Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ: төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэрээ цуцалж, төрийн үйлчилгээний болон бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж байна

Image result for С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас төрийн албан хаагчдыг алагчилж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргаж байна. Мөн УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд тайлбар өгөх асуудлаар энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 75 тоот тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж, төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэл, үүргийн худалдаа эрхэлж байгаа 250-иад мянган иргэн ажлын байргүй болох аюул нүүрлээд байна. Эдийн засгийн хүндрэл үүсэх аюул ойрхон байна. Гэвч Засгийн газар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа.
АН-ын зүгээс төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэрээ цуцалж, төрийн үйлчилгээний болон бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь нэн онцгой нөхцөлд, нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх тухай хуулийн төсөл юм.

Өнөөдрийн байдлаар Тавантолгой компанийн 30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх шаардлагатай болоод байна. Өмнө нь УИХ дээр танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж танилцуулж байсан. Гэтэл УУХҮ-ийн сайдын хэлж байгаагаар 1 тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарах асуудал яригдаж байгаа юм байна. Үүнийг Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байгаа учраас УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг Засгийн газар бус УИХ-аар шийдвэрлүүлэх нь зөв гэж харж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *