Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай байгаа талаар ярина

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр нэмэхээр болсон байна. Сар шинийн өмнө ахмадуудад таатай мэт боловч 27 мянгаар нэмсэн гээд чамлаад байх шиг байна л даа?

-Засгийн газраас 2018 оны улсын төсвийг Их хурлаар батлуулахдаа эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүргэх, үр шимийг монголчууд хүртэх ёстой гэдэг байр суурийг баримтлан төсвийн төслийг боловсруулсан. Шууд утгаараа энэ оны төсөв иргэдийн нийгмийн хамгаалал руу хандсан төсөв болсон. Үүний нэг жишээ нь Нийгмийн даатгалын сангаас болон Халамжийн сангаас олгож буй тэтгэврийг 136 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг энэ оны төсөвт тусган шийдвэрлүүлсэн. Өнөөдөр (өнгөрөгч баасан гариг) хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас болон Халамжийн сангаас олгож буй тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Нийгмийн даатгалын сангаас 393 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 380 мянган төгрөг байгаа бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 250 мянган төгрөг байгаа. Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

-Энэ нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн үү?

-Сүүлийн жилүүдийн инфляцийн түвшин, эдийн засгийн хямралд орлого их, бага олдог бүхий л иргэд нэрвэгдэж байгаа. Тиймээс амьжиргааны түвшинг дээшлүүлэх үүднээс тэтгэврийг их, бага гэж ялгалгүй ижил түвшинд нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ. Мөн Ахмад настны тухай хуулиар Хаврын тэргүүн сар буюу сар шинийн баярын өмнө 65-аас дээш насны ахмадууддаа Насны хишиг тэтгэмжийг олгоно.

Бид хоёрдугаар сарын 15-ны дотор Насны хишиг тэтгэмжийг олгож дуусах юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилт орсон. Нэгдүгээр сарын эхээр Монголбанк, Төрийн банк, Хаан банкны удирдлагуудтай уулзаж дээрх хоёр банкнаас тэтгэврийн зээл авсан хүмүүсийн зээлийн хүүг бууруулах, нөхцлийг нь сайжруулах чиглэлд хамтран ажилласан.

-Гэхдээ өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гарчихаад байсан биз дээ?

-Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргаад байсан. Жилийн 15 хувийн хүүтэй, зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийг олгодог байсан юм. Үүнийг бид өөрчилж, жилийн 15 хувийн хүүг нь 12 хувь болгож, хугацаа нь зургаан сар байсныг 12 сар болгож нэмэгдүүлсэн. Мөн тэтгэврийн нөхцөлийг өөрчилж байгаа.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Ахмадууд тэтгэврээ барьцаалан зээл аваад эргэн төлөхдөө 100 хувь үндсэндээ зээлэндээ төлдөг байсан. Тиймээс тэтгэврийн 70 хувийг нь зээл төлөхөд зарцуулж, 30 хувийг нь тухайн ахмад настан сарынхаа амьжиргааг залгуулахад нь зарцуулж байх ёстой гэж үзсэн. Үндсэндээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулсан гэж үзэж байгаа.

Мөн Халамжийн сангаас авч буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Халамжийн сангаас олгож байсан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 155 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. Хоёрдугаар сарын нэгнээс нэмэгдсэн тэтгэвэр, тэтгэмжийг олгож эхэлнэ.

-Тэтгэвэр яахав бага ч гэсэн нэмэгдлээ. Цалин нэмэгдэх үү. Шатахууны үнэ нэмэгдсэн гээд үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ л дээ. Харин өнөө цалин л бахь байдагтаа байх юм?

-ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2017-2018 онд цалин нэмэхгүй гээд өмнөх Засгийн газар хэлэлцээ байгуулчихсан юм билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. 2014 оноос хойш үндсэндээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд инфляци ч багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа ОУВС-тай хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломж үгүй ч гэсэн орлогыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Төсвийн тодотголоор 54 тэрбум төгрөг тусгаж төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаад 2017 онд олгосон. Харин 2018 оны төсөвт 56 тэрбум төгрөг туссан. Үүгээр төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоно.

-Удахгүй ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ирэх юм билээ. Ажлын хэсгийн уулзалтын үеэр татвар, цалин нэмэх асуудлуудаа эргэж харах санал хүргүүлэх үү?

-Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн үнэлгээний баг манайд ажиллана. Энэ үеэр нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газар хэлэлцээрт оруулахаар ажиллаж байна. Үүний эхэнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай байгаа талаар ярина. Бид эхний ээлжинд бэлтгэл ажлаа базааж байгаа.

