УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.
-Та Өвөрхангай аймгаас сонгогдон Их хурлын гишүүн боллоо. Ирэх дөрвөн жилд ямар бодлого барьж ажиллая гэж бодож байгаа вэ. Таныг өмнө нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбарт олон жил ажилласан гэдэг утгаараа тухайн салбартаа түлхүү анхаарах болов уу гэж бодож байна?
-Энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-нд илүүтэй итгэл хүлээлгэн 65 суудал өглөө. Тиймээс ирэх дөрвөн жил хариуцлагатай ажиллах үүрэг бас ирлээ. Иргэдийн ийм өндөр итгэлд бид хариуцлагатай ажиллаж л хариу барих ёстой. Бид сонгуулийн үед сонгогчдод амлаж байсан болоод өмнөх парламентын үед сөрөг хүчин байхдаа ярьж, хийж байсан үг үйлдэл хоёр зөрж болохгүй гэдэг зарчим барьж ажиллана. Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулна. Нийгэм, эдийн засгийн байдал ямархуу байгааг үнэн зөвөөр нь мэдээлэх хэрэгтэй. Үүнийгээ тодорхой болгочихоод бид цаашид ямар хөрсөн дээр ажлын гараагаа эхэлж байна вэ гэдгээ зөв оношилж иргэдэд тайлагнах ёстой. Тэгж байж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох юм.
Миний хувьд нийгмийн хамгааллын салбарт сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Би нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажилд анхаарал тавин ажиллах болно. МАН-ын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэр утгаараа мөрийн хөтөлбөрт багтсан нийгмийн хамгааллын чиглэлийн заалтуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Ялангуяа малчид болон хувиараа аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалтай болгохтой холбоотой асуудал, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, оюутны сургалтын төлбөрийг эцэг, эхэд нь санхүүгийн дарамт учруулахгүйгээр шийдэх, малчдыг тогтмол орлоготой болгох гээд олон зорилтууд бий. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарал хандуулна.
Мөн УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад зарим асуудлыг хууль эрхзүйн орчин тал дээр нь боловсронгуй болгоод явах ажлуудыг эхлүүлсэн. Хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх, ээжүүд төрүүлж өсгөсөн хүүхдүүдийнхээ тоогоор нийгмийн даатгал төлсөн жилийг нэмэгдүүлэх, байгалийн хатуу ширүүн нөхцөлд улаан гараараа тэмцдэг малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй байна. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс нийт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 50 орчим хувийг эзэлдэг. Тэгсэн хэрнээ тэдний 15 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тиймээс малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн нийгмийн даатгалыг нэг удаа төлөх гээд хууль эрхзүйн тал дээр хоёр хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар эдгээр хуулийн төслүүд дээр саналаа өгчихвөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр судалж танилцуулахыг үүрэг болгосон байна лээ. Өмнөх Засгийн газрын үед бол хэрэв тэтгэврийн зээлийн хүү буурчихвал аав, ээжийнхээ тэтгэврийн зээлийг авах хүүхдүүдийнх нь тоо улам нэмэгдэнэ гэдэг утгаар нь бууруулах нь тийм ч зохистой биш гэж байсан. Тэтгэврийн зээлийн хүү буурах боломж бий юу?
-Ер нь ахмадууд тэтгэврийн зээл авахгүй амьдрах нөхцөл боломжийг нь бий болгох нь чухал. Өнөөдөр манай ахмадууд өөрсдөө гоёж гоодож, өдөрт хэд хэдэн удаа хоол идэхийн тулд тэтгэврийн зээл авдаггүй. Төрөөс үйлчилгээ авсныхаа дүнд иргэдээс гардаг зардлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал, оюутны сургалтын төлбөр байна. Манай ахмадууд үхтэл үр харам гэгчээр үр хүүхдээ өсгөж бойжуулахын зэрэгцээ хүүхдийнхээ хүүхдийн төлөө санаа зовж суудаг. Энэ бол нүүдэлчин монголчуудад л байдаг чанар. Ахмадууд маань ач, зээ нарынхаа сургалтын төлбөрийг төлөхийн тулд, амьдрал ахуйг нь аятайхан байлгахын тулд ихэнх нь зээл авч байгаа. Өнөөдөр нийт ахмадуудын 80 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Шулуухан хэлэхэд тэтгэврийн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй. Эдийн засгийн маш оновчтой бодлого явуулж байж бууруулах ёстой. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас өмнө тэтгэврээрээ амьдралаа хэвийн аваад явдаг хэмжээнд хүргэх нь чухал. Тэгэхээр тэр хэмжээнд хүргэхийн тулд тэтгэврийг нэмэх шаардлагатай. Тэтгэвэр нэмэгдүүлчихвэл манай ахмадуудын зээл авах хэрэгцээ багасна. Нөгөө талаасаа төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө иргэний халааснаас гардаг зардлыг дорвитой бууруулах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлдөг тэр хураамж нь маш өндөр байна. Иргэдийн халааснаас гардаг зардлыг бууруулах арга хэмжээ авч чадвал тэтгэврийн зээл авах хандлага буурна.
-Яг ямар замаар бууруулах боломж байгаа вэ?
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж Нийгмийн даатгалын санг Засгийн газар арвижуулж байдаг. Харамсалтай нь Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулахдаа цөөн хэдэн арилжааны банкуудад давуу эрх олгоод нөгөө банкууд нь улсын хэмжээгээр тэтгэврийн зээл тавьдаггүй арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг өмнөх Засгийн газар байршуулчихсан юм билээ. Үүнийг Засгийн газар богино хугацаанд авч үзээд улсын хэмжээгээр Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг тавьдаг сүлжээтэй арилжааны банкинд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулдаг болгох асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой. Ингэж чадвал арилжааны банкинд байршуулдаг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах тохиролцоог тус банктайгаа хийж тэр хэмжээгээр арилжааны банк нь Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Өмнөх Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа 12-13 хувийн хүүтэй байршуулчихаад арилжааны банкууд нь ахмадуудад тэтгэврийн зээл олгохдоо 16-18 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгоод байгаа юм.
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хүүг бууруулах юм бол Нийгмийн даатгалын сангийн арвижиж байх ёстой мөнгөний хэмжээ буурах байх даа?
-Нийгмийн даатгалын сангийн арвижиж өсөн нэмэгдэж байх ёстой мөнгө буурах сөрөг талтай. Гэхдээ ахмадуудынхаа төлөө үүнийг хийж хэрэгжүүлэх л ёстой.
-Өнөөдрийн нөхцөлд эдийн засаг амаргүй байгаа хэдий ч МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гээд тусгачихсан. Ирэх жилээс бондын эргэн төлөлт эхэлнэ. Цалин, тэтгэвэр нэмэх боломж бий юу?
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна гэдэгтэй санал нэг байгаа. Бидний гарааны нөхцөл ямар байгаа вэ гэдэг нэг зүйлийг л Засгийн газрын гишүүддээ хэлж байгаа. Миний хувьд зарим статистик үзүүлэлтүүдэд эргэлздэг. Ялангуяа сүүлийн хагас жилд Үндэсний статистикийн газрын хараат бус байдлыг алдагдуулаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон. Тиймээс зарим статистик тоо эргэлзээтэй. Өмнөх эрх баригчид инфляцийн түвшинг бууруулсан гээд байсан. Эрх баригчид үнэхээр эдийн засгийн оновчтой бодлого явуулсны дүнд инфляци буурсан уу эсвэл иргэд орлогогүй болоод худалдан авах чадвар нь буурч, бүсээ чангалж байж захиргааны аргаар инфляци буурсан уу гэдэг бодит дүгнэлтийг бид гаргах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд иргэдийн орлого маш ихээр буурч ажилгүйдэл газар авч байна. Өмнөх Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ганцхан удаа найман хувиар цалин нэмсэн байдаг. Ийм хэмжээнд цалин нэмсэн үед орлого нэмэгдэж чадаагүй. Өмнөх эрх баригчдын хэлээд байсан ядуурал буурсан гээд байгаа нь эргэлзээтэй. Үнэхээр ядуурал буурсан уу, түвшинг тооцдог аргачлалыг нь өөрчилж ядуурлын түвшинг бууруулчихсан уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмдэг болгох ёстой. Ямар нам засаг барьж байгаа болон ямар хүн сайд хийж байгаагаас үл хамаараад цалин, тэтгэвэр нэмэгддэг хууль эрхзүйн орчныг бий болгох цаг болсон.
Нөгөө талаасаа цалин нэмнэ гэдэг бол нийт ажиллагсдын 15 хувийн асуудлыг л яриад байгаа юм. Манайд хөдөлмөрлөж буй нийт хүмүүсийн хувиараа аж ахуй эрхэлж буй хүмүүс нь орхигддог. Төрийн албанд ажиллаж байгаа 15 хувийн асуудлыг яриад цаана нь үлдэж буй 1.1 сая хүн буюу 85 хувийн асуудлыг мөн давхар шийддэг байх юм уу гэдгийг авч үзэх ёстой. 85 хувийнх нь ажлын байрыг яаж хадгалж үлдэх вэ, орлогыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бол Засгийн газрын толгойны өвчин байх ёстой юм л даа.
-Энэ бүгдийг шийдээд явах ямар гарц байгаа бол?
-Асуудал байгаа гэдэг нь маргаангүй үнэн. Гэхдээ асуудлаас гарах хувилбарыг бид олох ёстой. Зөвхөн цалин нэмнэ гэхэд л төрийн албан хаагчдын цалинг ярьж болохгүй. Иргэдийг зөвхөн орлоготой болгоно гэдэг нь цалин нэмнэ гэсэн үг биш. Магадгүй бид татварын бодлогодоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж гэмээнэ орлого өндөртэй байгаа нь ахиу татвар төлдөг, орлого багатай нь бага татвар төлдөг татварын шатлалтай бодлого чухал. Тэгж байж л хүн амын олонх нь ядуу, ядуувтар биш дундаж болон чинээлэг давхарга руу орох бодлого явуулах шаардлагатай. Цалин, тэтгэвэр нэмснээр асуудал шийдэгдэхгүй. Өөр ямар асуудал байна тэр бүхнийг бодох нь чухал.
-Цалин, тэтгэвэр нэмэх гэхээр л өнөө хэцүүдсэн эдийн засагт дарамт учирна. Манай орны хувьд уул уурхайгаас хараат ганц тулгуурт эдийн засагтай. Эдийн засгаа солонгоруулна гээд байгаа ч үнэндээ үр дүн алга. Үүнд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ. Үнэгүйдээд л хаягдаж байгаа арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд ажлууд байх шиг байна?
-Хөдөө явж байхад хөдөөгийн иргэд орлогогүй болсон байна лээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард хонины нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг байсан бол сонгуулийн үеэр 200 төгрөг болсон байсан. Зардал гаргаж сумын төв рүү хүргэж өгч байхаар зардал багатайгаар нь аргалаа бүтээхээс өөр аргагүй байна гэсэн малчид их таарсан.
Эдийн засаг дээр бид хоёр зүйлийг анхаарах ёстой. Уул уурхай яахав өвөг дээдсээс бидэнд үлдээсэн байгалийн баялаг юм. Бүх байгалийн баялгаа бидний үед ашиглана гэж дайрах нь буруу. Тодорхой хэдэн ордыг нь бидний үед ашиглаад үлдсэнийг нь хойч үедээ үлдээх нь зөв. Байгалийн баялаг гэдэг бол нөхөн сэргээгддэггүй. Нөгөө талдаа ажиллах хүч шингээх боломжгүй байдаг. Бид тодорхой ордыг ашиглахдаа нөөц нь шавхагдсан үед түүнээс дутахааргүй орлоготой болох бодлого явуулах ёстой юм билээ. Тэгж гэмээнэ бид бусад орнуудын жишгээр зөв голдрилоор нь явуулна.
Бидний хувьд байнга нөхөн сэргээгдэж байдаг уул уурхайгаас дутахааргүй баялаг бүтээдэг хөдөө аж ахуйн салбараа дэмжих цаг иржээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо өндөр өртөг шингэсэн хөнгөн үйлдвэрийг бид бүсчлэн ойрын хугацаанд олноор нь барьж байгуулах хэрэгтэй. Ингэж гэмээнэ малчид тогтмол орлоготой болно. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас сэргийлдэг тусгай сан байгуулах шаардлагатай. Түүхий эдийн үнэ унаад малчид орлогогүй болж байгаа бол тэр тусгай сангаас нөхөн олговор олгодог зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй.