хэлэлцээрийн гол зорилго нь багш, эмч нарын цалинг жигд байдлаар нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Харамсалтай нь асуудал нэг удаагийн урамшуулал хэлбэрээр олгогдохоор УИХ, Засгийн газрын түвшинд яригдсан учраас МҮЭХ энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Мөн МҮЭХ-ны удирдлагууд руу чиглэсэн гүтгэлгийн шинжтэй материалууд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зохион байгуулалттай түгээгдэж байна. МҮЭХ-ны Их хурал ирэх сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулж Ерөнхийлөгчөө шинээр сонгох юм. Сонгууль ойртож буйтай холбогдуулан нэр бүхий улс төрийн нам, хувь хүний зүгээс МҮЭХ-ны удирдлагын багийг гартаа оруулах зорилгоор одоогийн үйл ажиллагааг шүүмжилж байна” гэв.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас хэлэхдээ: “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол улс төрийн намуудаас тусдаа үйл ажиллагаа явуулах учиртай тусгай чиг үүрэг бүхий байгууллага. Гэвч нэр бүхий улс төрийн нам цаашдын зорилгоо биелүүлэх үүднээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл санааны хэрэгсэл болгон ашиглахаар зорьж байгаад харамсаж байна.

МҮЭХ-ны зүгээс цаашид энэ мэт гүтгэлгийн шинж чанартай нийтлэгдэж буй материалын асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж,албан ёсоор шалгуулах болно. Олон нийтийн цахим хуудас ашиглаж, манай байгууллагыг гүтгэж буй үйлдэл хэрээс хэтэрлээ. Тиймээс МҮЭХ-ны жирийн гишүүд болон олон нийтийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна” гэсэн юм. Мөн түүнээс зарим нэг зүйлийг тодруулсан юм. Тэрээр:

МҮЭ-д ямар нэг намын зүгээс хамтарч ажиллах санал тавьдаг уу?

-Улс төрийн намууд хамтарч ажиллах санал тавьдаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ямар нэг улс төрийн хүчин болон намтай хамтын гэрээ хийх, хамтарч ажиллах, амлалт өгөх зүйл байж болохгүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хараат бус байх шаардлагатай байдаг. Энэ талаар манай хуучин холбооны Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой тайлбар өгөх байх.

-Олон улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага улс төрийн нам эвсэлтэй тодорхой хэм хэмжээнд хамтарч ажиллана гэж байдаг уу?

-Нэгд олон улсад үйлдвэрчний эвлэлүүд улс төрөөс ангид байх ёстой. Хоёрт хамтын маргаан тэмцэл хийхэд үйлдвэрчний эвлэл дотроо хагарч болдоггүй. Гэтэл зарим нэг хүмүүсийн зүгээс үйлдвэрчний эвлэл ажил хийхгүй, Засгийн Газартай хуйвалдлаа, удаан байна гэх зүйл яриад байгаа. Үйлдвэрчний эвлэлд улс төрийн ямар нэг нөлөө ороод ирэх л юм бол том сөрөг асуудал болдог юм. Улс төрийн харьяа байгууллага болж хувирна гэсэн үг юм.

Дашрамд дуулгахад хэлэлцээрийн хүрээнд Засгийн Газар цалин нэмэгдүүлэх тодорхой санал дахин гаргаагүй тохиолдолд үйлдвэрчний эвлэлүүд тэмцлээ үргэлжлүүлж хуулийн хүрээнд ажил хаях нөхцөл байдал үүсэх юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *