Categories
мэдээ нийгэм

С.Даваапүрэв: Лам хүн бизнес хийж болохгүй, бурхны шашинд эд хөрөнгийг түр зуурын хуурмаг зүйл гэж номлодог

Эрдэмтэн, түүхч, гүн ухаантан, бурхны шашны томоохон зүтгэлтнүүдийн нэг Зава Дамдины хойд дүр гэгддэг Зава Дамдин ренбүүчи буюу Д.Осгонбаяр ламтан ZD нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ. Тэрээр Дундговь аймагт байх Чойрын хийдийн хамба. Тиймдээ ч лам, бурхны шашны багш хүн бизнес хийх ёсгүй, баян тансгийг сурталчилж, эд хөрөнгөнд шуналаа хэмээн түүнийг буруутгах хүн цөөнгүй байна. Үүнээс гадна лам нар эд хөрөнгөнд шунадаг, сүсэгтэн олны өргөл хандиваар бизнес эрхэлдэг, архи ууж зохисгүй үйлдэл гаргах байдал ажиглагддаг. Тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдох зэрэг ёсзүйн том алдаа дутагдал гаргах тохиолдол мэр, сэр ажиглагдсаар байгаа. Тиймээс лам хүн гэж хэнийг хэлэх, энгийн хүнээс юугаараа ялгарах, ямар байх ёстой, лам хүний хийж болох, болохгүй үйл, ёсзүйн талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэвтэй ярилцлаа.


-Лам гэж ямар хүнийг хэлэх вэ. Лам хүний баримтлах ёстой зүйл, энгийн хүнээс ялгарах онцлог, зарчим зэрэг нь ямар байх ёстой юм бол?

-Бурхны шашинд гурван зүйлийг эрхэмлэдэг. Нэгдүгээрт, төгс гэгээрсэн эрдэм бүгдийг төгсгөж, бурхныг шүтэх, хоёрт нь, хамаг амьтны тусын тулд бурхны сургаал болсон номыг шүтэх, гуравдугаарт, бурхны хутгийг олсон ламыг шүтэх. Хамгийн гол нь амьтанг хорлохгүй, бусдад хоргүй байх ёстой. Аливаа шашинг шинжихдээ тэр шашинг гаргасан эзэн буюу үндэслэсэн багшийг нь шинждэг. Бурхан багш гэм бүгдийг тэвчиж байж сайн эрдмийг олдог. Ийм зүйлийг дуурайж байгаа бурхан болох алсын зорилгыг тавьсан бодгалыг лам гээд байгаа юм. Лам хүн маш олон зүйлээр бусдаас ялгардаг. Энгийн хүмүүс гэр бүлийнхэн зэрэг хамгийн дотнын хүмүүсийнхээ төлөө бусдыг гомдоох явдал байдаг бол лам хүн ийм зүйл байх ёсгүй гэж үздэг. Лам хүн бол хамаг амьтны тусын тулд байх ёстой. Тэгэхээр түүний явдал мөр, үзсэн ном, бусдад тусалж байгаа үйлдлээр нь лам гэж ойлгож болно.

-Лам хүнд байх ёсгүй үйлдэл гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Лам хүний эрдэм, ёсзүйг өөртөө бүрдүүлсэн байна уу гэдгээр нь энэ хүн лам мөн үү гэдгийг танина. Гэхдээ алдаа гаргалаа гээд айхтар шийтгэх, залхаан цээрлүүлдэг зүйл байхгүй. Лам хүн үйлийн үрийг маш сайн ойлгож суралцсан байх ёстой. Хүн аливааг үйлдсэн л бол үйлийн үрийг нь амсдаг. Тиймээс шийтгэл үйлийн үрийн хуулиар ирэх ёстой. Мөн тухайн хийдийн дотоод журам, дүрэм гэж бий. Тиймээс алдаа дутагдал гаргасан ламыг бусдад ямар хор учруулсан, ямар нөлөө үзүүлсэн гэх зэргээр нь зохих шийтгэлийг нь оногдуулна.

-Сүүлийн үеийн лам нарыг эд хөрөнгө, үнэтэй эдлэлд дуртай, шуналын сэтгэлтэй, баяжих хүсэлтэй болсон. Сүсэгтэн олны өргөл хандиваар тансаглаж байна гэх шүүмжлэл нэлээд байдаг. Бусдын адил ийм байж болох уу, болохгүй юу?

-Эрдэм сайтай хүн уулын орой дээр байсан ч талх өөрөө өнхрөөд ирнэ гэдэг. Лам хүн далай мэт эрдмийг сурна гэж үг бий. Мөн их бага арван эрдмийг сурсан хүн хожмоо “Бандида” гэж үнэлэгдэнэ. Энэ мэт лам хүний эзэмших ёстой эрдмүүдийг сураад ирэхээр бусдын зовлонг нимгэлж чадах ачтай, буянтай хүн болно. Ийм хүнд хүн юугаа ч хамаагүй өргөдөг. Одоогийнхоор ойлгоход машин техник, алт сувд гээд тэр хүн өөрт байгаа нандин гэж ойлгож буй бүхнээ өргөнө. Тиймээс энэ утгаар тэр ламд маш их зүйл цугласан байж болно. Харин лам нэрээр сүрдүүлэн далайлгаж эд хөрөнгө авдаг тохиолдол бурхны шашны түүхэнд гарч байсан. Хүний сүжиг бишрэлийг далимдуулж өөрийн шуналын муу хүслээ гүйцэлдүүлэх зүйл гарч байсан гэж ойлгож болно. Хойшдоо ч ийм зүйл гарах л байх. Мөн эсрэгээрээ сайн лам ч гарна, муу лам ч гарах л байх. Сайн муу гэдгийг сүсэгтэн олон үнэлнэ.

-Заавал их өргөл барьц өгч байж бурхны ном сайн үйлчилнэ гэх зүйл байхгүй биз дээ. Өргөл барьц өгөх нь ямар учиртай юм?

-Тухайн ламыг бурхан мэт үзэж ирж байхад зовлонгоос нь нимгэлж, жаргалаас нь хагацуулахгүй юмсан гэж өргөлийг хүлээж авбал тэр өргөл сайн болно. Хүлээж авч байгаа хүнд ч сайн. Өгч байгаа хүн нь үнэн сэтгэлээсээ өгч байгаа бол түүнд ч сайн. Харин нэр алдар эдэд шунасан, хөрөнгө хураах, сайхан гоё харагдах юмсан гэдэг байдлаар өргөл авбал нүгэл болно. Өргөлийн хэмжээ их бага нь ямар ч хамаагүй байдаг. Цаад хүн үнэн сэтгэлээсээ алгын чинээ даавуу өргөсөн ч хүнд өргөл болдог. Их хэмжээний алт өргөсөн байлаа гэхэд цаад хүн нь тухайн ламыг сорьсон, туршсан, өөрийнхөө эд хөрөнгийг гайхуулах байдлаар болон тэр ламыг өөрийнхөө далласан газар ил гарч, далайсан газар нь далд ордог хүн байлгах гэсэн санаагаар өргөсөн бол шимгүй, нүгэл болно. Лам хүн тухайн авсан өргөл барьцаар л гол зогоох ёстой. Монголчууд номд маш сүжигтэй байсан учраас дэлхийд номыг дээдэлдэг онцгой үндэстэн болж үлдсэн. Аливаа зүйл, өргөлийг хүндлэл байна гэж үзэх юм бол тэр ламаас муу юм гарахгүй, өөртөө ч хураагаад байхгүй. Өөрт нь илүү бол бусдад өгчихдөг лам ч олон бий. Өргөлийг тэр дор нь ядарсан шавьдаа өгнө, эсвэл дээжээс нь аваад хүнд нь буцаагаад өгөх үе ч бий. Харин лам гэх нэртэй, хувцастай олон лам нарын нэр хүндийг унагадаг ёсзүйгүй хүмүүс ч бий.

-Хүмүүс зөндөө л ламаар явлаа, ном уншууллаа нэмэр болдоггүй ээ гэхийг сонсч байлаа. Энэ нь өөрийнх нь итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй холбоотой юу?

-Энэ нь номыг хэрэгцээ гэж үзсэнээс болоод байгаа юм. Хэрэв сүжиглэх юм бол лам хүний дүрийг харах төдийд, бурхны дүрийг харах төдийд, номонд мөргөх төдийд л аливаа ажил бүтнэ гээд байгаа шүү дээ. Цаанаа далай их нүглийг хураачихаад, наанаа дуслынх нь төдий буян үйлдчихээд тэр буянаараа зовлонгоо арилгана гэвэл эрүүл ухаанд ч буухгүй шүү дээ. Мөн ном уншуулах нь мөнгө төлөөд талх худалдаж авахаас огт өөр зүйл. Тухайн хүний итгэл үнэмшил, сүжигтэй холбоотой.

-Сүсэгтэн олны итгэл үнэмшил, өргөл барьц зэргээр лам нар өдий зэрэгт хүрч яваа. Тэгвэл ард олондоо эргүүлээд тэд юуг өгч чадах юм бэ гэдэгт та ямар хариулт хэлэх вэ?

-Бурхан багш шиг хамаг амьтны тусыг, хойд насандаа зовохгүй байх аргыг зовлонгийн шалтгааны тайллыг гаргасан зүйл өөр байхгүй. Үүнийг бурхны шашны номыг судалсны дараа л ойлгох боломжтой. Амьтны тусыг үйлдсэн олон хүн байна. Их хаадын үед, Хүннү гүрний болон бага хаадын үед ч сонгогдсон оюун санааны маш том зүйл бол бурхны шашин юм. Бурхны шашнаар явснаар маш олон соёлыг бий болгосон. Хүнд өвчин тусаад, өөрийгөө үхнэ гэдгийг мэдэж буй хүн бурхны шашинг ойлгочихсон бол асар өөр байдаг. Үхлийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь сэтгэлийн маш том хичээл. Мөнх насалсан хүн гэж байхгүй ч хүмүүс үхнэ гэдгээ барагтай бол хүлээн зөвшөөрдөггүй. Бид аливаа зүйлд өнгөц ханддаг учир асар их алддаг. Өөрөөр хэлбэл, зовлон учирсан тохиолдолд асар их сэтгэлийн тэнхээгээр, юм үзсэн хүн шиг туулж чаддаггүй. Тэгэхээр буддын шашнаас суралцах их зүйл байсныг монголчууд мэдэж, зэвсэг барин тэмцдэг зүйл амарлингуй болсон. Улс төрийн энэ тогтворгүй үед асар тайван хүлээцтэй, хүлцэнгүй байгаа нь буддын шашны үлгэр жишээ. Мөн монгол айл гэрээ цоожилдоггүй ёс заншил хөдөөгийн айлуудад хэвээрээ байна. Эзгүйд нь аянчин ирээд хоол хийж идээд явсан байхад гэрийн эзэн уурладаггүй, харин ч өлсөж, ядарсан хүн хоол идээд явж хэмээн баярлана. Ийм зан заншил үнэт зүйл дэлхийд хаана ч байхгүй. Энэ нь буддын шашны оруулсан их гавьяа болов уу гэж би ойлгодог.

-Гэгээрэлд хүрсэн лам нар хэр байдаг юм бэ?

-Бурхан багшийн номлосон ном үнэн юм уу гэдгийг нотолсон нотолгоо нь гэгээрэл. Бурхан багш та нар миний номыг сонсоод сонссон номынхоо тухай бодоод, яг миний заасан номоор явбал гэгээрэлд хүрнэ гэдэг. Гэгээрлийг үзүүлсэн бодгалууд бий.

-Дундговийн хийдийн хамба Д.Осгонбаяр гуай гэгээрэлд хүрсэн гэгддэг юм билээ. Гэхдээ тэрээр саяхан үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн байна. Лам хүн арилжаа наймаа хийж болдог юм уу?

-Сүүлийн үед хэвлэлээр дэлгүүр нээсэн тухай мэдээлэл гарсан байна лээ. Ер нь лам хүн ямагт бизнесийн зорилгыг агуулж болдоггүй. Ертөнцийн бүх явдалд л нуруугаа харуулах ёстой гээд байгаа шүү дээ. Энгийн хүмүүс бол сайхан амьдралыг эдийн засгаар ойлгоод, аз жаргалыг эд хөрөнгө гэж ойлгодог. Харин бурхны номд эд хөрөнгө баян тансгийг түрхэн зуур үзэгдэх хуурмаг зүйл гэж олонтаа номлодог. Тэр байдлаас бол хувь хүн өөрийнхөө төлөө ашгийн зүйл нээх нь буруу. Гэхдээ өнөөгийн нийгэмд аливаа зүйл хөрөнгөгүйгээр босдоггүй. Жишээлбэл, Ажаа гэгээний нээсэн эмнэлэг санхүү мөнгөн дээр тулгуурлаж боссон. Гэхдээ Ажаа гэгээн бизнес хийгээгүй. Бизнес хийдэг хүмүүсийг уриалж бусдын тусын тулд эмнэлэг босгосон байдаг. Үүнтэй адил тухайн борлуулж байгаа зүйл нь бусдын сайн, сайхны төлөө зарцуулагддаг бол хориотой зүйл биш юм. Тэгэхээр зорилго нь чухал юм даа.

-Д.Осгонбаяр гуай ямар зорилготой дэлгүүр нээсэн юм бол. Бусдын сайн сайхны төлөө юм болов уу?

-Мэдэхгүй, дэлгүүрийнх нь тухай Д.Осгонбаяр буюу Зава Дамдин гэдэг хүнээс асуух нь зөв байх.

-Д.Осгонбаяр Зава Дамдины хойд дүр гэдэг юм билээ. Зава Дамдин нь ямар хүн байсан юм бол. Өмнөх дүр нь арилжаа наймаа хийдэг панзчин хүн байсан юм болов уу. Учир нь үнэт эдлэлийн дэлгүүрээ Зава Дамдины товчлол буюу ZD гэж нэрлэсэн юм билээ?

-Зава Дамдин гэдэг бол алдартай лам байсан. Монголд олон янзын эрдэмтэй лам нар байсан. Зава Дамдин лам түүхийг маш сайн мэддэг, түүхч гэдгээрээ их алдаршсан хүн. Мэдээж бурхан шашны гол сургалт болсон чойрын сургалтыг дуусгасан. Түүндээ мэргэшсэн хүн байсан. Тэгээд Чойрын нэг засаг захиргаа байсан газар Дэлгэрэхийн Чойр гэж хийдээ нээсэн байдаг. Сүүлийн үеийн эрдэмтдийн нэг.

-Д.Осгонбаяр лам бизнес хийх ёсгүй байвч энэ нь ашгийн байж таараад ёсзүйн алдаа гаргалаа гэхэд танай хийдээс хариуцлага тооцох үндэслэл бий юү?

-Байхгүй. Яагаад гэхээр сүм хийдүүд бусад хийдийнхээ үйл ажиллагаанд оролцохгүй гээд хуульд заачихсан. Өөрийнхөө асуудлыг тухайн хийд өөрөө дотооддоо шийднэ. Бусад сүм хийдүүдийг нээх хаах, лам нарыг томилох буцаан татах, гэм шийтгэлийг нь өгөх гэсэн эрхийг хязгаарласан. Өөрийн хийдийнхээ дотоод журмаараа шийтгэнэ. Лам хүн архи уугаад гудамжинд хэвтлээ гэхэд манай хийдийн лам биш бол бид яаж ч чадахгүй. Тиймээс лам нарын нэр хүндийг гутаасан лам нэртэй хүмүүс олон болоод байгаа.

-Гандантэгчинлэн хийдийн орлого хаашаа ордог вэ, хэрхэн зарцуулдаг юм гэх асуулт бас байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Гандангийн уншлага хамаг амьтны төлөө байдаг. Нийтээр хурал хурж хамаг амьтны сайн сайхны төлөө залбирах залбирал байдаг. Тухайн хүний эрүүл мэнд болохгүй, ажил хийхээр саад учраад, хийморь доройтсон бол ламыг бурхан мэт үзэж ирдэг байсан. Одоо ч энэ байдал хэвээр. 2500-гаад жилийн өмнөх хүний асуудал одоогийнхтой яг ижил байдаг. Бурхан багш хүний амьдралд тохиолддог зовлон гуниг, элдэв асуудалд тохируулан ном гаргасан байдаг. Энэ ном эрдэм нь багшаас шавьд увдисаар дамжсаар ирсэн. Үүгээр мөнгө олдог нь үнэн. Гэхдээ төрөөс ямар ч татаас байхгүй. Лам нарыг татварын мөнгөөр цалинждаг гэсэн буруу ойлголт байдаг. Тийм зүйл хэзээ ч байгаагүй. Харин бид төрдөө татвараа тогтмол компани шиг төлдөг. Гэхдээ хийдийг Олон нийтийн байгууллага гэдэг утгаар ашгийн бус байхыг шаарддаг. Бид орлогоо дулаан, гэрэл цахилгааны зардал, зуугаад ажилчны цалин болон 400-гаад ламыг цалинжуулдаг. Дээр нь урсгал зардал, өргөл хандивт зарцуулдаг. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх хариуцлагаа ухамсарлаад хийсэн буяны ажлууд олон бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *