Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Буяндэлгэр: Дээд шүүхээс Ардчилсан намын асуудалд шийдвэр гаргахгүй хойш тавих нөхцөл байхгүй

– УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ШИЙДВЭРЛЭХГҮЙ ХОЙШОО ТАВИАД БАЙХ ЮМ БОЛ ШҮҮХЭД ЯМАР НЭГ НӨЛӨӨЛӨЛ БАЙНА ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО –

Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэртэй ярилцлаа.


-Хоёр хуваагдаад байгаа Ардчилсан намынхан Эвлэрлийн их хурлаа хийхээр тохиролцоонд хүрсэн байсан. Гэтэл яг ямар шалтгаанаар энэ шийдвэрээсээ буцчихсан юм бол. Ардчилсан намын дотор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ?

-Эхлээд хоёулаа асуудлаа хүмүүсийн хайрцаглачихсан, жаазлачихсан, хуваачихсан тэр зургаар биш ерөнхий том зургаар нь харъя.Энэ үүднээс харах юм бол Ардчилсан намд дотоод маргаан байгаагаас нам хуваагдсан зүйл байхгүй. Мөн шийдвэрээсээ буцаад байгаа зүйл ч байхгүй. Их хурлаа хуралдуулсан уу хуралдуулсан, асуудлаа шийдвэрлэсэн үү шийдвэрлэсэн. Асуудлыг бүр сууриар нь авч үзэх юм бол, манай улсын бүх иргэд буюу хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй боловсролтой, боловсролгүй гээд л бүхий л иргэдийн дундын гэрээ, үндсэн бичиг баримт Монгол Улсын Үндсэн хууль мөн биз.

Тэгвэл, Монгол Улсын иргэний Улс төрийн эрхийг Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлггийн, 16.10 дахь хэсэг дээр “Нийгмийн болон өөрийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний үзэл бодол нь баруун төвийн буюу Ардчилсан намын үзэл баримтлалтай давхцаж байгаа бол манай намын гишүүнээр элсээд намын нэрийн өмнөөс дотоод болоод төрийн сонгуульд оролцон сонгох, сонгогдох эрхээ эдлэх бүрэн боломжтой. Хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хуулийн Гуравдугаар бүлэг, 13 дугаар зүйлд “намын байгууллага” гэсэн зүйл заалт бий. Уг зүйлийн нэг дэх хэсэгт, намын удирдах дээд байгууллага нь намын их хурал байхыг зааж өгсөн. Мөн 13.2-т Намын их хурал дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй гээд маш тодорхой заагаад өгчихсөн. Энэ нь, намын нэрийг өөрчлөх, бүр намын үйл ажиллагааг ч зогсоох хүртэл эрхтэй талаар заасан заалт л даа. Үүнээс нэг логик харагдана. Монгол Улсад амьдарч байгаа иргэд өөрийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж нам байгуулсан бол тухайн намын хамгийн дээд эрх барих байгууллага нь намын их хурал байх юм байна. Хэн нэгэн хувь хүн, дарга биш юм байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө дарга гэж нэрлэж, цоллож байгаа хүмүүс биш, намын их хурал нь эрх барих дээд байгууллага гэдэг нь хуулиараа харагдаж байна аа даа.

Ингэхээр намын Их хурлыг уриалсан хүмүүс хойшоо сууна уу, оролцоно уу гэдгээс үл хамаараад хуралдаад шийдвэрээ гаргачихсан бол тэр шийдвэр эцсийнх юм.

-Ардчилсан намын их хурлаар шийдвэрлэсэн асуудлууд та бүхний маргаанд цэг тавих хэмжээний чадамжтай юу?

-Намын Их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулснаар Их хурлын үйл ажиллагаа хүчин төгөлдөр болж эхэлдэг. Хаана ч ийм л дэгтэй байдаг. Яг энэ мөчөөс намын Их хурал ямар ч том даргыг авч хаях эсвэл гаргаж ирэх эрхтэй болчихдог.Үндсэн хуульд, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, сонгуулиар саналаа өгч төрөө байгуулж байгаа тэр үйл явц чинь төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байгааг харуулж байгаа үйл явц. Үүнтэй агаар нэг буюу асуудлын мөн чанар нь намын гишүүд, анхан дунд шат нь хаана байна, тэнд асуудлаа шийдвэрлэх эрх хэмжээ нь байна гэсэн үг. Намын Их хурал бүрэн эрхтэйгээр хуралдаад эхэлсэн бол асуудлаа шийдвэрлэх эрхтэй байх нь байна. Тухайлбал, хувь хүн Ардчилсан намын гишүүн Буяндэлгэр өөрийгөө дарга гэж зарлаад, хэрүүл, маргаан өдүүлээд яваад байж болно. Энэ бол яг үнэндээ 1000 дахь асуудал буюу хэн юу ярьснаар, зарласнаар асуудал шийдэгдэхгүй. Албан ёсны байгууллага ямар шийдвэр гаргаснаар асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр хууль, дүрэмд заасан зүйл, заалт ийм байхад ямар нэг цаасны болон тамганы булан олж авчихаад нам хуваагдлаа гээд яриад байх нь зохимжтой бус. Монгол Улсын 330 сум 172 хороо, 21 аймаг, есөн дүүргээс сонгогдох болон томилогдох замаар Их хурлын албан ёсны төлөөлөгч болсон тэр төлөөлөгчид Ардчилсан намын онц их хуралдаа хүрэлцэн ирж, Монгол Улсын газрын зураг дээр 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын Ардчилсан намын тамгыг дарлаа. Энэ бол Монголын нийт ард түмэнд “Ардчилсан намын гишүүд, дэмжигчид чинь энд байна шүү” гэдгээ баталгаажуулж, зарлан тунхаглаж, эрх хэмжээгээ харуулж байгаа нэг хэлбэр. Их хурлаар гаргасан шийдвэртэй маргах хүн үгүй байх.

-Ардчилсан намын дотоод маргаан юунаас болж, хэзээнээс эхлэлтэй гэж та харж байна. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдал хүлээснээс эхлэлтэй юм уу. Эсвэл түүнээс ч өмнө ужгирчихсан байсан асуудал уу?

-Намын хагаралтай холбоотой асуудал дээр хэн нэгэн хүний нэрийг цоллон буруутгахаас илүү ямар асуудал бидэнд тулгарсныг харъя л даа. Та санаж байгаа бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Дээд шүүхийн шүүгч нарыг томилох эрх мэдлийг шууд авчрах асуудал яригдаж байсан. Энэ үйл явц манай намаас сонгогдсон хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед болсон асуудал. Тухайн үед манай намын залуучууд “Энэ манай намын үзэл баримтлалд нийцэхгүй. Засаглал хуваах онолоороо ч тэр, засаглалын тэнцвэр талаасаа ч тэр Шүүх эрх мэдлийг шууд ҮАБЗдээр авчирч болохгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлэн Төрийн ордны гадаа жагсаж байсан. Энэ үед одоо хуваагдчихсан, хагарчихсан гээд байгаа залуучууд бид нартай нэг үзэл санаатай байсан. Үүнээс харах юм бол Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг Үзэл баримтлалын хуваагдал гэж лав үзэх боломжгүй. Аливаа асуудлыг нэг өдөр өрнөсөн үйл явцаар юм уу, нэг долоо хоногийн хугацаагаар тасалбар болгож харах нь төөрөгдөлд оруулах нь элбэг. Асуудлыг ямар хугацаанд, ямар зарчмаар, ямар шалгуураар харахаас их зүйл шалтгаалдаг. Тэгэхээр хэн нэгнийг шууд нэр заан буруутгахаас илүү асуудлыг аль хүрээнд авч үзээд, яаж шийдэх ёстой юм бэ гэдгээ л харах нь зүйтэй болов уу. Улс төрийн орчин гэдэг өөрөө улстөрчдөөс л бүрддэг. Улс төр мөнгөнөөс хараат болчихлоо, улс төр хэвлэл мэдээллээс л бүрэн хараат юм байна гэх зэргээр ярьдаг хүмүүсийг асуудлыг арай өнгөцхөн хараад байна уу даа гэж боддог. Улстөрч хүн болгонд замнал байдаг. Тухайн замналаа яаж эхлүүлээд, яаж өрнүүлээд, яаж төгсгөх нь тухайн улстөрчийн өөрийнх нь эрдэм, мэдлэг, чадвар, туршлага, боловсролын асуудал. Бас төрөлхийн өгөгдлийн асуудал байдаг. Улс төрийг улстөрчид л шийддэг. Үеийн үед ийм байсаар л ирсэн, цаашдаа ч ийм байна. Хүн бүрийг нэг хэвэнд цутгачихаагүй учраас зөрчил үүсч болно. Хамгийн гол нь зөрчил ямар хүрээнд хаа хүрч шийдэгдэх ёстой гэдэг нь л зарчмын асуудал. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын дүрмийг аваад үзэхээр яалт ч үгүй их хурлаараа гишүүд нь юу гэж шийднэ, төлөөлөгчид юу гэж шийднэ, түүгээр л болно гээд заачихсан байна. Түүнээс хэн нэгэн дарга гарч ирээд, би өөрийнхөө хойд дүрийг тодруулна гээд, түүхийн тавцанд аль хэдэн зууны өмнө ялагдчихсан хаант засаглал шиг зүйл яриад байж болохгүй шүү дээ.Тэгэхээр одоо асуудлын шийдэл нь тодорхой болчихсон гэж ойлгож болно.

-Улсын дээд шүүхэд Ардчилсан намын албан ёсны бүртгэл, тамга тэмдэгний асуудлаар хүсэлт хүргүүллээ. Улсын дээд шүүхийн гаргах шийдвэрээс олон зүйл хамаарах байх?

-Дээд шүүх дээр “Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах”-тай холбоотой бичиг баримт, хүсэлт хүргүүлсэн. Дээд шүүх дээрх асуудал бол намын бүртгэлийн асуудал. Ардчилсан нам үйл ажиллагаагаа явуулдагаараа л явуулна. Явуулах ч ёстой. Учир нь дээр дурдсанчилан Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 172 хорооноос төлөөлөгчид ирсэн. Төлөөлөгчид үүрээсээ сонгогдохын тулд хамгийн багадаа 100-200 иргэнээс сонгогддог. Тэгэхээр ардчилсан намын үйл ажиллагаа аль нэг байгууллага, хувь хүнээс үл хамаарч явдгаараа явна.

-Ардчилсан нам их хурлаас гаргасан шийдвэрийг Улсын дээд шүүх үгүйсгэх боломж бий юү?

-Таны асуугаад байгаа асуултанд нэг ийм санаа яваад байна аа даа. Яагаад өмнө нь Ардчилсан намын асуудал Дээд шүүх дээр батлагдахгүй, бүртгэл хийгдэхгүй байсан бэ гэдэг санаагаар асууж байна гэж ойлголоо. Юу гэхээр ковидын нөхцөл байдлын улмаас бид хөл хорионд орж, гэр орноосоо ч цухуйх эрхгүй үе байлаа шүү дээ. Ийм үед Их хурлаа хийж, эрх барих дээд байгууллагаараа асуудлаа хэлэлцэх гэхээр олон хүндрэл гарч байсан. Энэ сарын 5-ны өдөр шиг яг албан ёсны төлөөлөгчид, бүх бичиг баримтаа жин тан болгоод, хүрч ирээд шийдвэр гаргах асуудал хүнд байсан. Үүнтэй холбоотойгоор би дарга гэдэг юм уу, үгүй бол чи дарга гэдэг иймэрхүү асуудал үүссэн байж болно. Ардчилсан нам сая зохион байгуулсан намынхаа Их хурлаар О.Цогтгэрэлийг намын гишүүд биечлэн очиж, намын дотоод сонгуулийн албан ёсны саналын хуудсан дээр дугуйлан саналаа өгч сонгосон учраас албан ёсны дарга хэмээн хүлээн зөвшөөрч, даргаараа батламжилж байна гэдэг шийдвэр гаргасан. Монтескю-гийн “Засаглал хуваах онол”-оор буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал тухайн улсад бие даасан, харилцан хяналттай тэнцвэртэйгээр оршин байгаа нь Үндсэн Хуулиараа баталгаажсан л бол улс төрийн нам гэдэг төр байгуулдаг институт гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам гэдэг маань ардчилсан сонгуулийн зарчмаар хууль тогтоох байгууллага буюу УИХ-аа бүрдүүлдэг. УИХ-д олон суудал авч сонгогчдын олонхын итгэлийг хүлээсэн нам Засгийн газраа байгуулдаг шүү дээ. Энэ утгаар нь харах юм бол төр байгуулдаг институтийн асуудлыг Улсын дээд шүүх үнэн зөвөөр шийдвэрлэхгүй бол үүний цаана хэдэн зуун мянган хүний итгэл үнэмшил, улс төрийн эрхийн асуудал, цаандаж хүний эрхийн асуудал, Монголын улс төрийн орчны асуудал гээд суурь асуудлууд хөндөгдөх болно. Ардчилсан намын асуудлыг Улсын дээд шүүх шийдвэрлэхгүй хойшоо тавиад байх юм бол шүүхэд ямар нэг нөлөөлөл байна гэж үзэх үндэслэл болно. Өмнө нь манай намын дотоод нөхцөл байдлаас хамаараад янз бүрийн асуудал байсныг үгүйсгэхгүй. Одоо тасалбар болох ёстой. Ардчилсан намын Их хурлын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдож, томилогдож ирээд асуудлаа шийдчихлээ шүү. Тиймээс дээд шүүх дээр шийдвэр гаргахгүй хойшоо тавих нөхцөл байхгүй.

-Шүүхээс танай талын шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан тохиолдолд та бүхэн бодлогоо явуулж эхлэх үү?

-Одоо танай тал, манай тал гэж юм байхгүй ээ. Тал болж харагдуулах шаардлагатай, хүсэл сонирхолтой, хэрэгцээтэй хүмүүс байж болно. Ардчилсан намын нэрийг бариад, намтай холбоотой асуудал хэлэлцэж байгаа бол хэн ярьж, бичиж илэрхийлж байгаас үл хамааран энэ бол манай намын дотоод асуудал. Сая энэ асуудал дээр бид цэг тавьсан.Ардчилсан нам үйл ажиллагаа, бодлогоо хэрэгжүүлээд л явж байгаа.

-Цаашид С.Эрдэнэ, М.Тулгат нартай ойлголцолд хүрч хамтарч ажиллах сонирхол үнэхээр байгаа юм уу?

-Энэ талаар намын дарга Их хурал зохион байгуулагдахаас өмнө ч хэлж л байсан. Их хурлын индэр дээрээс ч хэлсэн. “Одоо энэ хаалгаар ороод ирвэл та бүхэнтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна шүү” гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар цаашаа түлхсэн хандлага бидэнд байхгүй. Бид өөрсөддөө бардаад нэг хэсэг нөхдөө түлхэх шаардлагагүй. Монгол Улсынхаа бүхий л асуудлыг судлаад, задлан шинжлээд, боловсруулаад, мөрийн хөтөлбөр болгоод, ирээдүйд эрх барьж Хууль тогтоох байгууллага болон Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх чадамжтай том намын хувьд бидэнд “Чи, би” гээд хөлөө жийлцээд байх шаардлага алга.

-Та бүхний ойлголцлын зөрүү нь тамга тэмдэгэндээ байгааюм уу. Эсвэл үзэл бодол, үнэт зүйл, зарчмын томоохон ялгаа бий болчихсон юм уу?

-С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байсан уу байсан.Сонгуульд удирдаж орсон уу. Орсон.Манай намын дүрэм дээр цагаан дээр хараар“…сонгуулийн үр дүнгээр намын удирдлага хариуцлага хүлээнэ…” гээд биччихсэн байдаг. Тэр дүрэм үйлчилж байгаа. Миний хэлж чадах зүйл юу вэ гэвэл С.Эрдэнэ гэдэг хүн Ардчилсан намын дарга байхдаа, Дээд шүүхийн шүүгчдийн асуудал дээр, хүний эрхийн тодорхой асуудлууд дээр, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт Монгол Улс элсэх, элсэхгүй асуудал дээр Ардчилсан намын үзэл баримтлалын дагуу гишүүдийн өмнөөс, албан ёсоор сонгогдсон лидерийнхээ үүргийг гүйцэтгээд зөв талд нь дуугарч байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр намыг сонгуульд толгойлж орсон албан ёсны лидерийн хувьд хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлагаа хүлээгээд л явж байгаа. Сүүлийн үед зарим нэг судлаачид, хэвлэл мэдээллийнхэн санаатай, санамсаргүйгээр Ардчилсан нам таван намын нэгдэл учраас үзэл баримтлалын хувьд ялгаа зааг гараад тэр нь илэрч байна гэх мэтээр ярьж, бичиж байгаа харагдана лээ. Ардчилсан нам хувь хүний заяагдмал эрхийг ямагт хамгаалсаар, бататгах алхамуудыг тасралтгүй хийсээр, парламентат ёсыг төгөлдөржүүлэх үйлсэд үргэлжид оролцсоор, чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд байнга дуугарсаар, ажилласаар л байх болно. Тэгэх ч ёстой.

-Ардчилсан намыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчингүй мэт байсан гэх шүүмжлэлийг иргэд хэлж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Сүүлийн хоёр ч сонгуулийн үр дүнгийн ар дээр ажиглагдаж байгаа зүйл нь Ардчилсан нам үхчихлээ, бараг устчихлаа гэх мэт яриа нэлээд гарна билээ. Аливаа бодит шүүмжлэлийг хүлээж авалгүй л яахав. Үүн дээр би хэдэн бодитой баримт хэлье. Монголын улстөрийн орчинд бодит чадамжтай нам гэвэл АН, МАН гэж хоёр л нам байгаа. Бусад намууд бодитойгоор,урт болон дунд хугацааны төрийн бодлого боловсруулаад, олонх болж сонгогдоод түүнийгээшийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлэх хүний нөөцийн чадамж болоод бүтцийн чадамжгүй. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрчихмөөр байгаа юм. Дахиад ийм намууд гарч ирэх ч боломжгүй. Зарим нэгэн улс төр судлаачид гуравдагч хүчин гарч ирээд Ардчилсан намын орон зайг эзлэх боломжтой мэтээр ярьдаг. Ийм үлгэр хаана ч байхгүй. Ямар ч боломжгүй. Учир нь Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Нэг нийслэл, есөн дүүрэг, 172 хороо, 21 аймаг, 330 суманд хуваагддаг засаг захиргааны нэгжтэй. Тэр бүрд хүрч ажиллах, үйл ажиллагаа явуулах чадамжтай, сонгогч нэг бүрд хүрч мөрийн хөтөлбөр, намын бодлогоо танилцуулах, саналыг нь авах, тусгах, эргээд шийдвэр гаргах түвшинд хүргэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чадамж хоёрхон намд л бий.

-ХҮН нам бид хоёрдогч томоохон нам боллоо гэж удаа дараа мэдэгдсэн. Ардчилсан намын байр суурь ганхчихсан юм биш үү?

-ХҮН сүүлийн хоёр сонгуулийн ард манайх хоёрдогч хүчин боллоо гэж дуугарсан. Би ойлгохдоо, ХҮН Ардчилсан намаас илүү гарчихлаа гэж хэлэх гээд оролдоод байгаа юм болов уу гэж санасан. Тийм ямар ч бололцоо байхгүй, ядаж нэг удаа Засгийн эрхийг барьж үзчихээд тийм юм ярих хэрэгтэй байна. Үгүй ядаж нэг аймагт засаглаж үзчихээд тийм зүйл ярих хэрэгтэй л дээ. Яг одоо Ардчилсан нам Монгол Улсын 21 аймгаас найман аймагт нь засаглаж байна. 330 сумаас 145-д нь засаглаж байна. Ардчилсан намаас сонгогдсон засаг дарга төрийн үйл хэргийг тэр 145 суманд удирдаж байна гэсэн үг. Ардчилсан нам улс төрийн хоёр дахь хүчин ч биш хоёр том хүчний нэг. Бодит байдал ийм л байна.

-Ардчилсан намыг шинэ залуу боловсон хүчин, шилдэг лидерийн дутагдалд орсон гэж харах ч иргэд бий.Боловсон хүчний бодлого дээрээ хэрхэн анхаарах вэ?

– Ардчилсан нам залуу шинэ лидерүүд, манлайлагчдаа нуучихсан байгаа. /инээв/ Намынхаа дотоод үйл ажиллагаа, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах үйл ажиллагаанд олон жил оролцсон, бэлтгэгдчихсэн чадалтай залуучууд хангалттай байгаа. Тухайлбал, Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд гэхэд “MarsV” гээд олон улсын хэмжээний төсөл санаачлаад хэрэгжүүлээд явж байна. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Шижир ямар чадалтай залуу вэгэдгийг бүгд л харлаа. Дотоодын болоод гадаадын шилдэг их дээд сургуулиудыг төгссөн, Монголдоо олон салбарт хангалттай хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан шилдэг залуучууд бидэнд бий. Энэ залуучуудаа гаргаад ирэхэд Монголын нийгэм Ардчилсан намд алга ташина гэдэгтби итгэлтэй байдаг. Тэр шинэ үеийн лидерүүдээ хэзээ яаж гаргаж ирж танилцуулах нь шинэ Генсекийн мэдэх асуудал болов уу.

-МАН Ардчилсан намаас амжилтаараа хол тасарчихлаа. Тэдний амжилтыг гүйцэхийн тулд ямар төлөвлөгөө боловсруулах вэ?

Сүүлийн хоёр УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олон суудал авсан. Гэхдээ үүн дээр Ардчилсан нам сандраад, санаа зовсон зүйл байхгүй. Учир нь бид нар бодитой тоог харж байгаа. МАН УИХ-ын 76 суудлын 62 суудлыг нийт сонгогчдын 90 гаруй хувийн саналаар авсан бол Ардчилсан намынхан сандрах ёстой. Гэтэл бодит тоог нь хараад би хувьдаа огт сандрахгүй байна. Учир нь МАН нийт сонгогчдын 40 орчим хувийн саналаар 90 орчим хувийн суудал авч ялаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөх арга зүйн асуудал гэсэн үг. Тиймээс манай нам сонгогчдын дэмжлэгийг авахаа байчихлаа гээд сандраад байгаа юм бол алга. Нөгөө талаас нь харах юм бол сүүлийн УИХ, Ерөнхийлөгчийн гээд хоёр ч сонгуулиудад МАН яллаа. Тэгэхээр Ардчилсан нам алдаа дутагдалдаа, ялагдалдаа дүгнэлт хийх ёстой. Цаашид сонгогчдын хүсэн хүлээж байгаа, хүлээн зөвшөөрөх нэр дэвшигчдийг, бодлогыг нь судлах ёстой, гаргаж ирж дэвшүүлэх ёстой, боловсруулах ёстой. Сонгуульд өрсөлдөх арга зүйдээ шинэчлэл хийх ёстой.

Асуудлыг бүр өргөн хүрээнд харах юм бол, сүүлийн 30 жилд Монголын улс төрийн орчинд Ардчилсан нам ямагт дэвшилтэт үзэл, шинэ санал санаачилга, сайн хандлагыг авчирч байсан. Хамгийн сүүлийн үеийн жишээ болгож хэлэхэд Ц.Мөнхцэцэг нарын гишүүд УИХ-д өргөн бариад явж байгаа Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал тэр чигээрээ шахуу 2016 онд Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хүрээнд яригдаж байсан үзэл, зарчмууд байна билээ. Энэ мэтчилэн үзэл баримтлалын түвшинд, бодлогын түвшинд, бодит хийж бүтээсэн ажлын түвшинд Ардчилсан нам үргэлж урагшаа давшсан, нийгмээ урагш чирсэн, Монголынхоо улс төрийн орчныг илүү сайн сайхан болгох гэсэн алхмуудыг хийж байдаг. Цаашид ч хийсээр байх болно. Тухайлбал, Ардчилсан нам Монголын улс төрийн тавцанд “бодлогын өрсөлдөөний соёл”-ыг оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ бол Монголын улс төрийг урагш огцом түлхэх хүч байх болно. Нийгмийн, иргэд сонгогчдын хүсээд байгаа хөгжлийн бодлого энэ соёлыг нэвтрүүлснээр бодитой болох юм.

-Шинээр томилогдсон удирдлагын багтаа хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?

-Сая хурлаар батламжлагдсан, томилогдсон дарга нарыг ийм тийм гэж дүгнэх нь хувь хүний дүгнэлт л болж хувирна.Үүнээс илүүтэйгээр Ардчислан намд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу, гишүүд биечлэн саналын хуудсан дээр дугуйлаад санал өгөөд мөн хурлаараа шийдвэрлээд гаргаад ирсэн удирдлагууд. Эдгээр удирдлагууд бодлогоо дөнгөж хэрэгжүүлж эхлэх гэж байна. Бодлого нь хэр оновчтой эсвэл алдаа дутагдалтай байхыг одоо хэлж мэдэхгүй. Би энэ багийн гишүүний хувьд дэвшүүлэх алсын хараа, баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажилд нь оюун бодлоо нэмэрлэж, гар бие оролцох болно. Ардчислан намын рейтингийг бодит тоон утгаар нэмэгдүүлээд явбал эсвэл нэмэгдүүлж чадахгүй бол тэр үед үр дүнг яриад шүүмжлэх нь илүү бодитой. Тиймээс гишүүд дэмжигчид, иргэд, сонгогчид дүнгээ тавьж, цаг хугацаа түүнийг нь харуулах болов уу гэж хариулах байна.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *