Categories
мэдээ эдийн-засаг

С.Дэмбэрэл “Bank of China”-гийн талаар байр сууриа илэрхийлжээ

БНХАУ-ын томоохон банк болох “Bank of China”-ийн салбар Монгол Улсад нээгдэхэд дэмжиж оролцож байгаа гишүүдийн дунд нэр нь багтсан С.Дэмбэрэл гишүүн хэвлэлд байр сууриа илэрхийлээ.  Тэрээр “Хуулийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч гадаадын банкны салбар нээх эсэхийг шийдвэрлэдэг.  Одоогоор Монголд салбараа байгуулах гэсэн аливаа улсын банк алга гэсэн тайлбарыг Монголбанк өгсөн. Гадаадын банкны салбар байгуулагдахдаа Монгол Улсын хуулиар тодорхой шалгууртай. Тодруулбал, дэлхийн 100 банкны нэгт орох, рейтингээрээ олон улсын зэрэглэлтэй байх зэрэг хуулиар тогтоосон шалгууртай. Би болон бүх намын төлөөлөл багтсан гишүүд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Зоригт гишүүн ажиллаж байна.  “Bank of China” гэх мэт гадаадын банкны талаархи мэдээлэл ажлын хэсгийн ярилцлагын явцад гарч байсан. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг яаж нэг оронтой тоонд барих, хүүг бууруулахын тулд банкуудын дунд өрсөлдөөн өрнүүлэх боломж байна уу гэдэг талаар ажлын хэсэг ярилцаж байсан. Ажлын хэсэгт бүх намын төлөөллөөс бүрдсэн гишүүд байхад яагаад цөөхөн хэдэн хүний нэр яриад байна вэ гэдэг нь цаанаасаа зорилготой юм болов уу гэж харж байна. Ер нь бол ажлын хэсгийн гишүүд нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Тодруулбал, гадаадын банкны салбар нээх нь хуулиараа нээлттэй байгаа ч 2016 оноос хойш ярих асуудал байна гэсэн байр суурьтай байгаа” хэмээн ярьжээ. Тус ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ямар боломжууд байгааг судалж байгаа гэнэ. Тэд   төр өөрөө зээлийн хүүг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Төрийн өмчит бүх байгууллагууд арилжааны банкуудад байгуулсан дансанд байршуулахын тулд  хүү авч байгаа аж.  Энэ хүүг авахаа боливол арилжааны банкуудын зардал багасах боломжтой юм байна.