-Цалингийн асуудал орох юм байна. Татварын асуудлуудыг хэлэлцэх үү. Ялангуяа хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэн нь бухимдал дагуулж байгааг та анзаарсан л байлгүй дээ?

-Хувь хүний орлогын албан татвар нэг шатлалтай байсныг дөрвөн шатлалтай болгосон. Би хувь гишүүн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд Хувь хүний орлогын албан татварыг орлогоос хамаарсан шатлалтай болгох нь зүйтэй гэсэн байр суурь байдаг. Монгол Улсад ядуурлын түвшин өндөр, нийгмийн цөөн хэсэгт орлого төвлөрөх үйл явц маш хурдацтай явагдаж байна. Ийм нөхцөлд хүн амын олонх нь ядуу биш, хүн амын олонх нь дундаж давхаргатан болохын тулд зайлшгүй орлогоос хамаарсан шатлалтай татварын бодлого явуулах ёстой гэж үздэг. Өмнөх Засгийн газрын боловсруулж Их хурлаар батлуулсан Хувь хүний орлогын албан татварын хууль хэрэгжиж эхлэх гэж байхад иргэдийн дунд татвар нэмсэн гэх бухимдлууд бий. Бидний зүгээс татварын босгыг эргэж харж болох юм гэсэн байр суурьтай байгаа. 1.5-аас дээш цалинтай хүмүүст хамаарах уу гурван саяас дээш цалин хүнд хамаатуулах уу гээд босгыг нэмэгдүүлэх асуудлыг нэмж болно гэж бодож байна.

Иргэдийн дунд ойлголтын зөрүүтэй асуудлууд байх шиг байна лээ. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн бүрээс 20 хувийн татвар авахгүй. Одоогийн хуулиар 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай хүн бүр 10 хувийн татвар төлнө, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 20 хувийн татвар төлнө. Гэхдээ 1.5 сая төгрөг хүртэлх цалингаас нь 10 хувийн татвараа авч, 1.5 сая төгрөгөөс дээш гарсан орлогоос нь 20 хувийн татвар авах юм. Мэдээлэл сайн өгөөгүй болохоор ийм мэдээллийн ойлголтын зөрүү байх шиг байна. Ажлын хэсэг гараад энэ талаар судалгаа хийж байгаа. Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрт ороход гарын авлага болохуйц материалыг бид бэлдэж өгнө.

-Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д ажлын айлчлал хийсэн. Та айлчлалын багийн бүрэлдэхүүнд явчихаад ирсэн. Айлчлалын үеэр танай салбартай холбоотой ямар асуудлыг шийдсэн бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд яваад ирсэн. Энэ үеэр миний хувьд салбарын сайдын шугамаар хоёр албан бичигт гарын үсэг зурлаа. Нэгдүгээрт, ажиллах хүч илгээх, хүлээн авах хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээр дуусгавар болоод байсан тул БНСУ-д цаашид ажиллах хүч илгээх нь зүйтэй гэж үзэн хэлэлцээрийн хугацааг сунган бичиг баримтад гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, хоёр орны Хөдөлмөрийн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн айлчлал нэлээд үр дүнтэй болсон гэж бодож байна. Миний хувьд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзахад хоёр орны хөдөлмөрийн салбарт харилцан хамтран ажиллах чиглэлээр ажиллах хүч илгээх асуудлыг шинэ шатанд гаргах чиглэлээр ойлголцолд хүрсэн.

Бидний зүгээс ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэхийг хүсэхэд БНСУ-ын тал Монголоос ажиллах хүч авах квотыг нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсад 1700 ажиллах хүч авах квот өгсөн. Манайхан нэлээд шахаж ажилласны үр дүнд 70 хувьтай гарсан. 1700 хүн илгээхээс 1300 орчим хүн ажиллах хүч болгон илгээсэн гэсэн үг. Бид цаашид квотын хэмжээгээ нэмэгдүүлэх, квотоо ашиглах тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн.

Хоёр орны Хөдөлмөрийн яамд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн яам Монгол Улсын дотоодын хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2.8 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсон.

-Энэ төслийн ач холбогдол нь юу вэ?

-Монголын хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой цахим хөдөлмөрийн санг бий болгох юм. Ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлнэ. Ажил хайж буй залуус гар утаснаасаа мэдээллийн сан руу нэвтэрч, ажил олгогч болон ажлын байрны талаарх мэдээллийг авч, судлах боломжийг нээж өгнө. Өөрийн мэргэжил, туршлагатай ажлын байранд саналаа өгөх, өөрийгөө урьдчилан бэлдэх давуу талтай болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *