Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Аливаа албан тушаал, эрх мэдлийг өгч чаддаг, авч чаддаг байх ёстой

АНын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


АНын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байгаа Дотоод сонгуулийн хороо хууль ёсных бус хэмээн та цахим хуудаснаа жиргэсэн байсан. Учир юу вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдын амар амгаланг айлтгая. 2017 онд АН-ын Дотоод сонгуулийн хороо анх байгуулагдаж, даргаар нь Ариунболд гэж хүн томилогдсон. Гэхдээ тодорхой шалтгаанаар хугацаанаасаа өмнө ажлаа өгч оронд нь И.Мөнхжаргалыг томилсон юм. Тодорхой хэлбэл, 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн АН-ын долдугаар их хурлаар Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг миний бие намын дарга болохдоо санал болгосон байдаг.

Манай намын Үндсэн дүрмийн 5.22.5.7 дугаар заалтад “Дотоод сонгуулийн хорооны дарга дэд дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж заасан. Тэгэхээр 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хуралдсан намын долдугаар Их хурлаар сонгогдсон Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дууссан. Тийм учраас Улс төрийн намын тухай хуулийн дагуу Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхтэй холбоотой асуудлыг АН-ын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо энэ сарын 4-нд хуралдаж, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулсан. Ингэхдээ залгамж чанарыг хадгалах үүднээс Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүний хуучин гишүүдийн ихэнхийг нь үлдээж, таван хүнийг шинээр томилж оруулсан. Тэр дотор Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал, Нарийн бичгийн дарга байсан Оюунчулуун нарыг шинэ бүрэлдэхүүнд үлдээсэн. Үүний дараа шинэ бүрэлдэхүүнтэй Дотоод сонгуулийн хороо хуралдсан боловч И.Мөнхжаргал нарын хүмүүс ирээгүй.

Гэхдээ Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхийг ҮБХ бус намын Их хурлаар шийдэх юм биш үү?

-Тэд дараагийн намын Их хурлаар Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх хүртэл бид бүрэн эрхтэй гэж яриад байгаа. Энэ бол дүрмийн бус тайлбар. Дотоод сонгуулийн хорооны журмын 4.1-т “Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх нь дөрвөн жил байх бөгөөд дараагийн бүрэлдэхүүнийг эрх бүхий байгууллагаас шинээр томилох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэж байгаа юм. Үүнд “Намын Их хурал” гэж заагаагүй. Тиймээс эрх бүхий байгууллага гэж хэнийг хэлэх юм бэ гээд үзэхээр Улс төрийн намын тухай хуулийн 13.4-т эрх бүхий байгууллагыг тодорхой заасан байна. Улс төрийн намын тухай хууль гэдэг бол намуудын хувьд Үндсэн хууль шүү дээ.

Намын их хурлаар батлагдсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно гэсэн хуультай. Тэгэхээр эрх бүхий байгууллага буюу төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо. Төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцээд шийдсэн.

Энэ дүрэм журмаа ойлгоогүй юм уу яасан юм. Ойлгохыг ч хүсээгүй юм уу. Эсвэл тодорхой хэсэг бүлгийн захиалга, хатгаасаар ч юм уу хуучин дүрмийн хороо хүчин төгөлдөр байгаа мэтээр ажиллаж, Дотоод сонгуулийн хорооны үйл ажиллагааг дур мэдэн дүрмийн бусаар, зөвшөөрөлгүйгээр энэ мэт ажлуудыг зохион байгуулж байна.

Хоёрдугаарт, хүнд мөнхийн суудал гэж байдаггүй. Мөнхийн Дотоод сонгуулийн хорооны дарга гэж байхгүй. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан бол ажлаа өглөө, дараагийн хүн сонгогдож ажлаа авлаа. Ийм л зарчмаар явна. Би ч ялгаагүй. Дөрөвдүгээр сарын 25-нд намын даргын сунгаагаа хийгээд тавдугаар сарын 2-нд шинэ сонгогдсон АН-ын даргад тамгаа өгөөд явна шүү дээ. Ер нь аливаа албан тушаал, эрх мэдлийг өгч чаддаг, авч чаддаг байх ёстой.

И.Мөнхжаргалын хэрэглэж байгаа Дотоод сонгуулийн хорооны даргын тамга тэмдэг ч хүчингүй гэж ойлгох уу?

-Намын шинэ тамга хийгдсэнтэй холбоотойгоор Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо, 21 аймаг, есөн дүүргийн намын тэмдгүүд бүгд хүчингүй болж шинэ тамганууд хийгдсэн. Яагаад гэхээр аливаа байгууллагад нэг л тамга байдаг. АН бол ганцхан л тамгатай. Тэр тамгаа үндэслэж бусад 21 аймаг, есөн дүүрэг дэх намын дэргэдэх байгууллагуудын тэмдгүүдийг захиалж хийлгэдэг. Тэмдэг хийлгэхдээ тухайн намын тамгын регистр, дугаарыг үндэслэж хийлгэдэг. Хуучин тамга хүчингүй болсонтой холбоотойгоор хуучин 21 аймаг, есөн дүүрэг, намын дэргэдэх байгууллагууд, Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хорооны тэмдгүүдийг хүчингүй болгож шинээр хийлгэсэн. Ингээд Дотоод сонгуулийн хорооны шинэ тэмдэгтэй болсон байдаг. Тэр үед И.Мөнхжаргал “Дотоод сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд хуучин тамгаа дурсгал болгоод хадгалчихъя” гэж хүсэхээр нь өөрт нь хадгалуулсан. Өнөөдөр тэр хүчингүй тамгыг хэрэглээд яваа бололтой. Харин Дотоод сонгуулийн хорооны хүчин төгөлдөр тамга нь Үндсэн дүрэмд заасны дагуу “Намын төв байранд хадгалагдана” гэдгээрээ нам дээр үлдсэн. Гэтэл намайг тамга булааж авсан мэтээр гүжирдэж байгаа. Би тамга булааж авсан зүйл байхгүй. Намын Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо, ХЭГ, төв намын тамга бүгдээрээ төв намд хадгалагддаг.

АНын удирдлагуудын маргаан нийгэмд хүчтэй яригдлаа. Та бүхнийг нэгдчихээд намын даргын сунгааг зарлаж байна уу гэж харсан. Гэтэл хоёр сонгуулийн хороотой болчихлоо. Эргээд хагаралдчихав уу?

-Өнөөдөр АН-д хоёр нам, хоёр Дотоод сонгуулийн хороо гэсэн зүйл байхгүй. Монголд нэг л хууль үйлчилж байгаа. 2017 оны 01 тогтоолоор би намын дарга болсон. Энэ асуудал гарсантай холбоотойгоор Улсын дээд шүүх хуралдаж 2017 оны 01 тогтоолын тухай элдэв асуудал яриагүй. Хэрвээ зөрчилтэй байсан бол уг тогтоолын талаар ярьж болно шүү дээ. Өнөөдрийг хүртэл АН-ын даргын бүртгэлтэй холбоотой нэг ч гомдол санал хаана ч гараагүй. Шүүх дээр тодорхой хоёр асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт, Ц.Туваан гэдэг хүн АН-ыг төлөөлөх эрхтэй юү үгүй юү гэдэг асуудал яригдаж байгаа. Мөн Х их хурал хүчин төгөлдөр үү гэдэг асуудал яригдаж байгаа. Шүүх юу гэж тогтоосон гэхээр Ц.Туваан гэдэг хүн Х их хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд мөн гэдгийг тогтоох боломжгүй байна. Тиймээс Х их хурал хүчингүй. Процессын маш олон алдаа гаргасан байна. Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж бүртгүүлэх гэж оролдсон. Энэ бол Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон Ардчилсан намын үндсэн дүрэмд нийцээгүй байна. Тиймээс бүртгэх боломжгүй гэсэн хариу авсан. Дараа нь Ц.Туваан гэдэг хүн Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Миний тамгыг буруу үндэслэлээр хүчингүй болгож С.Эрдэнэд шинэ тамганы эрх өглөө. Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан захиргааны шийдвэр буруу байна гэдэг зарга үүсгэсэн. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар “АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг зөрүүлж гаргасан. Бид ч тийм хүсэлт гаргасан. Одоо давж заалдах шатны Шүүхэд энэ асуудал маргаантай хэвээр байна. Үүнээс өөр нам хагараад, бутраад байгаа асуудал байхгүй. И.Мөнхжаргал гэдэг хүн дур мэдэн намын даргын сунгаа зарлаад тэнд нь хүмүүс бүртгүүлээд л явж байна. Намын даргын сунгаа зарласан ч намын даргад нэр дэвшигчийн дэнчин хураамжийг авах данс тэдэнд байхгүй. Хууль ёсны бүртгэлтэй данс нь манай дээр байгаа юм.

Одоо нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсийн бүртгэл хүчингүй болж дахин шинээр намын даргын сунгаа зарлагдаж, бүртгэх юм уу?

-Хүчингүй. И.Мөнхжаргал дарга байх үедээ гаргасан Дотоод сонгуулийн хорооны тогтоол байгаа юм. Гуравдугаар сарын 19, 20-нд АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэнэ. Дөрөвдүгээр сарын 25-нд санал хураалтыг цахимаар явуулна гэдэг албан ёсны ганц л тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа.

АНд хагарал байхгүй гэлээ. Та бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу. АН хагаралтай байгааг нийгэмд ярьж л байгаа шүү дээ?

-Хагарал байхгүй ш дээ. Хагаралтай байна гэдэг ойлголт өгөх гэж хэсэг бүлэг хүн ажиллаад байна. Эрх зүйт төртэй улсад амьдарч байгаа биз дээ. Хуультай улс биз дээ манай улс чинь. Ардчилсан Монгол Улс хуулийн дагуу л явах ёстой шүү дээ. Яагаад хууль бус зүйлийг дэвэргэж хөөргөөд, хэвлэлийн сенсаци болгох гээд яваад байгаа юм бэ. Хууль ёсны бус зүйлийг хэвлэлийнхэн мэдээлээд байгаа юм бэ. АН-ын даргын сонгуульд тэдэн хүн бүртгүүллээ гэх зэргээр худал мэдээлэл тарааж байна. Гэтэл АН-ыг төлөөлөх эрхтэй хуулийн этгээд нь хэн юм бэ. Улсын бүртгэл дээр аж ахуйн нэгж байгууллагуудыг бүртгэхдээ нэр давхардахыг хүлээн зөвшөөрдөггүй биз дээ. Учир нь хуулийн этгээд хүн цорын ганц байх ёстой. Дараа нь тэр хуулийн этгээдтэй хариуцлага, янз бүрийн гэрээ хэлцэл хийх гэдэг ч юмуу бүх зүйлд хуулийн этгээд цор ганц байх ёстой. АН ч өнөөдөр хуулийн этгээд шүү дээ. Хуулийн этгээдийн хувьд АН нэг л байх ёстой. Хоёр АН гэж байхгүй. Хоёрдугаарт, намын дотоод маргаан, үйл ажиллагааг шүүх хянан хэлэлцдэггүй. Намын дотоод эрх бүхий байгууллага шийдэх хуультай. Хуулиар “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж байгаа юм. Эрх бүхий байгууллагыг нь би түрүүн хэлсэн. ҮБ-ын хороо шийдвэрээ гаргаж Дотоод сонгуулийн хороог татан буулгаж шинээр байгуулсан. Тэгэхээр бид одоо хууль дээдлэх юмуу, эсвэл хэн нэгэн хүний үгийг дээдлэх юм уу. Үндсэн хуульд “Бүх шатны төрийн байгууллага төрийн албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана. Хуулиас гадуур дур зоргоороо авирлахыг хориглоно” гээд заасан байгаа. Дүрмийн бус, хууль бус өөрсдийн дур зоргоор авирладаг хүмүүсийг хэвлэл мэдээллийнхэн, сошиалынхан дэвэргэж байна. Энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа явж байна гэж харж байна.

Та яагаад тэдгээр хүмүүсийг ил хэлдэггүй юм бэ. Таныг харлуулах зүйл их хийж байгаа харагдах юм?

-Би нэг л зарчимтай хүн. Би 26-хан настай байхдаа улс төрд орж ирсэн, одоо 58 настай. Энэ намыг үүсгэн байгуулснаас хойш 32 жил намынхаа төлөө ажиллаж байна. Энэ хугацаанд нэг л зарчим барьж ирсэн. Би хэзээ ч намын дотоод асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гоншгонож элдэв ярихыг хүсэхгүй байна. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Тиймээс дотоод зөрчил маргааныг дотооддоо шийд, хадгал. Хэрэлдэх гэж байгаа бол дотооддоо хэрэлд. Би ҮБХ, бүх шатны намын хуралдааны үеэр дарга, цэрэг хэнтэй ч бай маргалдаж, өөрийн байр суурийг хамгаалж үг хэлдэг. Уур хүрсэн зарим үедээ янз бүрийн бүдүүлэг үг хэллээ гэж шүүмжлүүлэх нь ч бий. Гэхдээ би заалнаас гараад нам болон нөхдийнхөө эсрэг зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ар хударгаар нь элдэв юм хийж явж үзээгүй. Гэтэл эдгээр хүмүүс намайг “хагалан бутаргагч” л гэнэ. “МАН болон Сү.Батболдтой хуйвалдсан” л гэнэ. Би Сү.Батболдтой хуйвалдах нь битгий дотно найзалж нөхөрлөж яваагүй. Гурван удаа нэг парламентад хамт байсны хувьд мэндийн зөрүүтэй л явдаг. Өнөөдөр над руу дайрч байгаа энэ зүйлүүдийн эсрэг айсандаа дуугүй яваад байгаа юм биш. Хэлэх үггүйдээ ч дуугүй байгаа юм биш. Намынхаа дотоод асуудлыг дэвэргээд яахав гэдэг үүднээс хэсэг чимээгүй харсан төдий.

Чухал сонгуулийн өмнө тэр хүн яагаад намаа муухай харагдуулаад байгаа юм бэ. Цаад шалтгаан нь юу вэ. Хувийн асуудлаар ингэж хандана гэхээр хэт явцуу харагдаад байх юм. Эсвэл та намаасаа дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн юм уу?

-Ний нуугүй хэлэхэд, хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалтай хүнд би гай болж байсан юм байхгүй. Өөрийн тань асуултад хариулахад Ерөнхийлөгчтэй би хувь, хувьсгалын ямар нэгэн тэмцэл, маргаан байхгүй. Булаацалдсан зүйл бид хоёрт бүр ч байхгүй. Мэдээж бодлого, тактик дээр зөрчилдсөн зүйл байгаа. Хариуцлагатай сонгуулийн өмнө би олон юм яримааргүй байна. Цаг нь болоод шаардлагатай гэж үзвэл ярих зүйл бий.

Өнөөдөр хэн нэгнийг дэвшүүлэх тухай асуудал би яриагүй. АН-ын 200-гаад мянган гишүүний хэн нь ч аль ч шатны төрийн болон намын сонгуульд нэр дэвших эрхтэй. Хэн ч түүнийг хориглож чадахгүй. АН бол нээлттэй нам. Гэтэл хэн нэгнийг сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд бусдын эрхийг хааж болохгүй. Жишээ нь, Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, хэн нэгэн эрх мэдэлтнийг ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгуульд шууд нэр дэвшүүлэхийг энэ хүмүүс санаархсан. Би тэрийг л эсэргүүцсэн. Хүний заяагдмал эрх гэдэг шиг ардчилсан Монгол Улсын иргэний заяагдмал эрх юу юм бэ. Төрийн аль ч шатны сонгуульд сонгох, сонгогдох эрх. Үүнийг хэн ч хориглож, хааж боож болохгүй. Хуулиар хориглоогүй л бол иргэнд бүх эрх нээлттэй байх ёстой. Энэ зарчмыг л ярьсан. Үүнийхээ төлөө есөн шидээр хэлүүлээд сууж байна. Түүнээс тэрийг дэвшүүлнэ, энийг дэвшүүлнэ гэсэн зүйл ерөөсөө яриагүй шүү дээ. АН-ын даргын хувьд нэг л зүйл ярьж байгаа. Дүрэм журам, хуулиа барья л гэсэн. Өөрөөр хэлбэл, намын үндсэн дүрэм, Улс төрийн намын тухай хуульд юу гэж заасан байна. Тэрийгээ барья. Хууль журмын хүрээнд АН нээлттэй байя л гэж байгаа юм.

Намын дотоод зөрчилдөөн танай намыг нийгэмд илүү муухай харагдуулж байна. Танай намд итгэх ард түмний итгэл улам унтрах вий гэдгээс болгоомжилж байна уу?

-Би эсрэгээр нь харж байна. Олон нийт АН-д их хүлээлттэй байгаа. Үүнийг ингэж буруу дүгнэж болохгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлоор АН-ыг хагаралтай мэт харагдуулахыг хүсч байгаа боловч АН ирээдүйд Монгол Улсад ардчиллын тулгуур үнэт зүйлийг хадгалах цор ганц хүчин нь гэдгийг ард түмэн ойлгож байгаа. Тиймээс ч АН-аас гарах дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ, АН-ын бодлого шийдвэр юу байх вэ гэдэг зүйлийг анхааралтай, хүлээлттэй ажиглаж байгаа. Тэгэхээр АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудалд маш хариуцлагатай хандах ёстой. Бид нийгмийн хүлээлтэд нийцсэн шийд-вэрийг гаргаж чадвал ард түмэн АН-ыг дэмжиж, Ардчилсан Ерөнхийлөгчийг дахиад сонгоно. Нийгмийн хандлага өөрөө тийм байна. Өнөөдөр эрх баригчдыг хар л даа. Хэдэн удаа үнэмлэхүй олонх болов. 1992 онд парламентын анхны сонгууль болсон. Тэгэхэд МАН 71 суудал авч байсан. 2000 онд 72, 2016 онд 65, 2020 онд 62 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Долоон удаагийн парламентын сонгуулийн дөрөвт нь өнөөгийн эрх баригчид үнэмлэхүй олон-хын суудлыг эзэлсэн. Юу өөрчлөв, юу өөрчлөгдөв. Юу гэх гээд байна гэхээр улс төрийн хүчний тэнцвэртэй харьцаа, ардчиллын дархлаа, ардчиллыг хамгаалах гэсэн олон түмний хүсэл сонирхол байна. Жишээ нь, дэлхийн улс орнууд ардчилал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг өдөр ирэх тусам хүмүүс ойлгож эхэлж байна. Мьянмарт юу болж байна. Тэр олон мянган иргэд эрх чөлөөнийхөө төлөө яаж тэмцэж байна. 19-хөн настай эрх чөлөөний төлөө амь насаа хүртэл зориуллаа шүү дээ. Эрх чөлөөг алдахад ердөө минутын л хугацаа ордог. Олоход хэдэн зуун жилийн тэмцэл өрнөдөг. Жишээ нь, монголчууд тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж авах гэж сүүлийн 300 гаруй жил тэмцэж байж 1989, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд олж авлаа шүү дээ. Анх удаа жинхэнэ утгаар нь тусгаар тогтнолоо олж авсан. 220-иод жилд нь Манжид, сүүлийн 100-гаад жил нь коммунизм Оросын дарлалд байлаа. Ардчилал эрх чөлөөгөө олж авсан түүх ердөө 30-аадхан жил болж байна шүү дээ. Ингэж олж авсан эрх чөлөөгөө хэн нэгэнд тавиад туучих юм уу. Зүгээр май гээд өгчих юм уу. Ийм эмгэнэлт түүх маш ойрхон байна. Сүүлд нь хэлэхэд өнөөдөр АН-ын нэр хүнд унаагүй. 2020 оны сонгуулиар 200 гаруй мянган хүний саналаар бид ялагдсан. Ямар ч тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн эрх баригчтай бодитой өрсөлдөх гол хүчин бол АН. Тиймээс АН-аас ямар шийдвэр гарах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Гэхдээ надад хэлж болох, болохгүй үг байгаа учраас одоохондоо үгээ залгия. Учир нь нэгдүгээрт, сонгууль зарлагдаагүй байна. Хоёрдугаарт, намын зохих шатны эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна. Хэдийгээр намын дарга ч гэлээ ийм цаг үед дур мэдэн байр суурь илэрхийлэх боломж алга. Тэр дундаа чухал сонгуультай холбоотой асуудлаар.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *